Багш нар энэ сарын 12-ноос хугацаагүй ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Багш нар энэ сарын 12-ноос хугацаагүй ажил хаяна

Төрийн албаны ажилчдын цалинг 2012 оны эхний улиралд багтааж хоёр үе шаттай нэмнэ гэсэн “Улсын гурван талт хэлэлцээр”-ийн үүргээ Засгийн газар биелүүлээгүй гэж үзэн багш нар энэ сарын 12 буюу ирэх даваа гаригаас эхлэн ажил хаялт зарлахаар болжээ. Энэ удаагийн ажил хаялт нь хугацаагүй байх бөгөөд ямар нэгэн шийдвэрт хүрэх хүртэл нь ажил хаялт үргэлжлэх аж. “Иргэдийнхээ үгийг сонсдоггүй төр засагтай гэдгээ бид ойлголоо. Тиймээс бид төр засагтаа мэдрүүлэх үүднээс хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл 08:00-19:00 цаг хүртэл бид хичээл орохгүй гэж ойлгож болно. Бид шаардлагуудаа хол­бог­­дох сайд, дарга нарт нь явуулаагүй биш явуулсан. Даан ч тэд бидний шаардлагад ямар ч хариу ирүүлсэнгүй. Ажил хаях болсон тухайгаа бид эцэг, эхийн төлөөлөлд тухайн сургуулиар нь дамжуулж бичгээр хүргүүлсэн” гэж Боловсрол, шинжлэх ухааны үйлд­вэрчний эвлэлийн хорооны дар­га Ж.Батзориг ярьж байсан юм.

Энэхүү хугацаагүй ажил хаялтад одоогийн байдлаар 89 сургууль, 98 цэцэрлэг оролцохоо мэдэгдээд байгаа аж. Мөн хөдөө орон нутгийн холбоо, хороодоос 21 аймгийн 14962 багш, ажилчин дэмжиж гарын үсгээ ирүүлсэн байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнчлэлтэй Сэлэн­гэ аймгийн Бугант, Хөтөл, Архангай аймгийн Тариат, Өвөрхангай аймгийн Богд, Төв аймгийн Батсүмбэр, Багануур дүүргийн “Гүн галуутай” цог­цол­бор, Налайх дүүргийн 140, 152, 153 дугаар цэцэрлэгүүд нэгдэх хүсэлтээ ирүүлсэн аж. Басхүү 21 аймгийн Үйлдвэрчний холбоод ажил хаяхаа мэдэгдээд байна.

“Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд боловсролын салбар нь хамаагүй гэх ойл­голт сайдынх нь үйлдлээс ажиг­лаг­даж байна. Багш нарын ажил хаялт зөвхөн цалинтай хол­боо­гүй. Ер нь Монголын боловсролын салбарыг үнэ­гүйд­лээс гаргая л гэж бид тэмцэж байгаа. Боловсролын сал­ба­рын бодлогыг багш нар л боловсруулна биз дээ. Бод­логыг бидний оролцоотой тодорхойлоочээ гэж л шаар­даад байгаа шүү дээ” гэж Боловс­ролын салбарын ажилтнуудын ажил хаялт зохион байгуулах түр хорооны дарга Ч.Алтанцэцэг ярьж байсан юм.

Одоогоос хэд хоногийн өм­нө “Зангиагүй уулзалт”-нд оролцож байхдаа салбарын сайд нь юу гэж хариулж байсныг та бүхэнд сануулъя. “Боловролын салбарын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөлтэй уулзсан. Ер нь цалин бага байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Ямар ч байсан уулзаж, ярилцаж байгаа” гэж БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хэлж байсан юм.

Харин тэд ингэж ярьж байна. “Бид ер нь сайдтай уулзаагүй. Эсвэл ажилтай, эсвэл гадаадад явдаг хүн байна лээ. Харилцан ямар нэгэн зөвшилцөлд хүрвэл байдал ийм болохгүй байсан. Яагаад бидэнтэй уулзаад ший­дэлд хүрэхээс жийрхээд байгаа юм бэ? Бид түүнийг бариад идэхгүй шүү дээ” гэж Ж.Батзориг ярьж байсан юм.

Ямар ч байсан тэд ажил хаях тухайгаа зарлалаа. Харин тэдний энэ тэмцэл ямаршуухан үр дүнд хүрэх нь эргэлзээтэй. Харин тэд илүү өөдрөг байна. “Тавьсан шаардлага бүр үр дүнд хүрдэггүй гэж ойлгож болохгүй. Ямар ч байсан ямар нэгэн үр дүнд хүрэх ёстой. Үр дүнд хүртэл нь бид тэмцэх болно. Өвлийн хүйтэнд манай багш нар энэ тэгш бус байдлаас салъя гэж тэмцэж байгаа учраас ямар нэгэн үр дүнд хүрэх нь гарцаагүй. Бид ямар ч байсан бодлогын төвшинд багш нарын оролцоог нэмээсэй гэж хүсч энэ тэмцлийг хийж байгаа. Багш нар байхгүй бол боловсролын салбар байхгүй шүү дээ” гэж Ч.Алтанцэцэг ярьж байлаа.

Тэдний ажил хаялт 12-нд эхэлнэ. Нэгэнт төсөвт суугаад баталчихсан энэ асуудал тэд­ний ажил хаялтаар хэрхэн ший­дэг­дэхийг харах л үлдлээ. Тэд ажил хаяж, ардын хүүхдүүд хи­чээлээ завсардсаны хариуд тэд­ний ца­лин 23 хувиар нэмэгдэх үү?’

С.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж