Токиогийн “Их дуулга”-ын сугалаа гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Токиогийн “Их дуулга”-ын сугалаа гарлаа

Японы Токио хотноо маргааш жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээний сугалаа саяхан гарчээ. Тэмцээнд 62 орны 247 эрэгтэй, 152 эмэгтэй, нийт 399 жүдоч өрсөлдөх бөгөөд манай улсаас 10 эрэгтэй, зургаан эмэгтэй тамирчин оролцоно.

Манай тамирчид ямар сугалаа татсаныг жингийн дарааллаар сонирхуулъя.
 
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин
д чансааны наймдугаарт дэвшсэн Д.Төмөрхүлэг эхний тойрогт Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальт Азербайжаны Вугар Ширинлитэй таарсан. Түүнийг давбал 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Армений Ховханнес Давтянтай наймд үлдэхийн төлөө барилдах бөгөөд медалийн төлөө дэлхийн аварга Г.Зантарая (Украин), олимп, ДАШТ-ий медальт Л.Пайшер (Австри) нарын нэгтэй медалийн төлөө өрсөлдөх магадлалтай байна. Энэ жингийн нөгөө бөх Г.Болдбаатар (60 кг-д 12-рт чансаатай) Финландын Валттери Йокинентэй эхний барилдаанаа хийх ба өнгөрсөн долоо хоногт Чэжүд зохиогдсон Дэлхийн цомд Ч.Болдбаатарыг ялан түрүүлсэн Чой Гван-Хёнтой наймд үлдэхийн төлөө хүч үзнэ.
 
66 кг-д зодоглох манай хоёр бөх эхний учраануудаа давсаар байвал шөвгийн наймд буюу медалийн төлөөх барилдаанд хоорондоо таарах оноолт гарчээ. Дэлхийн аварга Х.Цагаанбаатар (№2) залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Европын дэд аварга Польшийн Томаш Ковальскитай тулна. Энэ польш жүдоч Х.Цагаанбаатарыг 2008 онд Токиогийн Их дуулгын хүрэл медалийн төлөө, энэ жил Москвагийн Их дуулгын шөвгийн наймд тус тус ялж байсан юм. С.Мияарагчаа (№11)-гийн хувьд Киприйн Андреас Крассастай тэгшитгэлд таарсан ба Японы Масааки Фүкүокатай дараагийн даваанд өрсөлдөнө.
 
73 кгС.Ням-Очир (№12) өнгөрөгч долоо хоногт Чэжүгийн Дэлхийн цомын эхний тойрогт Г.Одбаярт ялагдсан Францын Жиль Бонхёмтой таарсан ба түүнийг аргалбал ОХУ-ын Мурат Козоков, АНУ-ын Майкл Элдред, Испанийн Киёши Үэмацү гэсэн жигдхэн гурван бөхийн нэгтэй дараагийн барилдаанаа хийнэ. Г.Одбаяр Азербайжаны Рустам Оружовтой нэгийн даваанд тулна. Түүнийг хожвол Чехийн Яромир Йезектэй хүч үзэх юм.
 
81 кг-д Японд суралцаж буй залуу тамирчин Н.Дагвасүрэн Тайванийн Цен Чан-Шентэй оноолт таарсан. Том тэмцээнд анх удаа зодоглож буй тэрээр тайвань жүдочийг ялбал энэ жингийн 21-рт эрэмбэтэй Италийн Франческо Брюйеретэй барилдана.
 
-100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр (№12) энэ жил Венийн Дэлхийн цомд түрүүлэхэд нь хүрэл медаль хүртэж байсан Камеруны Муссима Эвантай эхний барилдаанаа хийх ба хашир туршлагатай израиль жүдоч, олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Ариэл Зеевитэй наймд үлдэхийн төлөө өрсөлдөнө. Түүнийг хожвол медалийн төлөөх барилдаанд жингийнхээ чансааны тэргүүн бөх, дэлхийн аварга Такамаса Анаитай хүч үзэх юм. Чансаагаар олимпийн аваргын яг ард бичигдэж буй Б.Тэмүүлэн БНСУ-ын залуу тамирчин Ким Кюн-Тэтэй оноолт таарсан ба дараагийн даваанд Узбекистаны Рамзиддин Саидов, Украины Вячеслав Денисов нарын нэгтэй барилдана. +100 кг Б.Төгөлдөр Голландын Луук Вербийтэй хүч үзэх юм.
 
Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг (№13) эхний тойрогт хийлээд эрэмбээр яг ард нь байгаа ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын Чун Жун-Ёнтой наймд үлдэхийн төлөө өрсөлдөнө. Түүнийг ялбал медалийн төлөө барилдаанд дэлхийн аварга Харүна Асамитай барилдах ажээ.
 
52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа (№3) зохион байгуулагч орны тамирчин Юүки Хашимототой таарчээ. Словенийн Петра Нарекс, БНСУ-ын Ким Ми-Ри нарын ялсан нь түүний дараагийн өрсөлдөгч болох юм.
 
57 кгД.Сумъяа Чэжүгийн Дэлхийн цомд түрүүлсэн Тайванийн Лиень Чень-Линтэй хүч үзэх ба түүнийг ялбал ДАШТ-ий түүхэнд япончуудын 100 дахь алтан медалийг авсан Каори Мацүмототой барилдана.
 
63 кг-д 10-рт эрэмбэтэй Ц.Мөнхзаяагийн “аманд” Тайванийн Чень Ча-Шинь очжээ. Манай бөх дараагийн даваанд Израилийн Ярден Герби, Германы Клаудиа Аренс нарын нэгтэй наймд үлдэхийн төлөө барилдах ба дэлхийн аварга, “Парис-2011” ДАШТ-ий өмнө “Өнөө цагийн хамгийн шилдэг эмэгтэй жүдоч”-оор тодорсон Ёшиэ Үэнотой медалийн төлөө өрсөлдөх магадлалтай юм.
 
70 кг-д залуу тамирчин Ц.Наранжаргал Европын АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальтай, олимп, ДАШТ-д дөрвөнтээ шагналт байрт шалгарсан Испанийн Сесилья Бланкотой оноолт таарсан. Энэ барилдаанд ялбал манай бөх наймд үлдэх буюу медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно. Ц.Наранжаргал Чэжүгийн Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэнээр чансаагаа 26 хүртэл ахиулсан билээ.
 
-78 кгП.Лхамдэгд (№7) урьд нь хоёр удаа таарахдаа нэг ялж байсан, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Рүика Сатотой таарчээ. 2010 онд Дюссельдорфын гранприд медалийн төлөө барилдаанд тэд таарахад Сато давамгайлсан бол 2010 оны ДАШТ-ий үнэмлэхүй жинд манай тамирчин даагаа нэхэж байсан юм.
 
Маргааш тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, бямба гаригт эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, 90 кг, эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг-ын барилдаанууд болох бол ням гаригт хүнд жингийнхэн өрсөлдөх ажээ. Энэ тэмцээний аварга чансааны 300 оноо авах бол мөнгөн медальт тамирчин 180, хүрэл медальтан 120 оноо халааслах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж