-Хэдийгээр бид тун онцгүй шалтгаан нөхцөл, байдлын тохиолоор ярилцах болсон ч манай сонины “Ярилцах танхим”-ын урилгыг хүлээн авсанд баярлалаа. Таны эрүүл мэндийн байдал, сэтгэл санаа ямархуу байна вэ?
-Монгол хүн “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэг. Тиймээс “Сайн” л гэх үү дээ.
-Цагдаагийнханд таныг гэнэт баривчлахад та ямар үндэслэлээр баривчлагдагдаж байгаагаа мэдэж байсан уу?
-Намайг Мөрдөн байцаах газраас огт өөр хэргээр хохирогч гэж тогтоож, үе үе дуудаж, зарим асуултыг тавьж байсан. Тэр өдөр мөн л нөгөө асуудлаараа дуудахад нь би очсон. Гэтэл намайг огт өөр асуудлаар шалгах юм болоод явчихсан. Надад албан ёсоор урьдчилан мэдэгдэж дуудаагүй учир би “Албан ёсоор дуудвал ирье” гэж тэдэнд хэлсэн. Цагдаагийнхан намайг хүчээр чирсээр байгаад Р.Отгонжаргал мөрдөн байцаагчийн өрөөнд оруулаад “Байцаалт авна” гэсэн. Би өмгөөлөгчтэй хамт байцаалтад орно гэсэн дээ. Тэр үед надтай тийм юм болно гэж бодоогүй учир бэлэн өмгөөлөгч ч байгаагүй. Өмгөөлөгч олох гэж нэг хэсэг цаг хугацаа өнгөрсөн. Үндэслэл нь намайг оргон зайлах гэж байгаа хэмээн үзсэн гэсэн байх аа.
-Тэгээд оргон зайлах гэсэн хүн өөрөө цагдаа дуудахад гүйгээд очдог юм уу?
-Харин тийм. Би оргон зугтах гэж байсан бол юу гэж цагдаа дээр очих вэ дээ. Ер нь тэгж яривал Америкаас ч ирэхгүй байж болно шүү дээ. Тэгэхээр би, миний ах, хамт ажилладаг хүмүүс буруу зөрүү юм хийгээгүй гэж итгэж байгаа учир алс холын Америкаас Монгол руугаа яарч ирсэн. Жирийн иргэдтэй уулзахад сайхан хүлээж авч байгаа. Харин өндөр албан тушаалтнууд улс орныг маань өмчилчихсөн юм шиг л ааш араншин гаргах юм байна шүү дээ. Цагдаа нар намайг баривчлахдаа цүнхнээс минь хэд хоногийн өмнө онгоцны тийзийг олж авсан. Тэгээд “Гадагшаа оргон зайлахыг оролдсон учир саатуулна” гэснийг нь бодоход тэр хуучирсан тийзийг үндэслэл болгосон юм болов уу даа.
-Юу гэсэн үг вэ. Хэрэглээд хэрэггүй болсон онгоцны тийзийг үндэслэж, гадагшаа оргож болзошгүй гэж таамаглаж болох уу. Тэгвэл Монголд хэзээ нэгэн цагт онгоцоор гадагшаа явж байгаагүй хүн гэж байдаг юм уу. Ийм үндэслэлээр бүгдийг нь баривчлах нь байна шүү дээ?
-Харин тийм. Нэгэнт хэрэглэсэн онгоцны тийз харуулаад онгоцонд сууж гадагшаа оргох гээд байгаа мэтээр хардах нь утгагүй санагдсан биз. Сүүлд намайг дахин саатуулах үндэслэлээ гаргахдаа “Оршин суугаа хаяг нь тодорхойгүй” гэж нотлохыг оролдсон бололтой.
-Таны хаяг тодорхой биш гэсэн үг үү?
-Манайх бүл нэмэх гэж байгаа учраас би гадаадаас ирмэгцээ байраа томсгох санаатай хуучин байраа зарж, айлын хуучин, гэхдээ арай том байр худалдаж авсан юм. Харин хаягаа шилжүүлж амжаагүй байтал намайг барьж саатуулсан. Тэгсэн чинь хуучин хаяг дээрээ байхгүй, шинэ хаяг нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьж, саатуулах ажлыг сунгая гэж үзсэн юм шиг байна лээ.
-Энэ бүхэн үнэн бол өөрийг чинь зүгээр л үндэслэлтэй, үндэслэлгүй ямар ч байсан саатуулах гээд байгаа юм байна, тийм үү?
-Харин тийм л байх. Гэхдээ хууль, хүний эрхийг хэнбугай ч зөрчих ёсгүй шүү дээ. Би мэдүүлэг өгөхөөс зайлсхийгээгүй. Гэхдээ надад хилс хэрэг тулгах гэвэл зөвшөөрөхгүй. Ер нь намайг заавал шоронд суулгаж, чангалах гээд байгааг ойлгохгүй байна.
-Таны ах Б.Хуяг “Нэр бүхий хоёр байгууллагын хувьчлалтай холбоотой” гэгддэг. Эл хэргийн улмаас таныг баривчиллаа гэсэн ойлголт олон нийтэд төрөөд байгаа. Таны хувьд үүнээс өөр шалтгаанаар шалгуулах үндэслэл бий юү?
-Ахынх нь оронд дүүг нь баривчилж болохгүй. Хэдийгээр тэр хүн миний ах ч гэсэн гэр бүлтэй, тусдаа амьдралтай хүн. Ахын хийж байгаа ажлыг би сайн мэдэхгүй. Би өөрийнхөө ажлыг л хариуцна. Тэгээд ч миний ах буруу зөрүү юм хийж, хууль зөрчсөн гэж бодохгүй байгаа.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлийнхнийхээ тухай ярьж өгөөч?
-Өвөг дээдсээ яривал Ховдын Зэрэг сумынх. Харин аав, ээж хоёр маань Дарханд олон жил амьдарсан. Тэгэхээр би Дархан хотын хүн гэх үү дээ. Цаашдаа Монголын хүн, Монголдоо хэрэгтэй хүн болох санаатай зүтгэж байна. Өнөөгийн төрийн машин над шиг, миний ах шиг гэм зэмгүй залуучууд, тэдний зүтгэлийг “машиндах” гэж оролдож байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бидний үеийн хүмүүжил бол төр хүнээ дарах биш, харин хүн төрөө сонгох гэж ойлгодог. Төр, иргэн хоёр яг эрх тэгш. Ийм байхыг ардчилал гэдэг. Тусгаар тогтносон, ардчилсан Монголдоо эрх чөлөөтэй амьдаръя л гэж бодож байна. Би нэг ахтай. Банк, санхүүгийн мэргэжилтэй, бизнес эрхэлдэг. Бас нэг эмэгтэй дүүтэй. Аав, ээж хоёр маань биднийг өсгөж, хүмүүжүүлэх гэж нойр, хоолгүй зүтгэсэн хүмүүс. Сая саатуулагдахад минь тэд хамгийн их шаналсан. Ээж минь одоо надаас салахгүй “Хаана л очно, тэнд чинь цуг явна” гээд байгаа. Миний эхнэр олон улсын байгууллагад ажилладаг. Одоо давхар биетэй. Манайх нэг сахилгагүй бандитай. Хүү маань удахгүй дүүтэй болно доо. Ийм л нэг жирийн залуу гэр бүл.
-Таны гэргий бие давхар. Мэдээж хань чинь таныг энэ хэрэгт холбогдсонд их гайхаж хямарсан байх?
-Тэгэлгүй яахав. Бие, сэтгэл нь хямарсан учраас эмнэлэгт хэвтсэн.
-Үгүй, тэгээд ийм байхад хуулийнхан заавал хорьж, саатуулна гээд байдаг бас сонин юм?
-Харин тийм. Би цагдаа нарын ажилд ямар ч саад бэрхшээл учруулахгүй гэдгээ хангалттай тайлбарласан. Гэтэл хууль зөрчөөд хорьж саатуулна билээ. Хуулийнхан өөрсдөө хууль зөрчихөд хэн ч байсан барьц алдмаар юм байна лээ. Тэд өөрсдөө хууль зөрчөөд эхлэхэд шударга ёс бүрэн алдагдана шүү дээ.
-Таны цүнхнээс Н.Энхбаярын нууц төлөвлөгөөг олсон гэдэг. Түүнийг цагдаагийнхан өөрсдөө хууль зөрчиж, мөрдөн байцаалтын нууцыг задруулж хэвлэлийнхэнд өгсөн гэж таамаглаж байгаа. Тийм төлөвлөгөө ер нь байсан уу?
-Нуугаад байх юу байхав. Байсан. Хүмүүсийн саналыг авч нэгтгэж, төлөвлөгөө боловсруулж байсан ухаантай юм. Гэтэл цагдаагийнхан намайг хууль бусаар баривчилсныхаа дараа миний цүнхэнд байсан тэр төлөвлөгөөг хурааж аваад дараа нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлүүлсэн. Энэ бол мөрдөн байцаах ажлын нууцыг задруулсан, хууль зөрчсөн ажиллагаа мөн тул би нэгэнт цагдаа нарын ил болгосон юмыг хэлж байна.
-Та цагдаа нар задруулсан гэж итгэлтэй хэлж байна. Нотолж чадах уу?
-Тэр задарсан хувь дээр та нар анзаарсан бол “зсхх” гэсэн үсэгнүүд байгаа. Уг нь миний гараараа тэмдэглэснийг тэд задруулж хэвлүүлэхдээ шивүүлсэн юм шиг байгаа юм. Өөр хэнд ч тийм “зсхх” үсэгтэй хувь байгаагүй. Гэхдээ тэр төлөвлөгөөнд хууль зөрчсөн нэг ч заалт байхгүй. Харин ч нээлттэй ажиллая гэсэн байгаа.
-Наадах чинь чухал баримт байна. Гэхдээ цагдаа нар өөрсдөө задлаагүй болох гээд гараар бичсэн “зсхх” үсгүүдийг арилгачихвал яана?
-Тэгвэл бас л хууль зөрчинө шүү дээ. Эд мөрийн баримтыг устгаж байна гэсэн үг.
-Аав, ээж тань таныг баривчлагдсан шалтгааны талаар ямар ойлголттой байгаа бол?
-Аав, ээж хоёр хамгийн их санаа зовж байгаа. Мэдээж би “Ах, бид хоёр хэрэг хийгээгүй” гэж хэлсэн. Тэд Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй ойр ажиллаж байсан учир тэгж хэлмэгдэж байна гэж ойлгож байгаа.
-Ахынхаа тухай бидэнд дэлгэрэнгүй ярьж өгөөч. Энэ хэрэгт ямар сэжмээр холбоотой вэ?
-Манай ах жирийн бизнес эрхэлдэг хөдөлмөрч залуу бий. Тэр хууль зөрчиж, эд хөрөнгө идэж, шамшигдуулах хүмүүжилтэй хүн биш гэдгийг итгэлтэй хэлэх байна даа.
-Одоо таны ах Б.Хуяг хаана юу хийдэг вэ. Таныг өмнөөс нь баривчлагдсаныг мэдсэн үү?
-Намайг Америкт сурч байхад гадагшаа сургуульд сурахаар явсан байна билээ. Залуу байгаа дээрээ хэл ус, мэдлэг боловсролоо дээшлүүлье гэж бодсон байх.
-Та Н.Энхбаяр даргатай анх яаж танилцаж, ямар сэжмээр холбогдсон бэ?
-Анх МАХН-д ажиллаж байгаад танилцсан. Түрүүчийнх нь туслах Эрдэнэбаатар гэж залуу байсан. Эрдэнэбаатар гадагшаа сургууль соёл хөөцөлдөж явсан. Оронд нь би Н.Энхбаяр даргын туслахаар ажиллах болсон.
-АНУ-д суралцаж байгаад буцаж ирээд заавал түүнтэй хамтарч ажиллах зайлшгүй шалтгаан танд байсан уу?
-Ер нь би амьдралыг байнга суралцах үйл явц гэж ойлгодог. Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс суралцах юм их бий. Архи уухгүй, тамхи татахгүй, худлаа хэлэхгүй, их юм уншина, бодож эргэцүүлнэ. Спортоор хичээллэнэ. Хамт ажиллахад их юм сурна шүү дээ.
-Шулуухан асуухад та даргаасаа болж хэлмэгдсэн үү. Эсвэл үнэхээр гэм зэмтэй гэж бодож байна уу?
-Намайг буруутгаж байгаа асуудалд улс төрийн оролцоо байсан нь ойлгомжтой. Хэвлэл мэдээллээс уншихад тодорхой байна шүү дээ. Ц.Нямдорж сайдын миний тухай, ялангуяа миний ахын эсрэг ярьсан байдлаас харахад, ер нь энэ бүх зохиомол хэрэг гэнэт яллагдагч хүнийг хохирогч болгож, хэргийн зүйлчлэлийг өөрчилснөөс эхэлсэн гээд бодоход, хууль хяналтынхны надтай харьцаж байгаа байдал зэргээс үзэхэд, бүр байтлаа прокурорын байгууллага хэвлэлийн бага хурал зарлаж, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн нэрийг миний нэртэй холбож үндэслэлгүй мэдээлэл өгч байгаагаас үзэхэд ойлгомжтой байна шүү дээ. Иймэрхүү жишээ өөр олныг дурьдаж болно. Шаардлага гарвал дараа тантай дахин ярилцаж ч болох юм.
-Энэ хугацаанд хуулийнхан танд яг ямар дарамт, шахалт үзүүлэв?
-Манай хууль хяналтын байгууллагын зарим ажилтан их дээрэлхүү юм байна билээ. Анх цагдаагийн газарт хуурч мэхэлж аваачсан. Дараа нь хүчээр Ж.Отгонжаргал хошуучийн өрөө рүү чирч оруулсан. Мөн өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авах гэж оролдсон. Баривчилж, саатуулах шийдвэрийг үндэслэхдээ хэрэглэгдсэн онгоцны тийзийг иш үндэс болгон оргон зайлах гэж байгаа мэтээр танилцуулсан гээд яриад байвал зөндөө юм бий. Өмгөөлөгч маань хууль бус бүх алхмыг нь тэмдэглэж, гомдол гаргах ёстой.
-Тэд яг юуг асууж байцааж, ямар хэрэг хүлээлгэх гээд байгаа юм бэ. Н.Энхбаяр даргатай чинь холбоотой зүйл асууж, тулгаж байна уу?
-Ерөнхийдөө ойлгомжтой шүү дээ. Сүүлийн саруудад хэвлэл мэдээллээр яригдсан юмнууд л байгаа.
-Хоригдож байгаад гарч ирээд хоёр гурав хонохдоо даргатайгаа уулзаж амжив уу. Юу гэж байх юм бэ?
-Эхлээд гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, тэднийгээ тайвшруулсан. Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй уулзсан. Ер нь цаадах чинь хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг хүн шүү дээ. “Чи надтай холбоотой юм шиг байхаар цаадуул чинь оролдоод салахгүй юм байна. Өөр газар ажилд орох уу” гэж хүртэл асууж байна билээ. Би харин ч улам ойр дотно хамтран ажиллая гэж бодож байгаа.
-Та яагаад Н.Энхбаяр гуайг дандаа “Н.Энхбаяр Ерөнхийлөгч” гэдэг юм бэ?
-Ерөнхийлөгч ч гэнэ, дарга ч гэнэ. Миний хувьд олон жил хамтран ажиллахдаа тэгэж хүндэтгээд сурчихаж дээ. Миний хувьд дандаа л Ерөнхийлөгч, дарга хэвээрээ шүү дээ. Уг нь олон хүний хувьд бас л тийм байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр зарим хүн Н.Энхбаяр гэдэг хүний тус дэмжлэгийг хэзээ ч авч байгаагүй юм шиг, бүр огт танихгүй юм шиг аашилж байгааг хараад гайхдаг. Би Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн “үүдэнд суудаг” байсны хувьд ер нь хэн хэн орж гарч байсан гэдгийг сайн мэднэ. Өнөөгийн төр, засгийн өндөр албан тушаалд байгаа бараг бүх хүн “гүйдэг” байсан даа. Ялангуяа МАН-ынхан. Гэхдээ хамгийн гол нь манай хүн “Энгийн иргэддээ л тийм хэвээр үлдэх нь чухал” гээд тэднийг өмөөрөөд идэвхтэй л ажиллааад байгаа юм биш үү.
-Тэнд хоригдож байхад юунд хамгийн их итгэж, юуг хүсч байв?Ямар хүмүүстэй хамт байв?
-Тэнд сууж байгаа хүмүүсийг муу хүмүүс юм шиг боддог. Янз янзын шалтгаанаар ял авсан, эсвэл мөрдөгдөж, шалгагдаж байгаа хүмүүс байгаа учир тэгэж боддог байх. Харин дунд нь хэд хоноод үзсэн хүний хувьд тэнд жирийн хүмүүс байгааг олж харсан. Улс орон, ар гэрийнхнийхээ төлөө санаа зовсон, юм мэдэж, сурах юмсан гэж хүсч тэмүүлсэн, шудрага ёс тогтохыг хүссэн хүмүүс л байна лээ. Монголд шударга ёс тогтоосой, хууль хяналтынхан хууль зөрчихөө болиосой гэж бодсон шүү.
-Та улс төрийн идэвхээр хэр вэ. Аль намын гишүүн бэ?
-Уг нь нэг их идэвхтэй гэж хэлэхгүй. Гэхдээ “Өт хүртэл гишгэвэл атирдаг” гэдэгчлэн хууль хяналтынхан, өнөөгийн төр, засгийнхан надтай, надтай адилхан энгийн хүмүүстэй ийм бүдүүлэг, хууль бус аргаар харьцаж байгааг хараад өөрийн эрхгүй идэвхтэй ажилламаар санагдсан.
-Зөвхөн Н.Энхбаяр даргын хүн гэдэг үүднээс ажиллаж байна уу. МАХН-ын үзэл бодлыг дэмждэг гэсэн үг үү?
-Аливаа юманд нэг л шалтгаан гэж байдаггүй. Аль, аль нь. Бас дээр хэлсэн олон шалтгаан байна даа.
-МАХН-ын зарим гишүүн, мөн Н.Энхбаярыг дэмжигч хэсэг хүмүүс таныг суллахыг шаардаж, Улсын мөрдөн байцаах газрын үүдэнд жагсаал зохион байгуулсныг мэдсэн үү. Энэ үед юу бодогдож байв?
-Ерөнхийдөө сонссон. Гэхдээ нарийн мэдээлэл тогтмол авч байгаагүй. Намайг аав, ээж, эхнэртэй минь арван дөрвөн хоногийн турш уулзуулаагүй юм чинь. Ер нь их мэдээлэл багатай орчин байдаг юм байна лээ. Харин гарч ирээд миний төлөө олон хүн санаа тавьсныг сонслоо. Тэр бүх хүнд “Баярлалаа” гэж хэлмээр байна. Дэмжиж байгаа хүмүүс, нийт ард түмэндээ хандаж хэлэхэд “Би хууль зөрчөөгүй, миний ах ч бас хууль зөрчөөгүй шүү”.
-Мөн суллагдсаны тань дараа буюу өчигдөр /уржигдар/ таныг дахин хорих болсонтой холбогдуулан жагсаж, энэ үеэр хяналтын прокурор Мөнхбаатарын биед халдаж, чирч гулдарсан хэмээн УЕПГ-аас мэдээллээ. Энэ бүхэн үнэн үү?
-Мэдэхгүй, үгүй байлгүй дээ. Олон хүн жагсаж, тодорхой шаардлага тавиад тэр нь олон хоногийн турш шийдэгдэхгүй байхад бухимддаг биз дээ. Ер нь Монгол даяараа бухимдалтай байна даа. Харин Мөнхбаатар прокурорын биед халдсаны тухайд бол үнэхээр тийм юм болсон бол би тэр хүмүүсийн өмнөөс уучлал гуйж байна.
-Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Сүхбаатар танд авсан таслан шийдвэрлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээс татгалзаж байгаагаа мэдэгджээ. Та түүнийг өмнө нь таньдаг байсан уу, нүүр тулан уулзаж байв уу. Тэрбээр яагаад ийм шийдвэр гаргасан юм бол?
-Би танихгүй. “Яагаад ийм сонин асуулт тавьж байгаа юм бэ” гэж асуумаар байна. Хууль бус юм хийгдэж байхад иймэрхүү асуулт тавихгүй мөртлөө, харин “Б.Тулга мөрдөн байцаах ажилд саад учруулахгүй, хаяг нь тодорхой, гадагшаа оргон зайлах санаа бодол байхгүй байхад түүнийг заавал айлган дарамтлах гэж шоронд байлгах хэрэггүй” гэж үзээд хууль ёсны дагуу шийдвэр гаргахад яагаад асуудаг билээ. Зөв юм араасаа асуултын тэмдэгтэй байдаг ийм цаг үед амьдарч байгаа нь харамсалтай. Бүгдээрээ ийм байдлыг засъя гэж уриалах байна.
-Яг одоогийн байдлаар таныг дахиад хорьж ч мэдэхээр байна. Танд үгээ хэлэх боломж олдсон энэ агшинд юу хэлмээр байна вэ?
-Хууль, шударга ёс гэж байдаг бол хүнийг заавал шоронд суулгаж дарамтлахгүй биз ээ. Харин миний хэлэх зүйл бол манай нийгэм албан тушаалтныг шүтдэг биш, хүнийг хүндэлдэг нийгэм болоосой. Хүнийг хүндлэхээ болихоор л албан тушаалтнууд даварч, хуулийг өөрсдөдөө ашигтайгаар, өрсөлдөгчдөө хашрааж хохироохоор ашигладаг юм байна. Ардчиллын тухай энэ өдрүүдэд их ярьж байна. “Монголд ардчилал алга болж байна. Улаан номонд орж байна” гэвэл хэтрүүлсэн болохгүй. Харин улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэх явдал газар авч байна. Үүнийг л таслан зогсоох хэрэгтэй. Залуучууд бид үүний төлөө зүтгэнэ.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
"Улс төрийн тойм" сонин