Сонгогдох эрх ба хагас сонгогдох эрх

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Сонгогдох эрх ба хагас сонгогдох эрх

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногт баталж амжина гэсээр бараг сар боллоо. Үхнэ, үхнэ гэсээр үхрийн мах барав гэгчээр. Үхдэггүй ээ. Сураг сон­сох нь ээ, МАНАН-гийн хоёр намын бүлэг мажоритари давамгайлсан 48:28 хувилбараар сонгуулийг явуулахдаа хэрхэн шилжилт хийх, намын нэрээр (пропорционалиар) санал авах 28 хүнийг хэрхэн сонгох вэ гэдэг дээр саналаа нэгтгэж амжаагүй улмаас сунжирч байгаа гэнэ. АН-ынхны хувьд “Шилжилт байх нь зүйтэй. Шилжилт хийхдээ 48-аасаа бүрэн шилжилт хийх ёстой. Пропорционалиар санал авсан хүмүүсийг эрэмбэлнэ. Үүний дараа сонгогчдоос хам­гийн олон санал авсан хүмүүсийг намын нэрээр сонгогдох хүмүү­сийн тоонд оруулах нь зүйтэй” гэж үзсэн гэнэ. Тэдний “Шилжилт хийх нь зүйтэй” гэсэн саналыг МАН-ын бүлэг ерөнхийд нь зөвшөөрсөн. Гэхдээ шилжилтийг хэрхэн хийх вэ гэдэг дээр өөр саналтай байгаа ажээ. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Шилжилтийг яаж хийх вэ гэдэг дээр ойлголтын зөрүү байгаа. Нам 76 хүний нэрсийн жагсаалтаар тодорхой санал авна. Авсан саналынхаа хэмжээгээр 28 суудлыг хуваарилах тухай заалт хуульд оруулахаар болсон. Бүлгийн хуралдаанаар тэрхүү 28 суудалдаа 26 тойрог дээр 48 суудлын төлөө өрсөлдсөн хүмүүсээсээ бүгдийг нь шил­жүү­лэх үү, эсвэл 48-аас гадна үлдсэн 28 хүнээсээ оруулах уу, оруулбал хэдэн хувиар оруулах вэ гэдгийг хөндөж ярьсан. Ингээд “100 хувь 48-аасаа оруулах нь учир дутагдалтай. 28 хүнээс огт орохгүй юм бол нэрийг нь бичих ямар шаардлагатай юм бэ” гэж үзлээ. Тиймээс тэрхүү 28 хүнийг бүрдүүлэхдээ 48-аасаа ч оруулъя, 28-аасаа ч оруулъя гэсэн саналыг АН-ынханд тавина” гэсэн гэнэ. Үнэн л байгаа даа.

Сонгуулийн тэгш эрхийн талаар урд нь “Ардын эрх” сонинд нийтлэл бичиж байсан. Нуршмааргүй байна. Хэрвээ уншаагүй бол өдөр тутам олон арван мянган уншигчдад мэдээлэл хүргэдэг www.news.mn  цахим хуудас болон дурын хайлтын системээр сонгуулийн үндсэн зарчмуудын нэг – сонгуулийн тэгш эрхийн тухай хайгаад үзээрэй. Мөн Үндсэн хууль ба сонгуулийн дагалдах хуулиудад ч нэг хүн нэг санал өгөх, нэг хүн нэг л тойрогт дэвших зарчим цагаан дээр хараар бичээстэй байгаа. Гэтэл шилжих нэрийн дор эрх дархтан, ялангуяа намын удирдлагын эвэртэн, туурайтан бол нэг сонгуульд хоёр өрсөлдөх нь л дээ. Өөрөөр хэлбэл, МАНАН бүлэглэлийн нэг удирдах Баагий мажоритари тойрогт өрсөлдөж уначихаад пропорциональ тойр­гоос УИХ-д орж ирээд малилзаад сууж байх байна л даа.

МАН саяхан л нам бичиж болохгүй, заавал хүн бичиж өрсөлдүүлж байж 76 гишүүнийг сонгох ёстой, тэгэхгүй бол Үндсэн хууль зөрчинө гээд байсан. Одоо яасан бэ? Түүнээс хойш Үндсэн хууль маань өөрчлөгдөөгүй л юм сан. АН бол бүр зэрлэгшсэн. Нэг намаас дэвшиж болох 76–48=28 хүний сонгогдох эрхэнд халдчихлаа. Худалч хүний хөөр­хий олон гэдэг ч, сонгогдох эрхээ хасуулж байгаа АН-ын 28 хөөрхий гэж хэлэхээс өөр арга алга. Зүй нь, мажоритарийн 48-тай хамт пропорционалийн 28 дээд байгууллагынхаа хур­лаар сонгогдож, батлагдаж, сонгуу­лийн саналын хуудсан дээр нэрээ оруулах ёстой. Эсвэл олон нийтэд албан ёсоор зарлагдан Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэгдэнэ. Хүмүүс үүнийг харж санал өгөх ёстой атал 48 тойрогт дэвшээд унасан гологдлуудаас 28-ыг бүрдүүлнэ гэнэ. Урд нь 76 хүний тоглоом байсан. УИХ-ын гишүүдийг олшруулах шахуу юм ярьж байгаад, одоо бүр, 48 болгон цөөрүүлж байна. Улам л олигархи тогтолцоо руу зүтгэж байгаа хэрэг биш үү.

Аймгуудад хэдэн мандат хуваа­рилах вэ гэдгийг Сонгуу­лийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсны дараа шийднэ гэжээ. Тодруулбал, хууль батлагдангуут Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д энэ талаарх тогтоолын төслийг оруулж ирсэний дараа хэлэлцэж эхлэх юм гэнэ. СЕХ-г хүчиндэж, хүссэн мандатаа хуваарилуулаад, дараа нь буруутан болгож, золигт гаргах нь л дээ. Тиймгүй бол, бас л шийдчихсэн асуудал гээд, нийслэл ба аймгуудын мандатын хуваарилалтын тоог зарлаад байгаагүй бил үү. Уг нь тооцоолох амархан шүү дээ. Сонгогчдын тоог аймаг, дүүргээр гаргаад 48 мандатаа хувь тэнцүүлж хуваагаад л боллоо. Гэтэл юунд ингэж удна вэ? Би сайн мэдэхгүй байна. Дунд сургуульд байхдаа тоонд дандаа муу авч байсан усан тархитай нөхөд УИХ-д цуглачихсан юм биш байгаа? Үгүй байх аа. Мэдэхээс, Гончигоо багш лав математикаар доктор цол хамгаалсан хүн. Яаж логикоо ал­дахаараа ингэж балайрдаг юм бол.

Хэсэг хүүхэд олон чихэр хуваах болжээ. Тэгээд хамгийн сайн хуваана гэдэгт итгээд нэгэн ухаантан дээр очиж гэнэ. Ухаантан харин хүүхдүүдээс: – Та нар ямар хуваалтаар хуваалгах вэ, минийхээр хуваалгах уу, бурхныхаар хуваалгах уу гэж асууж. Хүүхдүүд ярилцаад бур­ханы хуваалт нь илүү шударга байх гэж санаад бурхны ху­ваал­­тыг сонгож гэнэ. Тэгтэл ухаан­т­ан их бага, янз бүрээр атган тааралдсан хүүхдэд өгч гэнэ. Зарим нь бүр хоосон хоцорчээ. Мэдээж, хүүхдүүд гомдол­той байлаа. Харин ухаантан хүүх­дүүдэд: бурхны хуваалт үргэлж тэгш биш байдаг. Хэрвээ та нар миний хуваалтыг сонгосон бол хүүхэд бүрт адилхан чихэр оногдох байлаа гэж гэнэ.  МАНАН-г ажиглаад байхад про­пор­циональ хэсгийн 28 ман­датыг бурхны хуваалтаар хуваахаар шийдсэн бололтой. Юунд үндэслэн хуваах вэ гэдэг нь огт бүрхэг, нууцлаг байна. Нуугаад л эхлэхээрээ тун но-той юм хийдэг дээ, энэ дарга нар. Энэ хэсгийн мандатыг намуудад нийт сонгогчдын саналын хувиас бодож оноох ёстой шүү. Энэ бол хүн төрөлхтөний хуваалт юм. 

Одоогийн төслөөр нийс­лэл­чүүдийн гуравны нэгний санал хогын саванд орно. Өөрөөр хэлбэл, бидний гуравны нэг нь тэдэнд хүн биш харагдаж байгаа. Ингэж хотынхны сонгох эрхийг хагасалж хаячихаад сэтгэл нь ханалгүй өөрсдийнхөө сонгодох эрхийг хоёр дахин үржүүлж байна. Үүний тулд сонгуулийн хуулийг өчнөөн удаах хэрэг байна уу? Ер нь эдэнд шударга хууль батлаад, шударга өрсөлдчих зориг алга уу?

 Ц.ГАНБАТ

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж