Оюутны хотхон барихад 16-18 их наяд шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Оюутны хотхон барихад 16-18 их наяд шаардлагатай

“Налайх дүүрэгт оюутны хотхон барина гэсэн яасан…? Сонгуулийн шоу байсан биш биз” гэх хардлага, басхүү иймэрхүү агуулгатай мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацаг­­даад байгаа. Хүмүүст эргэлзээ төрүү­лээд байгаа энэ асуултад хариулт оло­хоор сурвалжилсан юм.

Судалгааны шат

Шинээр баригдах хотхон нь Эрдэнэт, Дархан хотыг нийлүүлснээс ч их хүн суурьших төлөвтэй байгаа ажээ. Ойролцоогоор 150 мянган оюутан суурьших төлөвтэй байгаа юм. Дээрээс нь худалдаа, үйчилгээний ажилтнууд, эрдэмтэн, багш нар гээд нийлүүлбэл чамгүй тоо гарна. “Энэ хотхоныг бари­хын тулд олон янзын судалгаа хийх ёстой болдог. Зөвхөн газрын нөхцөлийг судлахын тулд шинжилгээний томоохон бүрэлдэхүүн гарах ёстой болоод бай­гаа. Тухайн газрын цэвдэг ямар байна, хөрс­ний бүтэц нь хэр юм, газар хөд­лөл­тийн идэвхтэй бүс нь аль юм гэд­гийг мэдэж байж барилгаа барина. Гадны оронд хот, тосгодоо хурдан босгодог нь барилгын ажлын өмнөх судалгаа урт хугацаанд, нарийвчилсан байд­лаар хийдэгтэй холбоотой” гэж Их сур­гуу­­лиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ц.Энхболд ярьж байсан юм. Одоогийн байдлаар ерөнхий төлөвлөгөөг гаргаж, гадны эрдэмтдийн төлөөллийг урьж ажил­луулж байгаа ажээ. Оюутны хотхон ба­ри­­­­­хад шаардагдах судалгаанд л гэхэд 100 гаруй сая төгрөг зарцуулж байгаа аж.

Төрийн хүнд суртал судалгааны ажлыг удаашруулсаар…

Төрийн албаны хүнд суртал судал­гааны ажилд сөргөөр нөлөөлж байгаа гэж албаны хүмүүс баталж байсан юм. “Бид ерөнхий төлөвлөгөөний тайланг аль долдугаар сард Хотын хөгжлийн бодлогын зөвлөлд өгсөн, одоо хүртэл хариу алга. Дээрээс нь их юм мэддэг дарга нар нь хийсэн тайланг тэр нь болохгүй байна зас, энэ нь болохгүй байна хас гээд үүрэгдээд байдаг. Яг үнэнийг хэлэхэд энэ төрийн албаны хүнд суртал, судалгааны ажлыг удаашруулж байгаа. Дээрээс нь манай байгууллагыг чичлэх дарга нар олон. Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд гээд. Гэтэл төрийн ажил хүнд сурталтай байгааг тэд ойлгодоггүй” гэж Ц.Энхболд ярьж байсан юм. Тэд ямар ч байсан ажил удааш­ралтай байгаа талаар болон оюут­ны хотхоны зураг төслийн ажлын ерөн­хий төлөвлөгөөг Засгийн газарт бичгээр хүргүүлэхээр болоод байгаа ажээ.    
 
Оюутны хотхон барих газрыг эцэслэн шийдээгүй

Уг нь Налайхын Шивээтийн хөн­дийд хотхоныг барина гэж байсан ч судалгаа, шинжилгээний явцад дахин гурван газарт барьж болохыг тогтоож одоогийн байдлаар Шивээтийн хөн­дий, Багануурын Хүрэмтийн хөндий, Хөшигтийн хөндий, Хоолтын хөн­дий гэсэн дөрвөн газарт судалгаа шинжилгээ хийж байна. Ирэх долоо хоног гэхэд Засгийн газрын хурал­даанаас энэ дөрвөн газрын алинд нь барихыг эцэслэн шийдэх ажээ. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Налайхад барих гэж байгаа мэтээр мэдээлээд байгаа. Сүүлдээ замхрах нь гэж хүртэл бичсэн. Тэгвэл Налайхад биш өөр гурван газарт барьж болох саналуудын дагуу судалгааг хийж байгаа. Ер нь бид гадаадын аль ч орноос дутахааргүй оюутны хотхонтой болохын тулд судалгаа шинжилгээний ажлыг сайн хийх хэрэгтэй. Зүгээр л сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй” гэж Ц.Энхболд ярьж байсан юм.
Оюутны хотхон 16-18 их наядад багтана

Налайх дүүрэгт барихаар төлөвлөж байсан судалгаагаар бол хотхоныг 16-18 их наяд төгрөгт багтана гэсэн тооцоолол байжээ. Хэрвээ Багануурт барихаар болчихвол эрчим хүчний эх үүсвэр заавал барих шаардлагагүй аж. Өөрөөр хэлбэл, төсөв багасна гэсэн үг. Ер нь томоохон хотын хэмжээнд баригдах учраас барилга байгууламж, нийтийн тээврийн сүлжээ, ногоон байгуу­ламжийн шийдэл гээд бүх юманд хөрөнгө, мөнгө хэрэгтэй боло­хыг судалгааны багийнхан хэлж байсан юм. “Оюутны хотхоны барилгуудыг одоогийн уйтгартай нэг хэвийн загвараар хийхгүй. Аль болох орчин үеийн архитектурын шийдэлтэй өвөр­мөц байхаар бодож, зураг төслөө ч ин­гэж гаргахаар төлөвлөж байгаа. Гадны хөрөнгө оруулалт ч ирэх нь тодорхой болсон. Хятадын хөрөнгө оруулалттай байхаас гадна зарим нэг сургуулийг Энэтхэг, оюутны хотхоны номын санг Солонгосын тал хөрөнгө оруулъя гэдгээ Засгийн газарт мэдэгдсэн байгаа” гэж Ц.Энхболд ярьж байсан юм.

Оюутны хотхон шинжлэх ухааны онцгой бүс болно

Оюутны хотхон шинжлэх ухааны салбаруудаар тус, тусдаа бүсчлэгдсэн байх ажээ. Тухайлбал, нийгмийн, байгалийн гэх мэтчилэн салбар бүс болгон хөгжүүлэх ажээ. Ингэснээр шинжлэх ухааны бүх салбар дэргэдээ судалгаа, шинжилгээний төвтэй болох юм. Мөн оюутны хотхон ашиглалтад ороход ажилчдыг нээлттэй сонгон шалгаруулалтаар авах бөгөөд суралцаж байгаа оюутнууд багш нараа өөрсдөө сонгох боломжтой аж.

Шинээр хотхон барилаа гээд хотын төвд байгаа сургуулиудыг зарахгүй

“Гадны орнууд оюутны хотхоноо хоёр тулгуурт зарчмаар ашигладаг нь судалгаанаас харагдсан. Тиймээс оюутны хотхон барилаа гээд юу, юугүй сургуулиудаа зарахыг нь зараад, өөр зориулалтаар ашиглана гэсэн үг биш. Ерөнхий төлөвлөгөөгөөр бол 1-2 дугаар дамжааны оюутнууд оюутны хотхондоо байрлаад, 3-4 дүгээр дамжааныхан үйлд­вэрлэлийн болон танилцах дад­лагад гардаг оюутнууд хотын төвдөө сурдаг тогтолцоотой байх нь зүйтэй. Мөн магистр болон докторын төвшний оюутнууд ч төвдөө сурч болох юм” гэж Ц.Энхболд ярьж байв.

2013 оноос эхний хоёр сургуулийн барилгын ажил эхэлнэ

Их сургуулиудын хотхоны ашиг­лал­тын өмнөх захиргааныханы хэлж буйгаар 2013 оноос эхний хоёр сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх ажээ. Барилгын инженер, архитектур болон Мэдээллийн технологийн сургуулиудын барилгын ажил эхлэх боломжтой байгаа юм. “Бид төрийн албаны хүнд сурталыг хүлээлгүйгээр шууд 2013 онд эхний хоёр сургуулийг барих боломжтойг Засгийн газарт танилцуулна. Ямар ч байсан хөрөнгө оруулалт нь шийдэгдчихсэн учраас удаагаад байх шаардлагагүй гэж бодож байна” гэж Ц.Энхболд ярьж байсан юм. Мөн тэд  ирэх сонгуулиар сонгогдох гишүүд оюутны хотхоны ажилд анхааралтай хандахыг анхааруулж байсныг сануулъя.

Нийгэмд тодорхой хэмжээний хүлээлт үүсгээд байгаа оюутны хотхон барих асуудал замхраагүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Өдөр бүр судал­гааны ажил үргэлжилж, барьж болох шийдэл, техник технологийн асуудлуудыг өдөр алгасахгүй ярилцаж байгаа гэх. Ирэх долоо хоногт хаана барих нь эцэслэн шийдэгдвэл ажил илүү хурдан болж, дараа, дараагийн судалгаанууд эхлэх ажээ. Мөнхүү энэ асуудлаар гадны судлаач, эрдэмтдийн багийг урьж ажиллуулж байгааг ч хэлж байсан юм.

Оюутны хотхон замхраагүй. Гагц­хүү хэзээ босохыг нь хүлээх л үлдлээ. Улстөрчдийн тоглоом болчихгүй л бол.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж