НҮБ зөвлөмжийнхөө хэрэгжилтийг шалгалаа

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

НҮБ зөвлөмжийнхөө хэрэгжилтийг шалгалаа

Маргааш дэлхий  нийтээрээ “Хүний эрхийн өдөр”-ийг тэмдэглэн, өнгөрүүлнэ. Манай улсын хувьд залуусын байнгын хэрэглээ болж буй фэйсбүүк, твитер зэрэг нийгмийн цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, эрхийнхээ төлөө хүн бүр хариуцлага хүлээх үзэл санааг түгээх, бататгах зорилгоор “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Иймээс маргааш хүн бүр эрхийн талаар хэлэлцэж, мэтгэлцэж, суралцаж, мэдлэгээ бусадтай гар утас, интернет ашиглах хуваалцах учиртай.

“Хүний эрхийн өдөр”-ийг тохиол­дуулан, НҮБ-ын “Хүний эрхийн хороо”-ны гишүүн Кристер Телин, “Иргэний улс төрийн эрхийн төв”-ийн тэргүүн Патрик Мүтзен­берг нар Монголд ирсэн. Тэд өнгөрсөн онд Монгол Улсад НҮБ-аас өгсөн хүний эрхийн зөрчлийг арилгах зөвлөмжийн хэрэгжилт ямар шатанд явааг тодорхойлохоор иржээ. 2010 оны гуравдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд АНУ-ын Нью-Йорк хотод болсон хурлын үеэр НҮБ-ын Хүний эрхийн хорооноос 27 зүйл бүхий зөвлөмжийг өгсөн бөгөөд ирэх 2012 оны гуравдугаар сард дээрх зүйл, заалтуудыг хэрэгжүүлсэн байх шаардлагыг тавьсан юм.

Харин өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн яам дээр “НҮБ-ын Хүний эрхийн хорооны дүгнэлт зөв­лөм­жийг хэрэгжүүлэх нь” сэд­вээр хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөө­лөгч­­­тэй нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн зорилго нь НҮБ-ын дээрх 27 зүйл бүхий зөвлөмжийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын үүрэг, оролцоо, ир­гэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмж­лэг үзүүлэх юм.

Хүний эрхийн чиглэлээр үйл ажил­лагаагаа явуулдаг гадны төрийн бус байгууллагуудын санаа зовж байгаа дараагийн асуудал бол шүүх засаглалын тогтолцоо. Өн­гөр­сөн онд ирүүлсэн зөвлөмжид шүүх­ийн ил тод, бие даасан хараат бус байдал нь хязгаарлагдмал, хээл хахууль авилгалын асуудал байдгийг анхааруулсан байна.  Мөн ажлын үзүүлэл­тийг сайжруулах үүднээс мэргэш­сэн боловсон хүчнээр цус сэлбэж, халдашгүй эрх ямбаараа зээл, нийгмийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээг хүртэж байгаад санаа зов­ниж тодорхой арга хэмжээ авахыг анхааруулжээ. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа, санхүүжилт, ажилтнуудын мэдээл­лийг нийтэд ил тод болгох, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр учир дутагдалтай байгааг анхааруулсан юм.

“Одоогоор танай улсад үгүйлэг­дэж байгаа тогтолцоо гэвэл хүний эрхийн хорооны мэдээлэл засгийн газарт хүрэхээс гадна олон нийтэд, иргэний нийгмийн байгууллагад нээл­т­тэй байх ёстой. Засгийн газрын мэдээлэл ч тэр нээлттэй байвал сайн. Ингэснээр иргэний нийгэмд засгийн газрыг хянах боломж бүрдэнэ гэсэн үг. Танай улсын нэгдэн орсон “Иргэ­ний болон олон улсын эрхийн пакт” бол 180 гаруй орон нэгдэн орсон байдаг. Тиймээс бүх зүйл заалтуудыг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж “Иргэний болон улс төрийн эрхийн төв”-ийн тэргүүн онцолсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй дотоод хэргийн яамны гадаа хэсэг иргэд “Монголд хүний эрх ихээр зөр­чигдөж байна. Хууль зүйн сайд Ц.Нямдорж огцор” гэсэн лоозонг барьж, НҮБ-ын төлөөлөгчдөд байр сууриа хүргэхээр жагсаж байлаа. Харин манай улс НҮБ-ын Иргэний болон Улс төрийн олон улсын пакт­ын нэгдүгээр нэмэлт протоколд нэгдээгүй учир эдгээр иргэдийн ас­ууд­лыг авч хэлэлцэх боломжгүй аж.

Б.ОЙНБИЛЭГ

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж