Хөрөнгө оруулалт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалт нэмэгджээ

Баянхонгор аймгийн хэмжээнд 2011 онд улсын төсвийн хөрөнгөөр 13,1 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 794,0 сая төгрөг нийт 13,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. Үүнээс орон нутагт 5,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эрх шилжиж ирснээс 4,5 тэрбум төгрөг нь 2011 онд санхүүжих төлөвлөгөөтэй байгаа аж. Одоогийн байдлаар улсын төсвийн  хөрөнгөөр 3,9 тэрбум төгрөгийн санхүүжилт,орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 510,0 сая төгрөгийн санхүүжилт хийгдээд байгаа юм байна.

 Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын конторын барилга угсралтыг 714,0 сая төгрөгөөр,  Баян-овоо сумын спорт заалны барилга угсралтын ажлыг 275,0 сая төгрөгөөр өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцлөөр барьж  гүйцэтгэжээ. Мөн Галуут сумын ЗДТГ-ын конторын барилга угсралтын ажил дуусч ашиглатад хүлээлгэж өгсөн бол Шинэжинст сумын багуудын засварт улсын төсвийн хөрөнгөөр 25,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Ийнхүү төрийн албан хаагчдын ажиллах тохь тух, орчин нөхцлийг сайжруулснаар иргэдэд хүрэх үйлчилгээ илүү ойр дөт, чанартай болох юм.

Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн Засаг даргын тамгын газрын дотор цахилгаан, гадна талын их засвар, Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын их засвар, Бууцагаан сумын ЗДТГ-ын дээврийн засвар, Хүрээмарал сумын ЗДТГ-ын засварын ажлууд хугацаандаа хийж дууссан байна. Үүнээс гадна Бөмбөгөр, Эрдэнэцогт, Баянлиг, Хүрээмарал, Баацагаан, Богд, Өлзийт, Бууцагаан, Галуут  сумдын багуудын засварт нийт 50,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянговь, Гурванбулаг, Баянцагаан сумын Засаг даргын авто машиныг шинэчилжээ.

Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа иргэдийн хамгийн чухал асуудал болох компьютер, тенхик технологийн асуудал хөдөө орон нутагт тэр бүр хангалттай байдаггүй.  Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Баянхонгор аймагт сүүлийн жилд нэлээд ажил хийгдэж буй. Сумдын ЗДТГ-ыг цахим тамгын газар болгох үүднээс сумдыг компьютержүүлэхэд 100,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 167ширхэг Dell брэндийн компьютерийг нийлүүлсэн байна.

 
Б.Батгэрэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж