Сумдууд өөрсдийн санг бүрдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Сумдууд өөрсдийн санг бүрдүүлж байна

Засгийн газрын энэ оны 134-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сард Төв аймгийн ИТХ-аар “Сумын үйлдвэрлэл,үйлчилгээг хөгжүүлэх сан”-г татан буулгаж, “Сум хөгжүүлэх сан”-тай нэгтгэх тогтоол гарган ажиллажээ.

2011 оны зургаадугаар сарын 23-нд Сум хөгжүүлэх сангийн дансыг сумдын Төрийн санд нээж Зуунмод суманд 265,0 сая, Батсүмбэр, Жаргалант, Заамар сумдад 75,0 сая, Алтанбулаг, Борнуур, Бүрэн, Эрдэнэ, Эрдэнэсант, Баянчандмань сумдад 60,0 сая, бусад 17 суманд 50,0 сая төгрөг нийт 1700,0 сая төгрөгийг тус тус сумдын “Сум хөгжүүлэх сан”-д хуваарилан олгосон. 2009, 2010 онд байгуулсан “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн арилжааны банкинд байгааа хөрөнгийг сум бүр сумын ИТХ-аараа “Сум хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөтэй нэгтгэх шийдвэрийг гаргуулж ажилласан. Баянцогт, Бүрэн, Өндөрширээт, Сэргэлэн, Эрдэнэ сумдууд сангийн хөрөнгийг нэгтгээгүй байгаа юм байна.

Сум хөгжүүлэх сангийн дансанд Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сангаас 21 сум 183,2 сая төгрөгийн дансны үлдэгдэл хөрөнгийг шилжүүлээд байна.

 “Сум хөгжүүлэх сан”-гийн нийт эх үүсвэр нь зээлийн хүүгийн орлогын хамт 3396,8 сая төгрөг болжээ.

27 сумын хэмжээнд “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас олгож байгаа зээлийг 12-18 сарын хугацаагаар, нэг хувийн хүүтэйгээр 1271 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 1696,7 сая төгрөгийн зээлийг олгосон. 2009 онд Баяндэлгэр, Эрдэнэсант суманд иргэдэд сангаас зээл олгох ажиллагаа удаашралтай явагдсан байна. Баянчандмань, Угтаал, Цээл, Эрдэнэ сумдын Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл олголт удаашралтай байна. Үүнээс Угтаал, Цээл сумын 2010 онд Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих санд олгох тус бүр 23,0 сая төгрөгийг  Тариалан дэмжих сангийн хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт суутгаж авсан тул эх үүсвэр нэмэгдсэн үзүүлэлт гараагүй байна.

“Сумын өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан”, “Сумын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх сангаас 2009, 2010 онд олгосон зээлээс 19 сум,  173 иргэний 128,2 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байна.

Сум хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэйгээр 467 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 1580.3 сая төгрөгийн зээлийг олгоод байгаа ба Баян сум хуваарилсан 50.0 сая төгрөгөөс нэг ч төгрөгийн зээл олгоогүй байгаа ажээ.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж