”29 бол тусгаар тогтнол дахин сэргэсэн өдөр”

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

”29 бол тусгаар тогтнол дахин сэргэсэн өдөр”

Түүхийн ухааны доктор, профессор Б.Пунсалдулам:

Ардчилсан хувьсгал өрнөсний дараа буюу 1990 оноос хойш өмнө нь бүрхэг байсан ХХ зууны түүхийн олон хуудас нийтэд ил болж,  олон  эрдэмтдийн бүтээл, туурвил гарч байна. Энэ жил албан ёсоор төрийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж буй Үндэсний эрх чөлөөний хувьсгалын  100 жилийн ойн өдөр буюу арван хоёрдугаар сарын 29-ний өдрийг монголчуудын хувьд жинхэнэ утгаар Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон өдөр гэж үзэн тэмдэглэх нь зүйтэй гэсэн санал жил ирэх тусам давамгайлж байна.

Манжийн эрхшээлээс  ангижран монгол төрийн сэргэн мандсан энэхүү түүхэн өдрийг ямар нэгэн байдлаар гуйвуулж бүдгэрүүлэх  санаа байж таарахгүй.  Ер нь түүхэн аливаа үзэгдлийг үнэлэн цэгнэхдээ нэгийг нь нөгөөтэй харьцуулж дээш доош үнэлэх түүхэн зүйд нийцэхгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л МАН-ын дарга С.Батболд анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тусгаар тогтнолоо олсон өдөр мэтээр яриад амжсан. Тиймээс энэ талаарх эрдэмтэн, судлаачдын үгийг та бүхэнд цуварлаар хүргэж байна. Энэ удаад Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн Орчин үеийн Монголын түүхийн салбарын Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, профессор Б.Пунсалдуламтай уулзаж ярилцлаа.

-Жинхэнэ утгаараа арванхоёрдугаар сарын 29-нийг тусгаар тогтнолоо дахин олсон өдөр гэж тэмдэглэдэг болоод хоёр жилийн нүүрийг үзэж  байна. Ер нь бид 1911 оны арванхоёрдугаар сарын 29, 1924 оны арваннэгдүгээр сарын 26 хоёр хольж хутгасаар ирсэн. Энэ асуудлыг тодруулахаас яриагаа эхэлье.

-Уг нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29 буюу Үндэсний эрх хувьсгалын 100 жилийн ой бол Монголын түүхэнд  төрийн тусгаар тогт­нол, сэргэн мандалтын өдөр юм. Энэ өдрийг Үндэсний эрх чөлөөний өдөр хэмээн хуулинд тэмдэглэсэн байгаа гэхдээ ингэж нэрлэх нь   нэг их буруудаад байх зүйлгүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд Манжийн 200 гаруй жилийн эрх­шээлээс Монголын төр гарч, дахин сэргэн мандаж байгаа юм. Дахин шүү. Өөрөөр хэлбэл, анх удаагаа тусгаар тогтнолоо олсон  хэрэг биш. Өмнө нь Мон­гол газар нутаг дээр төрт улс оршин тогтоносоор ирсэн. Төр улсын нь 2220 жилийн түүх байна. Эсвэл арай хойш нь татаж үзвэл, Их Монгол улс байгуулагдаж монгол төр ор­шин тогтнож ирсэн 805 жилийн  түүхийг хааш нь хийх юм. Тиймээс Монголын  төрийн тусгаар тогтнолын өд­рийг зөвхөн эндээс/1911 он/ эхэлж байна  хэмээн үзэх нь өрөөс­гөл ойлголт болно. .  

-Тэгэхээр дахин олсон гэж хэлэх ёстой юм байна. Нээрээ бид чинь огт анзааралгүй ярьдаг юм байна шүү?

-Тиймээ үүнийг ялган ойлгох ёстой. Гэхдээ 1924 оны 11 сарын 26-ны өдөр Үндсэн хуулиа баталж Монгол Бүгд Найрам­дах засаглал тогтож буй нь монголын төрийн тусгаар тогтнолын баталгаа гэдгийг бас санах ёстой.   Харин Монголын төрийн өөрийнх нь оршин тогт­нож ирсэн 2220 жилээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төр маань нэг хэсэг ман­дах, буурах хөгжлийн  замаар л  явж  ирсэн. Тэр ут­гаараа буюу 1636-1911 он хүр­­тэлх хугацаанд Манжийн эрхшээлд ороод, төрийнх нь тусгаар тогтносон эрх мэдэл нь буураад бусдаас хараат бол­чих­сон гэсэн үг. Энэ  үеийг одоо Манжийн эрхшээлийн үе  хэмээн  үзэж байгаа бөгөөд  1990 оноос  өмнө Манжийн дар­лалын, колончилолын доорх Мон­гол  хэмээн бичиж ирсэн.  Өөрөөр хэлбэл, 1990 оноос өмнөх түүхийн судалгааны   арга зүй болж байсан  түүхэн материалист онолоор энэ үеийн түүхийг ангич нам ч байр суурьнаас тайлбарлаж ирсэн хэрэг юм.
1911 оны арванхоёрдугаар сар­ын 29-ны өдөр бол Монголын төрийн тусгаар тогтнол дахин сэр­гэн мандсан өдөр болсон өдөр. 
Сэргэн мандсан гэдгийг дахин тодотгож өгөхгүй юм бол Монголын төр өмнө нь байгаа­гүй юм шиг, энэ үед л анх тогтсон мэтээр ойлгогдоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тий­мээс энэ өдрийг төрийн тусгаар тогтнол сэргэн мандсан  өдөр  хэмээн ярих нь зүйтэй.

-Үүнтэй адил 1924 оныг бас нарийн тодотгох хэрэгтэй болов уу. Гуйвуулж, хольж солихгүйн үүднээсээ?

-Одооноос харин зөв ойлгож эхэлж байна. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдөр бол анхны Үндсэн хуулиа батласан, Бүгд найрамдах засаг­лалд шилжсэн өдөр. Үүнийг ард иргэд зөв ойлгож байна. Оюут­нууд зөв ойлгодог боллоо. Харин урьд нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан өдөр гэж ойлгоод байсан юм. Үнэндээ бол БНМАУ-ыг тунхагласан өдөр нь үнэн. Гэхдээ энэ бол Монголын төр хэлбэрийн хувьд хэмжээт цаазат хаант улсаас Бүгд най­рам­дах засаглалд шилжсэн үйл явц байгаа юм. Энэ хоёр  үйл явц бол өөр хоорондоо ялгаатай түүхэн процесс боловч бас тэс өөр зүйл хэмээн ойлгож болох­гүй. Учир нь 1911 оны 12 сарын 26-нд Монгол төр дахин сэргэн мандаж, тусгаар тогтнолоо дэлхий дахинд зарлан тунхагласан өдөр мөн, харин 1924 оны 11 сарын 26-нд Монгол төрийн хэлбэр БН засаглалд шилжиж буй нь Монголын  төр оршин тогтнож буйг илэр­хийлэх тусгаар тогтнолын нэг найдвартай баталгаа юм. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-н бол Монголын төрийн дахин тусгаар тогтнож, сэргэн ман­даж бие даан өөрийн асуудлаа шийддэг болсон өдөр. Энэ өдрийг монголчууд гад­наас бэлэг, дэмжлэг авч байгаа юм шиг амар хялбар олж аваагүй. Өөрсдөө тэмцэж олсон, өөрсдийн тэмцэл, зориг, ухаан бодол, эв нэгдэл, хамтын хүчээр тэмцэж байж тусгаар тогтнолоо эргүүлэн олсон  өдөр. Тийм учраас  Үндэсний эрх чөлөөний өдөр гэж нэрлэж байгаа юм.

-Тэгэхээр бид бас нэг зүйлийг илүү тодруулах хэрэг­тэй байх. Дэлхийн бусад орон­той адилаар Манжийн дарлалд колончилогдож байсан зүйлгүй юм байна. Тийм үү?

-Судалгаа бол дандаа урагшаа ахиж байдаг. 1990 оноос хойш түүхийг үзэх онол арга зүй өөрчлөгдөж олон ургалч үзэл хандах болсон тул өмнөх  үеийн түүхийн судалгааны үнэлэлт дүгнэл­түүдэд  өөрчлөлт гарч байна. Түүхэн үйл явцыг олон өнцгөөс харж, тайлбарлаж байна. Тухайлбал, Манж Чин улсаас Монголд явуулж ирсэн төрийн бодлогыг 2 үед хуваан авч үзэж тайлбарлаж байна. 

-Ямар хоёр үед хуваан авч үзэж байгаа бэ, Энэ нь ямар ялгаатай?

-Эхнийх нь, XVI-XIX зууны эхэн үе. Удаах нь XIX  зууны эхнээс ХХ зууны эхэн үе юм. Энэ үед  Манж Чин улс Мон­голыг шууд эзэлчихсэн юм биш. Эхний үед  Манжийн хааны Айсингироо /Aisson gioro/ болон Монголын алтан ур­­гийн хаад бие биендээ харилцан туслалцсан түшмэг  нөхөр­лөлийн харилцаатай байсан. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг  200 гаран  жилийн 100-аад жил нь ийм харилцаатай байсан. Манж Чин улс 1644 онд Хятадыг эзэлсэн байгаа юм. Харин Монголыг 1755-1758 оны зэвсэгт бослогын дараагаар   эрхшээлдээ оруулжээ.. Нэмж хэлэхэд  Манж Чин улс  Хятадыг эзлэхэд 44 жилийг зарцуулсан бол   монголыг  эрхшээлдээ авахын тулд 120-иод жилийг зар­ц­уулсан байдаг.  Манж нар 1644 онд Хятадыг эзэлж аваад хаан нь Бээжинд төвлөж  засаг захиргааны төвөө байгуулсан. Энэ удаан хугацааны туршид  Манжийн  төр, төрийн  бодлого Хятад түшмэлийн бодлого болон ууссан. Энэ үеэс Манж Чин улсаас Монгол явуулж буй  уламжлалт төрийн бодлого өөрчлөгдөж  эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Манжийн хааны засаг захиргааны аппаратад хятад түшмэлүүд олноороо ажиллаад ирэхээр тухайн төрийн монголчуудтай харилцаж байсан бодлого Манж шинж чанараа алдаж ирсэн.

-Хятад тал руугаа оржээ дээ?

-Тийм ээ. Энэ үеэс Манжаас Монголд  явуулах төрийн бодлогод  Хятадын эрх ашиг  үнэртэж эхэлсэн. Түүнээс биш бид Хятадын дарлалд байгаагүй шүү. Хүмүүс Хятадын дарлалд байсан гэж ярьдаг. Хэзээ ч Хятадын дарлалд байгаагүй ард түмэн. Үүнийг бидний туулж ирсэн түүх гэрчилнэ.

-1911 онд байгуулагдсан Монгол Улсын төр таван яамаа байгуулаад үйл хэргээ цэгцэлж байсан. Гэтэл хэв шинжийн хувьд хэлбэрээ олоогүй байсан гэж зарим хүмүүс хэлэх гээд байдаг. Түүнийг та юу гэх вэ?

-1911 оны Үндэсний хувьсгалын түүхийн судалгаа явуулж гадаад, дотоодын олон судлаачдын бүтээлийг уншиж судлаж байхад ялангуяа гадны судлаачдын бүтээлд Монголын төрийн тусгаар тогтнолыг үгүйсгэж, түүнийгээ батлахдаа Монголын Засгийн газар, таван яам, тэдний удирдагчдын ур чадвар, төрийн байгууламжийг хэв шинжээ олоогүй энэ тэр гэж гоочилдог. Гэтэл  түүхэн үнэн бол Монгол төр оршин тогтнож, улс орноо удирдаж, сургууль, соёлын газрыг байгуулж эдийн засгийг хөгжүүлж, гадаад улс орнуудад нот  бичиг явуулж тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө  тэмцэж байсан юм. Харин төрийн хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант төр гэхдээ шашины мяндаг тушаалтнууд давамгайлсан  клеркалист маягийн төр юм.

 -VIII Богдын талаар муугаар ч сайнаар ч ярьдаг. Өмнөх нийгэмд ч онцгүй байдлаар л дүрсэлж байсан. Та энэ хүний тухай яриагч. Хувь хүнийхээ хувьд, үзэл баримтлалын хувьд ямар хүн байсан юм бэ?

 -VIII Богд Жэвзундамба бол түүхэн хүн. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын  удирдагчдын нэг мөн. 1990 оноос өмнө энэ хүний тухай намтар судлал хөгжөөгүй, энэ нь түүхч, судлаачид олж харахгүйдээ биш, харин тэр цаг үеийн салхи үүнийг халхалж байсан юм. Өөрөөр хэлбэл, марксист түүх бичлэгт  нийгмийн түүхийг ангийн тэмцлийн түүх хэмээн туйлширч байсан нь хар шар феодал буюу Богд эсрэг талд орж байгаа тул энэ судалгаа  орхигдож зарим талаар гуйвсан.  Харин өнөөдөр түүх шинэчлэлийн үед түүхийг үзэх хандлага, арга зүй өөрчлөгдөж, урьд хаалттай байсан баримт материалууд судалганы эргэлтэд орсноор энэ хүний тухай судалгаа шинэ гарсан. Намтар судлал бол түүхэн үзэгдлийн үйл явцыг тодруулах, түүхийг  эзэн биетэй болгох сайн талтай. ХХ зууны эхээр Монгол орноор зуучилж явсан  зарим гадныхны хүмүсийн бичсэн ном товхимолд Богдыг янз бүрээр  бичсэн байдаг. Ер нь бол  Богд Живзундамба хутагт бол ухаалаг, сониуч,  хүн байсан.  Богд Живзундамба хутагт 1911 оны хувьсгалын үйл хэрэгт ямар үүрэгтэй оролцсон талаар манай судлаачид 2 янзын байр суурийг баримталдаг. Доктор О.Батсайхан Богдыг Үндэсний хувьсгалын эцэг, удирдагч хэмээн үздэг бол, академич Ж.Болдбаатар үндэс­ний хувьсгалын оюун санааны удирдагч, доктор   Л. Жамсран, Ш.Сандаг зэрэг судлаачид үндэсний хувьсгалын удирдагч Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд Хайсани нар тэмцэлдээ татаж оруулсан хэмээн үздэг. Түүхийн судал­гаанд олон янзын үзэл бодол байх нь энэ хүний түүхийг улам л тодруулна. Энэ бол сайн хэрэг.

-VIII Богдын хамт хувьсгал хийсэн Хатан баатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн нар ямар үүрэг оройлтой, хэрхэн оролцсон байх уу?

– Аливаа түүхэн үйл хэрэг нэг хүний  оролцоотой  бүтдэггүй. Олон  хүний хамтын үйл ажиллагаа байдаг. Тиймээс ч 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Богд ганцаараа хийгээгүй, мөн ганцаараа удирдаагүй. Тэрээр бусад хамтран зүтгэгчидтэй хийсэн юм. Тухайлбал, Чин ван Ханддорж, да Лам Цэрэнчимэд, гүн Хайсан, хатанбаатар Маг­сар­жав, манлай баатар Дамдин­сүрэн зэрэг олон хүнийг дурдаж болно. Харин энэ удирдагчид хувьсгалын үйл хэрэгт оролцохдоо чухам ямар чиглэлээр ажиллаж байсанаар нь ялгаж болох юм. Жишээ нь VIII Богд Жэвзундамба хутагт оюун санаа, сэтгэл зүйг удирдан жолоодох үйлсэд бусадаас илүү жинтэй хувь нэмэр оруулсан бол хатанбаатар Магсаржав,  манлай баатар Дамдинсүрэн, Зоригт баатар Тогтох, Ялгуун баатар Сумъяа нарын зэрэг хүмүүс  цэрэг дайны үйл ажиллагаанд  оройлон оролцож байсан.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Амжилт хүсье.

Л.Нарантөгс

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж