Эл хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Хэрвээ орон нутгийн удирдлагыг иргэд нь сонгодог болно гэвэл эл хуульд иж бүрнээр нь өөрчлөлт оруулах шаардлагатай. Ийм өөрчлөлтийг хийхийн тулд намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх нь чухал. Хаврын чуулган дөрвөн сард эхлэх учраас хугацаа бага. Тэгэхээр хуучнаараа явуулахаас аргагүй” гэлээ.
Ингээд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар гишүүдээр санал хураалгах ёстой байсан ч ирц хангалтгүй байсан тул маргааш болгож хойшлуулан, чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуралдааны төгсгөлд “Өнөөдөр чинь хаашаа янзын өдөр вэ” гэж уулга алдлаа. Чуулган эхэлсэн цагаасаа хойш хэрүүлтэй, санал хураах гэхээр гишүүдийн ирц бүрдэхгүй нэлээд зовоосныг ийнхүү тодорхойлов бололтой.
Орон нутгийн сонгуулийн тухай хэлэлцэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд оруулж буй өөрчлөлт нь мөн л Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуульд заасанчлан шиг улстөрийн намаас нэр дэвшигч нь улсын төсөв дааж давшгүй амлалтыг өгөхгүй байхыг зааж буй юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүдийн дийлэнх нь энэхүү өөрчлөлтийг дэмжлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Европт болж буй хямрал нь эцсийн дүндээ сонгуулийн амлалтаас үүдэлтэй тул Монгол Улс түүнээс сэргийлж, энэ чиглэлийн хязгаарлалтыг хийх нь зөв. Гэхдээ орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд энэхүү заалтыг оруулахдаа Төсвийн хүрээний мэдэгдэлтэй уях нь зүйтэй” байна гэлээ Харин Шадар сайд М.Энхболдын тайлбараар бол Төсвийн хүрээний мэдэгдэл нь зөвхөн нэг жилийн хөтөлбөр байдаг. Харин улстөрийн намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн хувьд дөрвөн жилийн хөтөлбөр дэвшүүлэх учиртай. Энэ утгаараа цаг хугацааны хувьд зөрчилдөнө гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Баделхан “Иргэдээс нэр дэвшүүлж орон нутгийн удирдлагыг сонгохгүйгээр улстөржөөд ажил явахгүй байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах цаг хугацаа бий юу. УИХ болоод орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах боломжгүй, хоёр тусдаа явуулах хэрэгтэй гэж байгаа. Үүнд тодорхой хариулт авмаар байна гэлээ.
Г.Дарь