Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэл

Хуучирсан мэдээ: 2011.12.09-нд нийтлэгдсэн

Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэл

УИХ-ын сонгуулийн тухай хууль удахгүй батлагдана, сайн талаас нь харвал шүү дээ. Харин муу талаас нь харвал энэ хууль хичнээн ч цаг хугацааг туулж магадгүй.

Гэлээ ч уг хуулийн агуулга болоод ач холбогдол олон нийтийн анхаарал татсан сэдэв хэвээр байгаа, ялангуяа хэвлэл мэдээллийнхний хувьд. Гэхдээ энэ удаа 60 хуудас, 60 зүйл бүхий уг хуулийн төслөөс хоёрхон заалтыг авч ярья. Хуулийн төслийн 37 дугаар зүйлийн 24, 25 дугаар заалтаар нэр дэвшигч, намууд болон хэвлэл мэлээллийн хэрэгслийн харилцааг зохицуулсан гэж болно. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр явдаг хууль бус сурталчилгаа, нэр дэвшигчид, намууд руу чиглэсэн хуудуутай мэдээлэл, гүтгэлгийг хазаарлах зорилготой. Ач холбогдол нь сонгуульд санал өгөх гэж байгаа сонгогчдын эрх ашгийг хамгаалах, үнэн бодит мэдээлэл дээр тулгуурлан сонголтоо зөв хийхэд нь туслах юм. Тэгэхээр үнэн хэрэгтээ энэ бол нэр дэвшигчид болоод намууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ач холбогдолтой гэхээсээ илүү сонгогчдын эрх ашгийн тулд хийж буй зохицуулалт гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ үүднээс нь харвал сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн тодорхой хэмжээний хариуцлагыг өөртөө авах ёстой гэсэн үг.

Сонгуулийн тогтолцооны маргаан, хэрхэн холих тухай асуудлаас болж бүтэн жил гаруй гацсан уг хуулийн төсөл өнгөрсөн намар УИХ-аар хэлэлцэгдэж эхэлснээс хойш зарим нэг заалтууд нь хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсныг уншигчид санаж буй байх. Тодруулбал, худал мэдээлэл тараасан нэр дэвшигч болон хуулийн этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-20 дахин, хэвлэл мэдээллийн байгууллагад 20-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ноогдуулахаар зохицуулсан байсан билээ. Энэ нь хэвлэлийнхний зүгээс шүүмжлэл дагуулж, “яахаараа гүтгэсэн этгээд нь бага торгуультай, гүтгэлгийг нь дамжуулсан бид их торгуультай байдаг юм бэ” хэмээн заргалдацгаасан. Уг нь бол зөв л л дөө. Гэхдээ үүнийгээ илэрхийлэх гэж харин ч илүү “бартаа” туулсныг санаж байна. Бүр сүүлдээ тэр нь “шантааж” маягтай болж, “Унавал улстөрчидтэй хамт унана шүү”, эсвэл “Тэгвэл улстөрчдийн бүх булхайг дэлгэнэ” ч гэх шиг марзан зүйлсийг зарим нь ярьж, бичиж эхэлсэн билээ. Ухаандаа “Сайд ялаа хоёрын сонингоор алдаг” гэдэг шиг. Тэр тоолонгоор нөгөө улстөрчид нь ч “унахгүй”-н тулд хуулийн заалтыг янз бүрээр өөрчилж, олон ч удаагийн хэлэлцүүлэг хийсэн. 

Уг нь бол хуульд заасан худал мэдээлэл, бусдын нэр хүндэд халдсан гүтгэлгийн эсрэг хууль тогтоогчид нь ч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь нэг байр суурьтай байх ёстой юм. Гэтэл харамсалтай нь сүүлийн үеийн энэ маргаан яаж үүнээс ангид байх вэ гэдэгт биш, хэрхэн хариуцлагаас мултрах вэ гэдэг өрсөлдөөн болоод хувирчихсан. Уг нь бол бусдын нэр хүндэд халдах, ор үндэсгүйгээр гүтгэх энэ тэр нь зөвхөн сонгуулийн хуульд ч биш, эрүүгийн хуулийн зүйл заалтад орчихсон гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Хуульд нэгэнт ингээд заачихсан хойно “хууль хатуу байна” гэж шүүмжлэх эрхгүй, дагаж мөрдөх л үүрэгтэй. Харин сонгуулийн хуульд тусгайлан давхар зааж өгсөн нь дээр хэлсэн сонгогчдыг худал мэдээллээр төөрөлдүүлэх, хууран мэхлэхээс л сэргийлсэн хэрэг.

Дээр нь сонгуулийн үеийн сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эдийн засгийн ашиг авчирдаг бол улстөрчид, нэр дэвшигчдэд өрсөлдөгчөөсөө давуу байдлыг олж авах боломж олгодог. Тиймээс өөрт ирэх ашгийн төлөө бусдыг хохироож болохгүй ээ л гэсэн үг. Өөрт хүсэхгүй зүйлийг бусдад бүү хүс гэдэг биз дээ. Тэгээд ч сонгуулийн хуулийн зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд маргааныг хянан шийдэх хугацаа нь харьцангуй богино тул хохирлыг аль болох хурдан барагдуулах, алдаа ташааг залруулах боломжтой.

Энэ мэт шаардлагаар хуулийн зүйл заалтад орсон торгуулийн хэмжээ болоод үндэслэлийг хэлэлцүүлгийн явцад бага зэрэг өөрчилжээ. Тодруулбал, нам эвсэл, нэр дэвшигч хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд өөрийн бэлтгэсэн болон захиалсан нийтлэл, нэвтрүүлгийн үнэн бодит байдлыг хариуцахаар, хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 37-гийн 24-т зааснаас бусад, өөрийн бэлтгэсэн болон бусдын захиалгаар бэлтгэн нийтэлж, нэвтрүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийн үнэн бодит байдлыг хариуцахаар болсон байна. Нэг үгээр хэлбэл, нам эвсэл, нэр дэвшигч хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгө төлж гаргасан нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө хариуцлага хүлээж, харин хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдийн санаачлагаар болон гуравдагч этгээдийн захиалгаар нийтэлж нэвтрүүлсэн мэдээллийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэсэн үг.

Хуулийн эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд хуулийн төслийн 37-гийн 30-д заасанчлан нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийг ижил ноогдуулахаар, нэр дэвшигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ноогдуулахаар болжээ. Нам, эвсэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хуулийн этгээд гэдэг утгаараа илүү хариуцлага хүлээж, нэр дэвшигчид харьцангуй бага торгууль ноогдуулахаар болсон байна. Ямар ч байсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод тэднийг захиалагчдын хувьд хариуцлага нь ижил түвшинд очсон гэсэн үг.

Тэгэхээр энэ удаад сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийнхний зүгээс “чамд долоо, надад долоохон” гэдэг шиг гомдлыг дахин гаргахгүй биз. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхний хувьд ямар ч асуудалд шүүмжлэлтэй ханддаг нь жам ёсны зүйл. Гэхдээ бусдыг хардаг тэр хурц нүдээрээ хааяа ч гэсэн өөрсдийгөө хардаг байхад гэмгүй. Өөрчлөлтийг хүсч байвал өөрөөсөө эхэл гэсэн үг. Тэгээд ч өнөөдрийн нөхцөлд шүүмжлэлээс илүү оролцоо чухал болоод байгаа. Сонгууль шударга явах, сонгогчдын хүссэн үр дүнг үзэхэд хэвлэл мэдээллийнхний хариуцлага, оролцоо хэрэгтэй биш гэж үү.

Б.СЭМҮҮН

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж