Эрхэм гишүүд одоо холимог тогтолцооны мажоритар хэсэгт өрсөлдөөд тойрогтоо ялагдчихвал яасхийгээд пропорциональ руу гулсан орж намынхаа нэрээр эргэж сэнтийдээ залрах вэ гэдгээс өөрийг бараг бодохоо больсон шиг байна. Байтлаа бүр мажоритариар нэр дэвшсэн 48 нөхөр 48-уулаа пропорциональ 28 суудал руу гулсах ч маягтай. Тойрогтоо ялагдсан ч тэнгэрийн амьтан хэвээрээ үлдэх гэж тэр. Арай хэтрэх гээд байгаа болохоор МАН-ынхан нэрэлхээд тодорхой босго тавья гэсэн байна лээ. Энэ янзаараа явбал Монголд ардчилсан парламент нэртэй, нэгэн насаараа суудалдаа шигддэг 76 хаантай хаант засаг тогтоход ойрхон байна. Тэгээд 2016 оны сонгуулиар үе залгамжлах үр хүүхдүүддээ халаагаа өгч хэмжээгүй ноёрхлоо үргэлжлүүлэх санаатай.
Гэтэл энэ завсраар эмэгтэй нэр дэвшигчдийн квот гэдэг асуудал сугарч гээгдэж магадгүй нь. Уг нь МАН, АН-ын аль аль нь 76 нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байна гэдэг дээр ам алдсан юм. Харин албан ёсоор байнгын хороогоор хэлэлцэлгүй өдий хүрлээ. Сонгуулийн хуулиа хугацаанд нь баталж чадахгүй бол 2012 оны сонгуулийг 1992, 2008 онд хэрэглэсэн томсгосон 26 тойрогтой мажоритар тогтолцоогоор явуулж, бие даагч, эмэгтэй гишүүн хоёрыг “эгнээнээсээ” бүрмөсөн гээж мэдэхээр байна. Том мажоритариар өрсөлдсөн тэр хоёр сонгуулиар аль альд нь гуравхан эмэгтэй гарч ирсэн юм даг. Тэгвэл юун 2015 онд НҮБ-д парламентын эмэгтэй гишүүнийхээ тоог 30 хувьд хүргэснээ зарлах манатай. Мянганы хөгжлийн зорилтуудаар ийм үүрэг хүлээснээ ч бараг мартчихаад сууцгааж буй.
Хүлээсэн үүргээ биелүүлдэггүй юм гэхэд парламент дахь эмэгтэй гишүүдийнхээ тоогоор дэлхийн хэмжээнд нүүр улаймаар төвшинд яваагаа умартаад байгаа бололтой. Монгол Улс хууль тогтоох, шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийнхээ эзэлж буй хувиар араасаа 10 дугаар байранд шогшиж явна. Манай араас Вануат, Ливан, Тонга, Коморос, Маршаллын арлууд, Иран, Бахрейн, Египет, Папуа Шинэ Гвиней гээд орнууд бас байна аа, байна. Зарим нь ислам шашинтай, зарим нь арлын жижиг орнууд. Гэхдээ парламентын гишүүдийн тоогоороо ихэнх нь Монголоос олон тул бас ч гэж хувилаад үзэхээр таваас дээш эмэгтэй төр түшиж байгаа юм билээ. Манайд бол 76-гаас гуравхан шингэн дуут, эзлэх суудлаараа 3,9 хувьтай.
УИХ-ын эрхэм гишүүд квотын асуудал сөхөгдөхөд “Гадаадад явж туршлага судалъя” гэдэг юм гэнэ лээ. Тэртэй тэргүй тэд өндөр хөгжилтэй, өргөн ардчилалтай, эмэгтэй гишүүн олонтой орнуудын туршлагыг төрийн болон хувийн буянаар бишгүйдээ судалсан. Одоо тэгвэл ардаа яваа хэдэн орон ямархуу юм гэдгийг судалбал яасан юм. Тэр Вануат, Тонга, Коморос, Папуа Шинэ Гвиней зэрэг УИХ-ын гишүүдийн тэр бүр явж үзээгүй орнууд байна. Заримд нь З.Алтай гишүүн үүргэвчтэй аяллаар очиж үзсэн болохоороо квотод их дургүй гэдгээ илэрхийлчихсэн. Гэхдээ мууг нь дуурайлгах гэж биш, улс төрийн дээд хүрээний жендэрийн асуудлаар ямар төвшинд явааг нь харуулах гэж гишүүдээс тэр очоогүй орнуудад айлчлуулъя. Шинэ Гвинейн бөглүү хэсэгт толгойдоо өд зүүж, дэрсээр банзал сүлжиж бүсэлхийгээ тойруулчихаад жад бариад харайж яваа омгийнхон ч тааралдаж мэднэ. Араатан руу жад шидэхэд бүсгүй хүнд тохиромжгүй болохоор тэр шалгуураар цөөхөн эмэгтэй төр түшдэг байж магадгүй. Тэнд айлчлахад хувцас хунар тэдэнтэй ижил байх ёстой болов уу, яадаг бол. Ямар ч гэсэн хөгжилтэй орнуудад зөндөө очсон гишүүдээ Тонга, Вануат явуулж квотгүй сонгуулийн туршлага судлуулбал ямар бол?