107 мянган иргэн гадаадад амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

107 мянган иргэн гадаадад амьдарч байна

Өмнөд Солонгос. Тус улс монголчуудын хувьд хонгилын үзүүр дэх гэрэл, ирээдүйнх нь итгэл мөрөөдлийн “жигүүр” нь болсоор удаж буй. Сайхан амьдрал, гэрэлт ирээдүйн төлөө олон мянган монгол залуус Өмнөд Солонгосыг зорьсоор. Улаанбаатарыг зорьсон их нүүдэл гэдэг шиг монголчуудын их нүүдэл Өмнөд Солонгос руу чиглэсээр л, “урссаар” л. БНСУ-д манай 32 мянга 658 иргэн ажиллаж амьдарч байна. Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл  гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа нийт 107 мянга 140 Монгол Улсын харьяат иргэд байдаг гэсэн тоо гарчээ.Зөвхөн Өмнөд Солонгос гэлтгүй харийг гэх Монголын “шилжилт хөдөлгөөн” жилээс жилд өссөөр л байгаа аж. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам /НХХЯ/-наас ар бүр тодорхой нэг сэдвийг сонгон иргэдэд нээлттэй мэдээлэл өгдөг. Энэ удаад “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Гадаадад ажил­лаж байгаа монголчуудын нийгмийн хамгааллын асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт, гадаадад ажиллах хүч гаргах, хүүхэд үрчлүүлэх, гадаад иргэнтэй гэр бүл бологсод, хүн худалдаалах зэрэг асуудлаар эрх зүйн орчин тогтолцооны талаар болон энэ чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийг танилцуулсан. Манай улсын иргэд “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн дагуу гадаадад гэрээгээр хөдөлмөр эрхэлж эхэлсэн. Мөн манай иргэд хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон боловч тухайн хүлээн авагч улсад үргэлжлүүлэн ажиллаж амьдарч байгаа олон тооны иргэд байгаа аж. 2008 оноос эхлэн  НХХЯ ажиллах хүч гадаадад гаргах бодлого зохицуулалтыг хангаж байна. Хамгийн сүүлийн үеийн байдлаар Монгол Улсад 14 аж ахуй нэгж, байгууллага гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөлтэй ажиллаж манай улсаас албан ёсны гэрээгээр ажиллах хүч гаргаж байгаа аж. Мөн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь БНСУ-ад ажиллаж байна.  Одоогоор гадаадад ажиллах хүчин бэлтгэх зорилгоор зохицуулалтын хүрээнд дотоодын боловсон хүчинд мэргэжлийн ур чадвар олгох, тэднийг дадлагажуулах, мэргэшүүлэх зорил­гоор БНСУ, Япон, БНЧУ-ын холбогдох байгууллагуудтай байгуул­сан гэрээг хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ. Цаашид гадаадад ажиллаж байгаа иргэдээс гэрээгээр бус бидний нэрлэсний хараар ажиллаж байгаа хүмүүс гэмт хэрэгт холбогдох, эрүүл мэнд болон бусад үйлчилгээ авах нь хомс байдаг учраас энэ бүгдийг авч хэлэлцэх боломжтой арга хэмжээг авхаар ажиллаж байгаа юм байна. Манай улсын иргэд хамгийн олон ажилладаг БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээний дагуу тус улсад төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Сөүл хотод байгуулснаар иргэддээ хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эмэгтэйчүүд, хүний эрхийн асуудлаар үйлчилгээ үзүүлэх,  мөн мэргэжлийн ур чад­варын түр сургалтын үйлчил­гээний хүртээмжийг бий болгох арга хэмжээг авч байгаа гэнэ.

Хүн худалдах биеийг нь үнэлүүлэх зохион байгуулсан 82 хэрэг бүртгэгджээ

Манай улсад 2006-2010 онд хүн худалдаалах 71 холбогдогч, 129 хохирогчтой 51 гэмт хэрэг, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 92 холбогдогч, 59 хохирогчтой 82 гэмт хэрэг тус тус цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан байна. Шүүхээр сүүлийн долоон жилийн хугацаанд найман хэргийг Эрүүгийн хуулийн 113-р зүйл (хүн худалдаалах)-ээр шийдвэрлэжээ. 2006 онд хүн худалдаалах, биеийг нь үнэлүүлэхтэй холбоотой найман хэрэг бүртгэгдсэн бол өнгөрсөн онд мөн найман хэрэг бүртгэгдэж байна. Сүүлийн үеийн судалгаанаас харахад БНХАУ-д манай улсын охид эмэгтэйчүүдийг биеийг нь хүчээр үнэлүүлэх хэрэг олноор гарч байгаа гэв. НХХ-ийн стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Тунгалаг тамир хэлэхдээ “Манай улсын охид эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлэх, худалдахыг оролдсон хэргүүд өмнөд хөршид ихээр гардаг. 2010 онд гэхэд найман хэрэг гарснаас 10 холбогдогчтой, 25 хохирогчтой хэрэг гарсан. Эдгээр хэргийг хууль хяналтын байгууллага нь шийдвэрлэдэг. Харин манайх тэдгээр хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслаж нийгэмшүүлэх, нийгмийн харилцаанд орж, амьдрахад нь туслах зорилгоор ажилладаг” гэлээ. Өсвөр насны хүүхдүүдийг хуурч, хулгайлах замаар авч явж, биеийг үнэлүүлэхэд өртсөн хүүхдүүд сэтгэл зүйн хувьд хүнд дарамтанд орсон байдаг аж. Манай улсад 2008 оноос бага насны хүүхэд хулгайлан хил давуулахыг оролдсон гэх хэрэг гараагүй байна.  Учир нь 2008 оноос өмнө хилээр гарч буй хүүхдүүдийг бүртгэдэггүй байсан бол 2008 оноос хилээр гарах хуудас хүүхэд ч гэсэн бүртгэдэгүй байсан гэнэ. Хүн худалдаалах асуудлаар 30 гаруй төрийн бус байгууллага 12 хандивлагчийн тус­ламж­тайгаар 1-5 жилийн хугацаатай 13 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд өнөөгийн байдлаар хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр хохирогчийг хамгаалах байрны үйлчилгээг хоёр байгууллага, хуулийн зөвлөгөө өгөх чиглэлээр таван байгууллага, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр дөрвөн байгууллага, сургалт явуулах, чадавхи бэхжүүлэх үйлчилгээг 10 байгууллага эрхэлдэг аж.

6128  монгол эмэгтэй гадаадын иргэдтэй гэрлэжээ

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд 6128  монгол эмэгтэй гадаадын иргэнтэй гэр бүл болжээ.Үүнээс 80 орчим хувь нь 18-25 насны охид, эмэгтэйчүүд байна. Гадаадын иргэдтэй гэрлэгсдийн 95-97 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж. Гадаадын иргэдтэй гэрлэгсдийн дотор 70-аад хувь нь солонгос иргэн­тэй гэрлэсэн гэсэн судалгаа байна. Монгол эмэгтэйчүүдтэй гэрлэж байгаа гадаадын иргэд 35-60 насных. Тэдний дийлэнх нь гэр бүл зуучлалын байгууллага, танил тал, найз нөхдөөрөө дамжуулан Солонгос улсын иргэдтэй гэрлэдэг аж. Гадаадын иргэнтэй, ялангуяа Солонгос Улсын иргэнтэй гэр бүл болж байгаа иргэдийн асуудлаар “Хүйсийн тэгш эрхийн төв” зэрэг ТББ гэрлэхээс нь өмнөх сургалтад хамруулах ажлыг 2008 оноос зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч байна гэж албаныхан үзэж байна. Төрийн бус байгууллагын сургалтад хамрагдсан Солонгос иргэнтэй гэр бүл болох гэж байгаа зарим эмэгтэйчүүд тухайн улсын хууль, дүрэм, ёс заншил болон гадаад бэрийн амьдралын асуудлаар зохих мэдлэгтэй болмогцоо гэрлэхээсээ татгалзсан тохиолдол гарсан аж.  Тухайлбал, сүүлийн хоёр жилийн статистикаас үзэхэд гадаадын иргэдтэй гэрлэлт ялангуяа БНСУ-ын иргэнтэй гэрлэсэн иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй  Гадаадын иргэдтэй гэр бүл болсон монгол иргэд 2007 онд 972 байсан бол 2010 онд 469 болж,  хоёр дахин буурчээ. Өмнөх онтой харьцуулвал 13 хувиар буурсан байна.

13 оронд 220 хүүхэд үрчлэгджээ

Монгол Улс дотоод үрчлэлийн тоо жилд дунджаар 2000 байдаг байна. Энэ тоо 2009 онд 2167 байсан бол 2010 онд 2487 үрчлэгдсэн байна. Дотоодын үрчлэлийн зэрэгцээ бүтэн өнчин болон асран хамгаалагчгүй, харгалзан дэмжигчгүй болсон нь тогтоогдсон, өөрийн улсдаа тохиромж­той гэр бүл олж чадаагүй хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлдэг. Монгол Улсын харъяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх асуудлыг 1999 оноос эхлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар хамтран хэрэгжүүлж байдаг аж.  Энэ хугацаанд 1999 оноос  хойш гадаадын 13 оронд нийт 220 хүүхэд үрчлэгдсэн байна. Үүнээс 118 нь эрэгтэй, 102 нь эмэгтэй хүүхэд байна. Одоогоор гадаадад үрчлэгдсэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол  гараагүй гэв. Гэвч гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэд дотоодын үрчлэлтийн журмаар буюу сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр хүүхэд үрчлэн авч, гадаадад авч гарсан тохиолдолд хяналт тавих  боломжгүй байдалд хүрч байгаа нь зарим улсын хүүхдүүдэд хяналт тавих боломж бүрдэхгүй байна. Тиймээс монголчууд олноор ажил­лаж байгаа АНУ, Европын орнууд, тухайлбал БНТУ, БНУУ,  БНПУ, ХБНГУ, Их Британи, Швед зэрэг улс дахь ЭСЯ-нд хөдөлмөрийн атташе нарыг ажиллуулах замаар төрийн үйлчилгээг тус улсад байгаа иргэдэд хүргэх шаардлага тавин ажиллаж байгаа гэж НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү хэлж байсан юм.

Ш.Оюунчимэг

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж