Ш.Сайхансамбуу: Эргээд уулзахгүй юм шиг загнаж байна
-Өнгөрсөн оны сонгуулиар хоёр нам хоёулаа л иргэдэд том амлалт өгсөн. Түүнийгээ улстөрчид хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ ийм аргаар биш. Энэ бол иргэдийг хуурсан, мэхэлсэн, залилсан хэрэгтэй л адилхан юм даа. Мэдээж, иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа, эх орны хишиг болох нэг сая төгрөгөө бэлнээр л авах бодолтой байгаа. Гишүүд өөрсдөө нэг сая 500 мянган төгрөг ч өгнө, хувьцаа ч тараана гэж амалсан. Би лав тэгж л ойлгосон. Эргээд уулзахгүй юм биш дээ. Амласнаа өгөх нь бидний үүрэг. Би лав энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаа. Иргэд биднээс хувьцаагаа нэхвэл би яах юм. Засгийн газар ингэж шийдвэрлэсэн гээдл сууж байх болж байна уу. Ер нь их заваарсан юм л хийгээд байна даа.
О.Чулуунбат: Хувьцаа юу мөнгө үү гэдгээ иргэд өөрсдөө л сонгох ёстой
-Хувьцаа өгнө гэж амлаагүй шүүдээ. Хоёр нам нийтдээ нэг сая 500 мянган төгрөг өгнө л гэж хэлсэн. Энэ нэг сая 500 мянган төгрөгөө бэлнээр өгөх үү, эсвэл үнийн дүнтэй тэнцэх хувьцаа тараах уу гэдгийг төр өөрөө шийднэ. Хэрвээ хувьцаа авахгүй сая төгрөг бэлнээр нь авья гэвэл хувьцааг нь төр үндэсний аж ахуйн нэгжүүдэд зарж борлуулж өгөх үүрэг гүйцэтгэнэ. Түүнээс төрд мөнгө байхгүй шүү дээ. Засгийн газар мөнгө үйлдвэрлэх биш. Иргэдийн авахгүй гэсэн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарж өгнө. Харин мөнгөө авна гэвэл хувьцаа олгохгүй. Хувьцаа аваад дээрээс нь бэлэн мөнгө авна гэсэн ойлголт байхгүй. Иргэд анхнаасаа л буруу ойлгосон байна. Эх орныхоо хишгийн нэг сая төгрөгийг төлбөртөө өгсөн оюутнууд хувьцаа авахгүй. Энэ бол хамгийн зөв шийдвэр. Эрх баригч намууд амалсанаа биелүүлээд л яваад байгаа. Эх орны хишгийг олгохоор иргэн бүрт сар бүхэн 21 мянган төгрөг өгч байна .Ирэх жилээс үлдсэн сая төгрөгийг нь өгөхөөр боллоо.
Д.Арвин: Амласнаа биелүүлмээр байна
-Сонгуулиар юу гэж амалсан түүнийгээ биелүүлмээр байна. Манай тойргийг сонгогчид маань ч надаас үүнийг хүлээж байгаа. Гэтэл Засгийн газрын шийдвэрээс болоод би тойргийнхоо сонгогчдод мөнгө авах уу хувьцаа авах уу гэдэг сонголтыг хүчээр тулгаж болохгүй шүү дээ. Хувьцааны асуудал бол тэс өөр юм. Газрын баялгаасаа олсон орлогоо тэгш хуваарилах үүднээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас иргэн бүрт 536 ширхэгийг олгохоор болсон. Энэ асуудал Эх орны хишгээс тэс өөр асуудал юм шүү дээ, уг нь.
Н.Дашзэвэг: Сонгуулийн амлалтаасаа буцаж л байна даа
-Манай улстөрчид дандаа л худлаа ярьдаг шүү дээ. Иргэдийгээ хуурч, хулхидсаар байгаад сурчихсан улс даа. Ийм ч юм болох болов уу гэж бодож байсан. Гэхдээ иргэд нэг сая төгрөгөө биш хувьцаагаа л авах хэрэгтэй. Хувьцаагаа нэрлэсэн үнээр төрд зарснаас зах зээлийнх нь үнээр зарсан нь дээр болов уу. Мөнгө төгрөг хэрэгтэй гэж бодвол мөнгөө авсан нь зөв. Уг нь өнгөрсөн оны сонгуулиар эрх баригч намууд хувьцаа тарааж, мөнгө өгнө л гэж амалсан. Иргэд ямар тэнэг хүмүүс биш дээ. Ингээд хуурчихдаг юм гэж ойлгож болохгүй.Эцсийн эцэст ирэх оны сонгуульд хэн худлаа амалсан, хэн амлалтаа биелүүлсэн бэ гэдэгт иргэд үнэлгээ өгнө. Тэгэхээр өнөөдөр хэн худлаа яриад хувьцаа, мөнгө хоёр чинь нэг байсан юмаа гээд байгаа хүн иргэдээс ямар үнэлгээ авах ньтодорхой.
Д.Содном: Бэлэн мөнгө тараавал эдийн засаг сүйрнэ
-Сайн мэдэхгүй юм даа. Дээр сууж байгаа улстөрчид чухам ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргаад байгааг нь сайн мэдэхгүй байна. Учиртай болоод л тэгж байгаа байх. Засгийн газар, УИХ ямар нэгэн зорилготойгоор л тэгж шийдвэрлэсэн биз. Тэгээд ч бэлэн мөнгө тараавал Монголын эдийн засаг сүйрнэ. Сая төгрөг бэлнээр авснаас илүү бэрхшээл дарамтад иргэд орно. Эдийн засгийг хямраахгүйгээр иргэдэд амалсан амлалтаа биелүүлэх хамгийн зөв арга бол хувьцаа тараах. Үүнийг дэмжиж байгаа. Хувьцаагаа мөнгө болгох эрх иргэдэд нээлттэй шүү дээ. Заавал засагт зарахгүйгээр өөрсдөө зарж борлуулж болно.
Д.Бямбасүрэн: Ийм зүйл болох нь тодорхой байсан
-Ерөнхийдөө ийм шийдвэр гарах нь аль эртнээс л ойлгомжтой байсан шүү дээ. Хувьцаа ч, мөнгө ч өгнө гэдэг худлаа байсныг иргэд ойлгохгүй явсан нь харамсалтай. Хувьцаа тараах нь эдийн засгийн хувьд зөв шийдвэр . Гэхдээ өмнөх сонгуулиар 2,5 сая төгрөгийг иргэдэд тараана гэж амалсан. Амлалтаа 50 хувь л биелүүллээ, энэ УИХ. Тэгээд ч дөрвөн жилийн өмнөх байтугай дөрвөн сарын өмнөх шийдвэрээсээ улстөрчид бултаж байна шүү дээ. Ард иргэд аль алиныг ньл авмаар байгаа байх.
Д.Балдан-Очир: Үүнээс өөр мэргэн арга олдоогүй
Хэрвээ УИХ нэгдсэн төсвийг Засгийн газрын өргөн барьснаар баталсан бол дөрөв, тавдугаар сараас бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах байсан. 2012 оны сүүл рүү инфляци бүр 20 гаруй хувьд хүрч 30 руу дөхөх байсан. Ирэх хавар УИХ-ын сонгуультай, шинэ парламент байгуулагдана, Засгийн газар байгуулагдана. Энэ хооронд төрийн хатуу хараа хяналт, зохицуулалт суларна. Иймэрхүү байдал үүсчихээд байсан. Гол нь бэлэн мөнгө олголт ард түмний амьжиргааг дээшлүүлэх биш, махны үнэ 3000 байсан бол 6000 төгрөгт хүрч үнийн өсөлтийг гааруулах байсан . Ийм учраас алсаа харсан, эдийн засгаа нураачихгүй байх ийм аргыг л олох ёстой болсон. Энэ нь явсаар байгаад сая төгрөгтэй тэнцэх хэмжээний 1072 ширхэг хувьцаа байя, зугуухан иргэд маань хүссэн үедээ хувьцаагаа Засгийн газарт өгөөд солиод нэг сая төгрөгөө авах. Энэ хооронд олон улсын хөрөнгийн зах зээл дээр хоёр дахь үнэт цаасны зах зээл нээгдэхэд өнөөх хувьцаа нь өсөх боломжтой гэж үзсэн. Үнэндээ үүнээс өөр мэргэн оновчтой арга олдоогүй. Ер нь ард түмнээ хуурсан гэхэд хаашаа юм. Харин ард иргэддээ зөвлөхөд боломж байвал өгсөн хувьцааг жаахан дарчих л хэрэгтэй юм байгаа юм. Тавантолгойн орд нөөц арвинтай, дэлхийн хамгийн оновчтой түлш нь нүүрс болж байгаа. Тийм учраас иргэдийн хувьд хувцаагаа зарахаасаа урьтаад олон улсын зах зээл дээр үнэ хүртэл өөр дээрээ байлгаачаа л гэж хүсэх байна.
С.Оюун: Хоёр нам амлалтаа биелүүлж чадсангүй
-ИЗ-НН бидний байр суурь 2008 онд нэг л байсан. Одоо ч байр суурь хэвээрээ. МАН болон Ардчилсан намын хувьд байхгүй зүйлийг байгаа мэт болгож ард иргэддээ 1.5 сая, 1 сая төгрөгийг амласан нь маш хариуцлагагүй явдал. Ялахын тулд ямар ч үнээр хамаагүй иргэддээ худлаа яриад асар их бодит хүлээлт бий болгосон. Ялангуяа орлого багатай айл өрх маш их байгааг далимдуулаад сонгогчдоо шууд бусаар худалдаж авахыг оролдсон гэдэгтэй адил болж байгаа байхгүй юу, энэ амлалт. Тэр мөнгө нь үнэхээр төсөвт 2008 онд ч байгаагүй, 2012 оны төсөвт ч олигтой бий болж чадаагүй. Өнгөрсөн жил иргэн бүрт тараасан 120 мянган төгрөгт нийт 300 гаруй тэрбум төгрөг болсон. Түүний тал нь зээлээр орж ирсэн, тодруулбал, Оюутолгой төслийн урьдчилгаа төлбөр буюу 150 сая ам.долларын зээлээр тараагдсан. Энэ жил иргэн бүрт 21 мянган төгрөгийг тараахын тулд Хүний хөгжлийн санд төвлөрсөн 800 тэрбум төгрөгийн 400 тэрбум нь мөн л зээлээр бий болгосон байх жишээтэй. Тавантолгойн ордоос олборлож эхлээгүй нүүрсээ урьдчилж зараад. Урьдчилж зарж байгаа учраас хямдхан үнэтэй зараад, тэгээд иргэддээ бэлэн мөнгө тараасан. Энэ бол үнэхээр хариуцлагагүй явдал. Маш их хэмжээний мөнгө төсөвт бий болоод түүнийгээ бүр багтааж ядаад, хаашаа зарцуулахаа мэдэхгүй юм шиг байгаа мэтээр уур амьсгал төрүүлж буй нь өөрөө их эрүүл бус. Тийм их мөнгө нэгдүгээрт бий болоогүй. Яах вэ, урьд өмнөх жилүүдийнхээс төсвийн орлого нэмэгдсэн нь үнэн. Гэвч өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд асар их асуудал хуримтлагдсан байна шүү дээг энэ нийгэмд. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллыг барилгажуулах, утаа угаараа багасгах, цэцэрлэг, сургууль шинээр барих гээд. Харамсалтай нь, хариуцлагагүй амлалт авчихсан учраас жаахан олсон мөнгөө бэлнээр тараана, эсвэл зээлээр авна. Дараагийн сонгуульд мөнгө амлахгүй гэж хоёр том нам амласан. Энэ нь хэрэгжээсэй л гэж бодож байна. Ер нь хоёр нам байхгүй зүйл амлачихсан учраас заримыг нь хувьцаа, оюутны сургалтын төлбөр гээд янз бүрээр хувааж байгаад л ийм юм хийсэн. Амлалтаа биелүүлж чадсангүй.
Д.Ганхуяг: Тусад нь ойлгох хэрэгтэй
Хуулиа уншиж үз л дээ. Буруу юм яриад байна. Иргэн бүрт нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй тэнцэх хувьцаа эхлээд олгоно. Тэрнээсээ ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэн ч байсан мөнгөө авъя гэвэл тэр нь сонголттой. Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг нь ард түмний мэдэлд байна гэж, тэрийг хуулиар баталгаажуулж байгаа. Газрын доорх баялгийг ашигт малтмалыг ачаад ав гэж болохгүй, ухаад авч болохгүй. Тэгэхээр хөрөнгийн баталгаа буюу үнэт цаасаар баталгаажуулж байгаа. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь энэ Тавантолгойн хувьцааны энгийн хувьцааны тухайд иргэд үүнийгээ зарах эрхтэй. Цаана нь стратегийн 15 орд бий. Тэрний “Эрдэнэс МГЛ” компани дээр төрийн эзэмшлийн хувийг нэгтгээд бүх Монгол Улсын иргэнд давуу эрхийн хувьцаа олгох эрхийг Хүний хөгжил сангийн тухай хуульд зааж өгсөн байгаа. Тус тусад нь ойлгох хэрэгтэй.
Д.Хаянхярваа: Бүх амлалт 1.5 сая дотроо багтаж яваа
Давхардуулж ойлгож болохгүй. Бүх амлалт 1.5 сая төгрөг дотроо багтаж байгаа. Хувьцаа ч тэр, бэлэн мөнгө ч тэр. Ямар нэгэн хэлбэрээр 1 сая төгрөгийн хувьцаа авсан бол 500 мянган төгрөгөө бэлнээр авсан байх ёстой. 1 сая төгрөгөө бэлнээр авсан бол 500 мянган төгрөгөө бэлнээр авсан байх ёстой гэдэг агуулгаар л ойлгох хэрэгтэй. МАН-ын мөрийн хөтөлбөрийг үзээрэй, 1.5 сая төгрөгийг бэлэн мөнгө, хувьцаа болон бусад хэлбэрээр гээд заачихсан байгаа. Тэгэхээр МАН болон Ардчилсан намын мөрийн хөтөлбөр дотор нэг нь бэлэн мөнгө өгнө, нөгөө нь хувьцаа өгнө гэж суулгаагүй шүү дээ. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 1.5 сая төгрөгийг бэлэн мөнгө болон хувьцаа хэлбэрээр олгоно л гэсэн. Бид чинь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг л хэрэгжүүлж яваа, энэ дөрвөн жилийн хугацаанд багтаж хэрэгжүүлэх ёстой. Яагаад гэвэл хоёр намын мөрийн хөтөлбөрөөс энэ энийг нь хэрэгжүүлнэ гээд заачихсан учраас түүнийхээ төлөө л зорино. Түүнээс нам, нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж ажиллах ёсгүй, тэр тусмаа хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа учраас. Тийм болохоор УИХ ард түмнээ хуурсан шийдвэрийг гаргаагүй гэж ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин