“МанЮ”, “Ман Сити” эхний даваагаа барсангүй

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

“МанЮ”, “Ман Сити” эхний даваагаа барсангүй

Европын хөлбөмбөгийн холбооны клубуудын дунд зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн энэ улирлын хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Шилдэг 32 баг хэсгийн шатны сүүлийн буюу зургаа дахь тоглолтоо хийснээр шөвгийн 16-д өрсөлдөх багууд тодорхой болов.

Аваргуудын лигийн сугалаа гарсны дараа л А хэсгийг “үхлийн” хэмээн тодотгож байсан. Энэ ч батлагдаж, хэсгээс гарах ижилхэн магадлалтай дөрвөн багийн гурав нь сүүлийн тойрогт хувь заяагаа шийдлээ. Сүүлийн тоглолтын өмнө “Байерн Мюнхен” хэсгээс шалгарах нь тодорхой болж, “Вильярреал” тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон бол үлдсэн нэг эрхийн төлөө “Манчестер Сити”, “Наполи” багууд өрсөлдсөн. Ингэхдээ ялихгүй давуу байдал Италийн багийн талд байлаа. Харин “Ман Сити” талбайдаа “Байерн Мюнхен”-г хожих даалгавартай байв. Тэд ч Давид Сильва, Яаяа Туре нарын гоолоор 2:0 харьцаатай өрсөлдөгчөө хожсон ч нөгөө талд “Наполи”, “Вильярреал”-ыг талбайд нь 2:0-ээр хожиж, англичуудын найдварыг үгүй хийжээ. “Наполи”-гийн Гөхан Инлер, Марек Хамшик нар энэ тоглолтын хувь заяаг шийдсэнээр 20 жилийн дараа Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарч, харин Роберто Манчинигийн “Цэнхэр хувцастнууд” Европа лигт өрсөлдөх болов. Харин “Вильярреал” хэсгийн бүх тоглолтдоо хожигдож, ойрын хэдэн жил үзүүлээгүй муу түүхийг бичлээ.

В хэсгээс Италийн “Интер Милан” баг шалгарах нь тодорхой болоод байсан бол үлдсэн эрхийн төлөө бусад гурван баг өрсөлдсөн. Боломж “Туркийн Трабзонспор” багт илүү байсан ч тэд “Лилль”-ийн талбайд гоолгүй тэнцээ хийснийг Оросын “ЦСКА” баг өөрийн талд ашиглаж чадсан. Миланд болсон тоглолтод Оросын армийн багт Сэйду Думбя, Василий Березуцкий нарын гоолын ачаар 2:1-ээр “Хар хөхүүд”-ийг хожиж, хэсгээс шалгарах болзлоо хангасан байна. Оросын баг “Трабзонспор”-оос ердөө ганцхан онооны илүүтэй хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан бол Францын аваргуудын хувьд Европын тавцан дахь тэмцэл нь ингээд өндөрлөж байна.

С хэсэгт ч Аваргуудын лигийн эрхээ халааслаагүй гурван баг байлаа. Энэ хэсгээс Португалийн “Бенфика” шалгарах нь тодорхой болоод байсан бол Румыний “Оцелул” цааш өрсөлдөх боломжгүй болж, харин Швейцарийн “Базель”, Английн “Манчестер Юнайтед” багуудын аль хожсон нь шилдэг 16-д үлдэх байлаа. Швейцарийн багийн талбайд болсон тоглолтыг “Улаан чөтгөрүүд” давуу байдалтай эхлүүлсэн. Тэд ердөө тэнцэхэд л эрхээ авах байсан ч ес дэх минутад Марко Штреллерийн оруулсан гоол тоглолтыг тэр чигт нь өөрчилсөн. Хаалгандаа гоол алдсан Манчестерийн “Улаанууд” үлдсэн цагт довтолж, “Базель” хамгаалах тактикт шилжсэн. Гэхдээ талбайн эздийн хамгаалалтыг Алекс Фергусоны баг яаж ч хичээгээд нэвтэлж чадаагүй юм. Харин ч цаг дуусахаас таван минутын өмнө Александр Фрай эсрэг багийн хамгаалалтын хайнга байдлыг ашиглаж, тоог 2:0 болгосноор тоглолтын хувь заяа шийдэгдсэн. Тоглолтын эцсийн шүгэл дуугарахаас өмнө амжиж хоёр гоол хийх хүнд даалгавартай тулсан “Улаан чөтгөрүүд” үндсэн цаг өндөрлөхөөс ганцхан минутын өмнө Фил Жоунсын ачаар гоолын зөрүүг ойртуулсан ч нэмж гоол хийж чадсангүй. Тоглолт 2:1 харьцаатай дуусч, “Базель” Аваргуудын лигийн шилдэг 16-д шалгарав. Харин Алекс Фергусоны баг сүүлийн 17 жилийн хугацаанд гурав дахь удаагаа Аваргуудын лигийн хэсгээс шалгарч чадсангүй. Хэсгийн нөгөө тоглолтод “Бенфика” “Оцелул”-ыг 1:0-ээр хожиж, хэсгээс тэргүүн байраар шалгарах болзлоо хангажээ.

D хэсгийн хувьд үлгэрийн гэмээр үр дүн гарлаа. Хэсгийн бүх тоглолтдоо хожиж шалгарах нь ойлгомжтой болсон “Реал Мадрид”, өрсөлдөгч “Лион”-оос гурван оноо, долоон гоолын илүү байсан “Аякс” багууд сүүлийн тоглолтыг хоорондоо хийсэн. Амстердамд болсон тоглолтод “Аякс” хожигдохгүй л бол эрхээ авах байлаа. Хожигдлоо ч цөөн бөмбөг алдсан тохиолдолд шалгарна. Нэг үгээр бол хасагдах шатны эрх тэдний халаасанд байсан юм. “Реал” ч энэ тоглолтод үндсэн бүрэлдэхүүний олон оддоо талбайд гаргаагүй. Гэхдээ тэдний сэлгээний баг “Аякс”-ыг хангалттай хожсон байна. Эхлээд Хосе Каллехон 14 дэх минутанд гоолын салхийг нээж, залгуулаад Гонсало Игуайн завсарлахаас дөрвөн минутын өмнө тоог 2:0 болголоо. Дараагийн хагаст талбайн эзэд гоол хийгээгүй бол Каллехон эцсийн цэгийг тавьж, 3:0-ээр “Реал Мадрид” хожиж, клубийнхээ түүхэнд 15 тоглолт дараалан хожсон амжилтыг давтлаа.

Хүнд байдалд байсан “Лион” Хорватын нийслэлд “Динамо” багийг олон гоолын зөрүүгээр хожих даалгавартай байв. Тэд ч тоглолтын эхнээс талбайн эздийг “бөмбөгдөж” байсан ч эхний гоол тэдний хаалганд оржээ. Диамогийн Ковэчич 40 дэх минутанд эхний гоолыг оруулсан ч завсарлахын өмнөхөн Бафэтимби Гомис тэнцүүлснээр дараагийн 45 минут эхэлсэн юм. Энэ үед Гомис нэмж гурван гоол хийсэн бол Лисандро Лопес, Максим Гоналон, Жимми Бриан нар тус бүр нэгийг хийж 7:1-ийн харьцаатай Францын багийн ялалтаар тоглолт өндөрлөсөн байна.

Ингэснээр “Лион” хоёр гоолын давуу байдалтай болж, “Аякс”-тай адилхан оноотой ч гоолын зөрүүгээр дараагийн шатанд шалгарсан байна. “Реал” энэ хэсэгт ердөө хоёрхон бөмбөг хаалгандаа алдсан төгс тоглолтыг үзүүлсэн бол “Аякс” дахин нэг удаа мултарч, Европа лигт сэтгэлээ тайтгаруулах хэрэгтэй болж байна. Харин “Динамо Загреб” нэг ч оноогүй, хаалгандаа 22 гоол алдсан амжилттай Аваргуудын лигийн тоглотоо дуусгалаа.

Английн багуудаас Манчестерийн хоёр баг хэсгээс шалгарч чадалгүй Европа лиг рүү унасан бол “Челси”-г огт өөр хувь заяа хүлээж байлаа. Лондонгийн “Цэнхрүүд” талбайдаа “Валенсия” багийг зөвхөн хожих даалгавартай Е хэсгийн сүүлийн тоглолтыг эхлүүлсэн. Хэрвээ тоглолт тэнцэх юм бол Испанийн баг хэсгээс шалгарах боломжтой. Сэтгэл зүйн ийм дарамт дор Виллаш-Боашийн удирдсан баг тоглолтыг гайхалтай эхлүүлсэн. Үүнд Дидье Дрогбагийн үүрэг нөлөө их байсан. Кот Д’Ивиурын довтлогч гэрээгээ сунгахаас татгалзсан нь энэ жил түүний хувь цэнхэр хувцастай өнгөрүүлж байгаа сүүлийн жил гэдгийг фенүүдэд нь ойлгуулсан. Тэрбээр сүүлийн жилээ “Челси”-д том бэлэг барихаар шийдсэн бололтой. Тоглолт эхлээд гурван минут өнгөрч байхад эхний гоолыг оруулсан Дрогба 20 минутын дараа гоолын дамжуулалтыг бэлдэж, Рамирес тоог 2:0 болгожээ. Энэ гоолд “Валенсия-гийн хамгаалагчийн үүрэг их байсан. Ингэснээр тоглолтын дүр зураг шал өөрөөр эргэсэн байна. Хоёр гоол хийх ёстой болсон “Валенсия” гол анхаарлаа довтолгоонд хандуулсан ч тэдний олон довтолгоог талбайн эзэн багийн арын шугам зогсоож байлаа. Энэ нь “Челси”-д сөрөг довтолгоо хийх боломж үүсгэж, 76 дахь минутанд Матагийн бас нэг дамжуулалтаар Дрогба хаалгачийн эсрэг гарч, тоог 3:0 болгосноор “Челси” хэсгээс шалгарах эрхээ авсан юм.

Энэ хэсгийн нөгөө тоглолтод “Генк” талбайдаа “Байер Леверкузен”-тэй 1:1-ээр тэнцэж, хэсгийн гурав дахь тэнцээгээ байгуулснаар Германы баг хэсгээ тэргүүлэх боломжоо алдсан байна. “Челси” нэг онооны илүүгээр хэсгээ тэргүүлж, “Байер Леверкузен” хэсгээсээ хоёроор шалгарч, дараагийн шатанд шалгарлаа. Харин “Валенсия” Европа лигт тоглолтоо үргэлжлүүлэхээр болсон байна.

F хэсгээс нэгээр шалгарах нь баталгаатай болсон “Арсенал” сэлгээний багаараа “Олимпиакос”-той тоглоод хожигдлоо. Грекийн баг талбай дээрээ Жэббурийн гоолоор тэргүүлж эхэлсэн төдийгүй Фустер 36 дахь минутад тоог 2:0 болгожээ. Ёсси Бэнаюн “Арсэнал”-ын нэр төрийн гоолыг оруулсан. Гэсэн ч Модэсто тоглолтын эцсийн цэгийг тавьснаар 3:1-ээр “Олимпиакос” хожиж, хэсгээс шалгарах эрхээ бараг халаасалсан байна.

Харин нөгөө талд “Боруссия Дортмунд”-ын талбайд зочилсон “Марсель” “Олимпиакос”-т гэнэтийн бэлэг барилаа. Якуб Блашиковский болон Матс Хуммелс нарын авто гоолоор 2:0-ээр хожигдож явсан Францын баг Лойк Рэмигийн ачаар завсарлахаас өмнө тоог ойртуулж, байраа солиолд Андрэ Айю, Мэтью Валбуэна нарын гоолоор 3:2-ын харьцаатай ялалт байгуулж гахйалтайгаар хэсгээс шалгарсан байна.

“Арсенал” хэсгийн тэргүүнээр шалгарч, “Марсель” 10 оноотой хоёрдугаар байраар хасагдах шатанд үлдлээ. Харин “Олимпиакос” аз дутаж, Европа лигийн эрхтэй үлдсэн бол Бундеслигийн аварга “Боруссия Дортмунд” нутгийнхаа дэвжээнд хүч үзэх болж байна.

G хэсгийн гол дуулиан нь Киприйн “АПОЭЛ баг” эрт хэсгээс гарах нь тодорхой болсон явдал. Ингэснээр “Зенит”, “Порту” багууд 16-д үлдэхийн төлөө хоорондоо өрсдөлсөн. Тэд хамгийн сүүлийн тойрогт хоорондоо таарсан. Нэг оноо илүү “Зенит” “Порту”-гийн талбайд тэнцэхэд л шалгарах эрхтэй болох байсан. Үүнийгээ ч сайн биелүүлж гоолгүй тэнцээ хийсэн бол “АПОЭЛ” талбайдаа “Шахтёр”-т 2:0-ээр хожигдсон ч хэсгээ тэргүүлж чадлаа. “Шахтёр”-ын хувьд бүтэлгүй эхлэл тавьсны уршгаар гэртээ харьж, “Порту” Европа лигийн цомоо хамгаалах хэрэгтэй болж байна.

Н хэсгээс шалгарах хоёр баг аль хэдийнэ тодорхой болоод байсан. “Барса” энэ хэсгийг тэргүүлэх нь ойлгомжтой болсон ч сүүлийн тойрогт “БАТЭ”-г 4:0-ээр хожсон бол “АС Милан” Чехийн “Виктория” багийн талбайд зочилж, 2:2-ын харьцаатай тэнцсэн банйа. Ингэснээр “Виктория” Европа лигийн тавцанд арай тайван өрсөлдөх болмжтой болсон байна. 

Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд ийнхүү өндөрлөж, хасагдах шатны 16 баг тодорлоо. Эдгээр багуудын сугалаа арванхоёрдугаар сарын 16-ны өдөр болсноор ирэх оны хоёрдугаар сар хүртэл “Аварга” багуудын өрсөлдөөн түр завсарлах юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж