С.Баяр, В.Путин нарын ялалтын үнэ цэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

С.Баяр, В.Путин нарын ялалтын үнэ цэнэ

Оросын ард түмэн Төрийн Думын бүрэлдэхүүнийг та­ван жилийн хугацаатайгаар сонгох сонгуульд анх удаа оролцсон.  Тус улсад өн­гөрсөн ням гарагт сонгуулийн 96 мянган хэсэг ажиллажээ. Үүнээс гадна хилийн чинадад амьдарч буй оросуудын саналыг авах 369 хэсэг ажилласан. За, тэр сонгуулийн явц ч яах вэ. Эцсийн дүн гарсан. Одоо яриад байх зүйл үгүй. Хамгийн гол нь сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд, сонгогчдын  бухимдлыг дарж байгаа Оросын тэрхүү ме­ханизм  айдас төрүүлж бай­на. Яагаад гээч. Яагаад гэвэл 2008 онд болж байсан аймшигт хар өдрүүд санаанд ороод байх юм. Хэдийгээр ОХУ-д сонгуулийн дүнг эсэргүүцсэн 500 гаруй хүнийг баривчлаад байгаа ч 2008 онд Монголын төр эл үйл явдлаас ч хатуу шийтгэл ард түмэндээ амсуулсан. Таван хүний аминд хүрч, хэдэн арван хүнийг шоронд хийсэн. Тодруулбал, 2008 оны 9-11 дүгээр сард ихэнх дүүргийн шүүх хурлын танхим өдөрт 6-10 хүнийг долоодугаар сарын 1-нд болсон үймээнтэй холбогдуулан шүүж байв. Шүүгдэж байсан хүмүүсийн тоо ойролцоогоор 300 гаруй бай­даг. Ямар гээчийн ахан дүү­с ийм адилхан дэглэмтэй байдаг байна аа. ОХУ-ын Төрийн Думын сон­гуу­лийг “Шу­дар­га боллоо. Ард иргэд баяр­тай байна”  хэмээн ихэнх хэвлэл мэдээллийн хэ­рэгслээр цацаад л байна. Харин энэ удаагийн Төрийн Думын сонгуулийн дүнг эсэргүүцсэн 500 гаруй иргэнийг яаж чимээгүй дарж чадаж байна вэ. Том гүрэн том л “механизм”-тай байдаг байх. Манайд бол эсрэгээрээ. Бүх зүйл нүдний өмнө ил байхад улаан цайм “чичрээд” байдаг нь яг юуных вэ. Байдаг эд хөрөнгө, бүхнээ зориулан нэр дэвшээд “76”-д багтахгүй бол амьдрал нь сүйрэх нь тэр. Эртний нэг мэргэн үг санаанд орчихлоо “Оргилд гарсны дараа хэрхэн удаан оршин тогтнох нь гарснаасаа ч илүү хэцүү” гэдэг.

Монголын сонгууль ч дүүрч. В.Путин ирэх онд болох  Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэв­ших талаар албан ёсоор мэдэг­дэ­хэд түүнийг дэлхийн ихэнх хэв­лэл мэдээллийн хэрэгслээр “Ерөн­хийлөгчийн бүрэн эрхийн хуга­цааг уртасгаж, Орос орныг 12 жил дарангуйлах гэж байна” гэх утгатай зүйлс цацаж байсан. Хэрэв ирэх оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин ялалт байгуулах аваас тус намын хоёрдугаар хүн, одоогийн Ерөнхийлөгч Д.Медведев парламент дахь Нэгдсэн Орос намыг тэргүүлж, Засгийн газрын тэргүүнээр ажиллах нь ойлгомжтой. Харин манайд бол жаахан өөр.  Гэхдээ “Крупный экран”  нь адилхан ч юм шиг. Саяхан хууль, хяналтынхныг гартаа атгасан гэх Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж МАХН-ын тэргүүн Намбарын хүү Энхбаяртай “түр тар” хийгээд амжсан. Чухам зүгээр хоёр талд бие биенийхээ эд хөрөнгийн хэмжээг ийш тийш нь зарлаад л шилжилтийн насныхан хамаг нууцаа алдчихсан юм шиг сүйд болоод байсан. Одоо харин эр улс шиг шатрын дүрмээр ээлж дараалан нүүж эхэлж байна. Н.Энхбаярын журмын нөхөд байсан хүмүүс  намынхаа нэрийг  өөрчилж МАН болгосон. Энэ нь  Н.Энхбаярын том алганаас мултрах шилдэг арга ч байж болох талтай. Тэр ч бүү хэл үе, үеийн шилдэг нарийн бичиг нар нэг дор цугларав бололтой. Тэр болгоныг дурьдах нь илүүц биз.  Хувьтай Монголын иргэн дараа жилийн сонгууль будилаантуулдаг механизмаас мултарч чадах болов уу. Гай таарч ямар нэгэн байдлаар уг механизмд өртөнө дөө. Товчхондоо ирэх хаврын сонгуулийн талаар аймшигтай төсөөлөл толгойд бууж байна. Тойрог, тойрогт нэр дэвшигчдын дунд “хүйтэн дайн” болж, сонгогчид дунд нь толгой нь эргэн ямар ч байсан хэн нэгнийг дугуйлах л байх. За тэгээд, сонгуулийн эцсийн хариуг гаргах гэж СЕХ-оос  гал авалцах нь холгүй юм болно. Энэ бол яах аргагүй орос ахан дүүсийн сонгуулийн гажиг байх. Гэхдээ бид XXI зуунд амьдарч байгаагийн хувьд 1937 оны хэлмэгдүүлэлт, өөр нэгэн “Долоодугаар сарын 1”-нийг үзмээргүй л байна шүү.  Хэн ч хэлмэгдэхгүй, хэн ч ард иргэд рүү буу шагайхгүй, хэн ч эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэхгүй, хэн ч сонгуулийн дүнг эсэргүүцэж сонгогчдыг турхирахгүй мөн хэн ч үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронгийн хаалга татахгүй. Ардчилсан нийгэмд шударга сонгуулийг бид хүсэж байгаа нь тодорхой. Гагцхүү тэр сонгууль будлиантуулдаг ахан дүүсийн механизмын цаана хэзээ гарах бол. “Ирэх хавар нэр дэвшинэ” гэж бодож байгаа эрхэм түшээд төсөөлөөд нэг үз дээ. Ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж төлбөртэй материал тавиулахгүй, хүмүүсийн ар хударгаар элдэв зүйл хийхгүй, сонгуулийн санал будлиантуулах ямар ч нарийн аргагүй, зүгээр л үнэнч шударгаар өрсөлдөнө гээд. Ах нар ч яах вэ, том гүрэнтэй дэлхийн хэмжээний орон. Жижиг зүйлийг дарчихтайгаа байгаа биз. Харин манайд бол эсрэгээрээ гэдгийг эрхэм дарга нар мэддэггүй юм байх даа. Угаасаа сонгуулийн дүнг  будлиантуулах “сүлжээ” үүсчихсэн байгаа нь нууц биш. Үүний төлөө МАН-д талархал илэрхийлмээр ч юм шиг. Үгүй ээ, МАНАН-д ч юм уу. Бүр эцэст нь МАХН хэвээрээ үлдсэнд нь баярлаж явдгаа дахин дахин илэрхийлсэн ч яах вэ.

2008 оны зургаадугаар сарын 30-ны өдөр. Сонгуулийн Ерөнхий хо­роо сонгуулийн дүнг албан ёсоор зарлаагүй байтал МАН буюу тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр “Ма­най нам бараг л ялалт байгуулжээ” гэх утгатай мэ­дэгдэл хийж хурлын танхимд цуг­ласан олны алга ташилтад умбаж, шумбаж байсан удаа бий. Тэр өдөр МАХН хоёр ч удаа хэв­лэлийн хурал хийж, энэ тухай мэдээлсэн. Яг л Нэгдсэн Орос нам шиг. Өөрөөр хэлбэл, С.Баярын яаруу, сандруу мэдэгдэл ард­чиллыг дэмжигчдийн бухимдлыг тө­рүүлсэн юм. Үр дүнд нь тэд оройдоо Сүх­баатарын талбайд сонгуулийн үр дүнг эсэргүүцэж цуглараад тай­ван жагсаал хийгээд тарсан.

Энэ бүх байдлыг дуугүй харж суусан одоогийн Ерөнхийлөгч ту­хайн үед Ардчилсан намын дарга асан Ц.Элбэгдорж долоодугаар сарын 1-ний өдөр 12.00 цагт хэвлэлийн бага хурал зарласан. Тэрбээр хэвлэлийн хурлаа “Ард түмний саналыг мэс засал хийж өөрчилсөн эрх баригчдыг харахаас ой гутаж байна” хэмээн хэлж байв.

“Долоодугаар сарын 1”-ний жагсаал суулт зарлах тухай мэдэгдлээр эхэлсэн юм. Харин одоо УИХ-ын сон­гуулийн хууль ямар ч байдлаар батлагдсан иргэд шударга үнэн сонгуулийг л ирэх онд хүсэх нь ойлгомжтой.

Ямартай ч ОХУ-ын энэ удаагийн Төрийн Думын сонгуулийн дүр зураг ирэх хавар манайд болохгүй гэх баталгаа үгүй л болов уу. Зарим ахмад, буурлууд одоогийн улстөрчдийг “Орос ах нараас сайныг нь аваасай. Дандаа мууг нь дуурайж байх юм” гэсэн удаатай. Буурлыг үгийг нэг ч гэсэн удаа сонсоосой билээ, тэд.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж