Эрэлт ихэсч, ам.доллар 1365 төгрөгт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Эрэлт ихэсч, ам.доллар 1365 төгрөгт хүрлээ

Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш нэлээд савалгаатай байна.   Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн ам.долларын ханш байнгын өсөлт­тэй байсан бөгөөд энэ нь эдийн засагт ямар нэгэн сөрөг үр дагавар авчрахгүй  хэмээн төвбанкны зүгээс мэдээлж байсан. Гэсэн хэдий ч ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1365 төгрөг байна. Гэхдээ энэ бол Монголбанкнаас зарласан үнэ. “Найман шарга” валютын зах дээр ам.долларын ханш 1378-1380 төгрөг байгаа аж. Монголбанкнаас өгсөн мэдээгээр бол ам.долларын ханшид цаашид төдийлөн их өөрчлөлт орохгүй байх гэсэн таамаглал байна. Учир нь баяр наадам дөхөөд ирэхээр валютын ханш тодорхой хэмжээгээр чангардаг гэсэн тайлбарыг зарим шинжээчид өгч байна лээ. Нөгөө талаар ирэх жил мөнгөний ханш унана гэсэн сургаар хадгаламжийнхаа мөнгийг валютаар байршуулах сонирхол иргэдийн дунд нэлээд ихэссэн гэх. Тиймээс ам.долларын эрэлт өнгөрсөн сараас нэлээд эрчимжсэн бөгөөд харин нийлүүлэлт бага байгаа нь ийнхүү ханш өсгөх шалтгаан болоод байгаа юм байна. Монголбанкнаас ерөнхийдөө валютын хадгаламж хэлбэлзэлтэй байгаа гэх мэдээлэл өгсөн.  Хэдийгээр өнөөдрийн байд­лаар нийт хадгаламжийн 76 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж буй ч валютын ханш сүүлийн сард нэлээд нэмэгдсэн гэх мэдээллийг Монголбанкны ажилтан өгсөн. Харин эдийн засагчдын зүгээс энэ чангаралт нь  дэлхийн зах зээлд унаж байгаа зэсийн үнийн хямдралтай холбоотой гэдэг тайлбарыг өгч буй.  Өнгөрсөн  зун 9000 мянган ам.доллар байсан зэсийн ханш 6000 мянга руу бууж ирсэн нь ам.долларын ханшид нөлөөлж байна гэх тайлбарыг гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг өгнө лээ. Ам.доллар ч гэлтгүй юанийн ханш 214 төгрөг байгаа. Гэхдээ энэ нь бас л Монголбанкнаас зарласан үнэ. “Найман шарга”-д юань  222 төгрөгөөр байгаа гэнэ. Юанийн үнэ өсөх шалтгаан нь шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбоотой гэнэ.  Өнгөрсөн жил ам.долларын эсрэг хамгийн их чангарсан валютаар төгрөг тодорч байсан бол өнөөдрийн байдлаар ам.долларын эсрэг төгрө­гийн ханш 13 төгрөгөөр суларч байна.

Засгийн газраас зарлагыг нь долоон их наядаар тооцож өргөн барьсан ирэх жилийн төсвийг УИХ-аас бараг их наяд гаруй төгрөгөөр буруулсан ч  эдийн засаг­­чид ам.долларын ханшийн өсөл­тийг их мөнгөний амлалттай хол­бон тайлбарлаж байгаа юм. Учир нь инфляцийн өсөлт төгрөгийн худалдан авах чадварыг бууруулах учраас бэлэн мөнгөтэй иргэд ам.долларыг их хэмжээгээр худалдан авах болсон байна.  Үүнд дээр ч Монголбанкны хэлтэсийн захирлын “ХХ тогтоол давтагдахгүй гэх газаргүй” гэсэн ярицлага нэлээд нэрмээс болсон бололтой. Хэдийгээр Монголбанк бид тийм мэгэдэл хийгээгүй, төгрөгийн ханш унахгүй гэсэн тайбарыг өгч буй ч ам.долларын эрэлт иргэдийн дунд байсаар л байна. Ам.долларын чангаралт, иргэдийн эрэлт хэрэг­цээнээс бол инфляцийн инерци хөдөл­­гөөнд орохгүй гэх газаргүй юм. Учирнь Монголын суурь эдийн засагт нөлөөлдөг хоёр хүчин зүйл бол эрэлт, нийлүүлэлт.

2008-2009 он үед ам.долларын ханш огцом чангарч, түүнийг нь барихыг оролдсон Монголбанкны бодлого бүтэлгүйтсэн тал бий. Макро эдийн засагт гарсан энэ   ийм үзэгдэл ирэх онд давтагдаж болзошгүй гэдгаас зарим эдийн засагчид жийрхэж байгаа аж.  Монголбанкны зүгээс ам.долларын ханшийн чангаралтын эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд авах шаардлагагүй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Ийнхүү төгрөгийн ханш чангаралттай байгаа  хэмээн тайшруулах тариаг хийж буй төв банк валютын ханшийн өсөлтөөс айх хэрэггүй гэдэг тайлбарыг өгч байгаа нь басл тайшруулах тариа төдийхөн битгий байгаасай гэж найдая.

 Ж.ЭРХЭС

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж