“Гоёл” наадмаар нэвтрүүлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

“Гоёл” наадмаар нэвтрүүлэг хийнэ

Монголын загварын ертөнцийн шилдгийг тодруулах “Гоёл-2012” наадмын хүрээнд энэ жил анх удаа загварын долоо хоногийг зохион байгуулж, гадаад харилцаа тал дээр онцгой анхаарал хандуулж буйгаараа онцлогтой болно гэгдэж буй. Наадмын загварын долоо хоног арванхоёрдугаар сарын 10-14-нд “Ramada” зочид буудалд болох бөгөөд нэг өдрийн тасалбарын үнэ 3000 төгрөг юм. Харин 15-нд Соёлын төв өргөөнд шагнал гардуулах гала концерт болно. Тасалбарын тухайд 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг “Шилмэл загвар” компанийн байр болон СТӨ-ний кассаар худалдаалж байна.

Наадмын хөтөлбөрийн тухайд байгууллага, дизайнеруудын хувийн үзүүлбэр байдлаар төлөвлөгдөх юм. Өөрөөр хэлбэл, тухайн цагт загвараа үзүүлэх байгууллага, дизайнерууд загвараа танилцуулах үедээ хүргэх аяз, дууны сонголт болон хувцасны дараалал, хэв маягаа шийдэх аж. Загварын долоо хоногийн үеэр танилцуулах хувцас загварыг өдөр тутмын, уран сайхны, үндэсний, гоёлын гэсэн үндсэн дөрвөн хэсэгт хуваажээ. Эхний гурван өдөр Монголын дизайнеруудын урласан загварууд дэлгэгдэх ба 14-нд урд болон хойд хөршийн загвар зохион бүтээгчдийн  загваруудыг толилуулах юм байна.

“Гоёл” наадамтай холбоотой өөр нэгэн шинэлэг зүйл бол наадмын өнгө төрхийг илтгэх бүхий л үйл явдал, хувцас загварууд болоод тэдгээрийг урласан загвар зохион бүтээгчдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий нэвтрүүлэг хийж, ирэх оны эхээр “Монгол HD” сувгаар үзэгчдэд хүргэх гэнэ.

“Гоёл-2012” наадмын талаар Монголын дизайнеруудын холбооны Хувцас, дизайны салбарын тэргүүн, “Шилмэл загвар” компанийн ерөнхий захирал  Ч.Оюунцэцэгээс тодрууллаа.

-Жил бүр “Гоёл” наадмын шүүлтийн талаар асуудал гардаг. Энэ жил наадмын шүүх бүрэлдэхүүн ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллах вэ?

-Ерөнхийдөө шүүлтийг хамгийн шударгаар явуулах үүднээс гадны мэргэжлийн хүмүүсээс урьж, шүүгчээр ажиллуулдаг байгаа. Голчлон мэргэжлийн дизайнерууд байдаг. Шүүгчдийн бүрэлдэхүүн 5-7 хүн ажиллана. Гэхдээ шүүх бүрэлдэхүүнийг  энэ сарын 15-нд болох шагнал гардуулах гала концертоос өмнө мэдээлэх боломжгүй.  Энэ нь шүүлтийн тал дээр ямар нэгэн асуудал үүсэхгүй гэсэн баталгаа болж байгаа юм.

-“Гоёл” наадмын загварын долоо хоногоор танилцуулсан загваруудыг дараа нь худалдан авах тал дээр албан ёсны зохицуулалт хийж байгаа юу?

 -Ер нь наадамд сонирхуулсан загварыг худалдан авах сонирхолтой хүмүүс их байдаг. Нэгдсэн байдлаар хувцас загваруудыг хүмүүст хүргэх ажил хийгдээгүй. Учир нь наадмын хөтөлбөрийн онцлогоос хамаарч байгууллагууд, дизайнерууд өөрсдөө шийдэх бололцоотой юм. Өөрөөр хэлбэл, үзэгчид тухайн загварыг урласан дизайнертай нь холбогдох хэрэгтэй. 

-“Гоёл-2012” наадам Fashion TV-гээр гарна гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна?

-Монголын хувцас загвар олны, тэр дундаа дэлхийн анхааралд байх нэгэн боломж нь энэ юм болов уу. Бид хоёр төрлийн бичлэг хийж, Fashion TV-д илгээх юм. Эхнийх нь урьдаас бэлтгэсэн бичлэг байна. Үүнд Монголын загварын ертөнц, түүн дотор дизайнерууд, загвар өмсөгчдийг тодотгосон байх юм. Хоёр дахь нь, “Гоёл-2012” наадмын бүрэн хэмжээний бичлэг. Fashion TV-гийн уран бүтээлчид өөрсдөө тэрхүү хоёр бичлэгээс нэвтрүүлгээ бэлтгэх юм. Ингээд нэг сар гаруй хугацаанд өдөрт 3-5 удаагийн давтамжтайгаар цацна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж