Дархан-Уул аймгийн Дархан хотод импортын хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулдаг Алтан сагс, Буян зах, Дархан цогцолбор, Шинэ орчин төв, Дархан Номин зэрэг худалдаа үйлчилгээний томоохон төвүүдэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийлээ. Шалгалтаар худалдан борлуулж буй нийт хүнсний бүтээгдэхүүний 70 хувь нь импорт, 30 хувь нь эх орны бүтээгдэхүүн эзэлж байна. Импортын хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэлд судалгаа хийж жигнэмэг, төрөл бүрийн нөөшийн 90, чихэр, чихэрлэг бүтээгдэхүүний 94 хувь, майонезийн 90 хувь, жимс, жимсгэнэ 100 хувь, өргөн хэрэглээний хүнсний ногооны 60 хувь нь импортын хүнсний бүтээгдэхүүн эзэлж байгааг тогтоожээ. Мөн хадгалалтын хугацаа дууссан долоон нэр төрлийн 67700 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэгцээнээс хассан байна. Тус аймгийн МХГ-ын улсын байцаагчид акт үйлдэж Дархан хотод баглаа боодлын зориулалтаар ашиглаж байгаа 0.025 мм-ээс бага зузаантай мөнгөлөг хальсан уутны борлуулалтыг зогсоож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Хүнсний захуудад худалдаалж байгаа импортын хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт 75 хувь, өргөн хэрэглээний хүнсний ногооны импорт өнгөрсөн онтой харьцуулахад 20 хувиар буурч, түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт 20 хувиар дээшилсэн дүн гарчээ.
А.Зул