Сүхбаатар аймгийн ИТХ, Засаг даргын шийдвэрээр олон улсын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай Бичигтийн боомтод захиргааны ажлын алба байгуулагдаад зургаан сар болж байгаа юм. Тус алба нь Монголд анх удаагаа хилийн боомтын дэргэд төрийн захиргааны алба байгуулагдаж ажилласнаараа онцлог юм. Одоогоор арав орчим албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж байгаа ба хил дээр ажиллаж байгаа төрийн үйлчилгээний байгууллагуудыг нэгтгэн зангидаж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг элдэв шат дамжлагагүйгээр хөнгөн шуурхай хүргэх, мөн тэнд ажлын аятай таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм. Бичигтийн боомт дээр албан ажлын өрөө арван айлын орон сууцыг барьж энэ намар ашиглалтад оруулжээ. Цаашдаа хүүхдийн цэцэрлэг, сургууль, худалдаа үйлчилгээний цэг, халуун усны газартай болох асуудлыг ирэх оны төсөвт суулгахаар хөөцөлдөж байна. Мөн жишиг хороолол байгуулна гэж Бичигтийн боомтын захиргааны албаны дарга Д.Гансүх ярилаа.
А.Зул