Хоёр тогтоол толгой эргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Хоёр тогтоол толгой эргүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Энэ үеэр зарим гишүүн Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгох мөнгө, 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн хувьцаанаас иргэдэд хүртээх хоёр нь нэг ажил уу, хоёр өөр үү гэдэгт эргэлзэж байлаа. Тухайлбал, гишүүн Д.Загджав энэ талаар лавласан юм. Ажлын хэсгийн гишүүдийн хариултаас гишүүдэд лавлах зүйл бас гарч ирсэн тул Н.Батбаяр гишүүний саналаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн холбогдох заалтыг бүрэн эхээр нь уншиж сонсгоход хүрэв. Д.Дэмбэрэл дарга хуулийн гуравдугаар зүйлийг дараах байдлаар уншиж сонсголоо. Гуравдугаар зүйлд “Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн жилийн орлогын хэмжээ, эх үүсвэрийг дор дурдсанаар баталсугай. 3.1. Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д заасан орлого 110 тэрбум төгрөг, 3.2.2-т заасан орлого 364 тэрбум 638,1 сая төгрөг, 3.2.4-т заасан эх үүсвэр 312 тэрбум 495,6 сая, Эрдэнэсийн нөөц хөрөнгө тэг буюу 00.

Хүний хөгжил сангийн хөрөнгөөр 2012 оны төсвийн жилд санхүүжүүлэх хишиг хувийн хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 10,9 тэрбум, иргэдэд бэлнээр олгох мөнгө 692 тэрбум 600,4 сая, оюутны сургалтын төлбөрт 83 тэрбум 633,2 сая төгрөг “гэж заасныг УИХ-ын дарга сонсгов.
Гэхдээ л гишүүдэд эргэлзсэн зүйл байсаар байв. Гишүүн Х.Баделхан Тавантолгойн хувьцаа олгохдоо Хүний хөгжил  сангаас бэлэн нэг сая төгрөг авсан иргэддээ давхар олгох эсэхийг асууж байв. Сангийн яамны Төсвийн удирдлагын газрын дарга Д.Батжаргал  үүнд хариулсан юм. Тэрбээр “Иргэн болгонд Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг олгоно. Тухайн хувьцааг авсан Монгол Улсын иргэн зөвхөн төр, Засгийн газарт буцааж худалдах эрхтэй. Тэгэхдээ нэг сая төгрөгөөс багагүй үнээр худалдах нөхцөлтэй зохион байгуулалтын арга хэмжээ авна гэж ярьсан” гэлээ. Нэгэнт хувьцаагаа авсан, түүнийгээ буцааж мөнгөжүүлсэн тохиолдолд Тавантолгойгоос дахиж хувьцаа олгох тухай ойлголт байхгүй гэдгийг тайлбарласан юм.

Гишүүн Г.Батбаяр “УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг УИХ батлаагүй байна. Хэлэлцэх эсэхийг нь бол шийдсэн. Монгол Улсын 2012 оны Төсвийг дагалдаж гарсан Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  тогтоол, УИХ-ын 39 дүгээр тогтоол хоёр хоорондоо зөрчилдвөл яах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Хэрэв зөрчилдвөл төсөв задарна. Зөрчил гарахгүй бол төсөв цааш явна. Монгол Улсад хүн болж төрсний хувьд монгол газар шорооны эзэн нь монголчууд байх ёстой. Төсвийн хуулийг баталсан тухай тогтоол, УИХ-ын 39 дүгээр тогтоол зөрчилдвөл яах вэ гэж байна. Монгол хүн газар шороондоо эзэн болно гэж гишүүд 39 дүгээр тогтоолыг баталсан. Оюутолгойтой адилхан УИХ нэг тогтоол батлаад Засгийн газар өөр нэг тогтоол батлах юм бол энэ хууль зөрчсөн явдал шүү” гэдгийг хэллээ. Ийнхүү Хүний хөгжил сангаас иргэдэд хишиг хувь олгох тухай тогтоол, Тавантолгойн хувьцаанаас хүртээх тухай тогтоол хоёр гишүүдийн толгойг эргүүлсээр байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж