Сайн дурын наркозоос татгалзъя

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Сайн дурын наркозоос татгалзъя

Сайн дурын наркозоос татгалзъя
Сэтгэл догдлуулж, зүрх гижигдсэн шинэ жилийн баяр айсуй. Хүн болгон дотроо дэврүүн хүсэл, оргилуун сайхан бодлыг тээж явдаг үе. Гэхдээ энэ бүх сайн сайхантай дүйхүйцээр тунгаах ёстой нэг зүйл нь зөв зохистой баярлах явдал. Сүүлийн 10 хүрэхгүй жилийн хугацаанд зөвхөн шинэ жилийн баяраар нийгмийг бүхлээр нь цочирдуулсан хоёр ч эмгэнэлтэй тохиолдол гарч, архи хэтрүүлэн хэрэглэснийхээ уршгаар хорвоог орхисон олон хүний гашуун сургамжийг одоо дурсах хүн даанч ховор. Ер нь алив баяр ёслол, тэмдэглэлт өдрөөр Монголчууд архи хэтрүүлэн хэрэглэж хордлогод орсон тухай, согтуугаар хөлдөж осгож нас барсан тохиолдлын бараан мэдээ ёс юм шиг заавал дуулддаг болж. Баяр ёслолын үеэр архидалт хавтгайрах нь энгийн үзэгдэл болсон нь тэр шүү дээ. Монголчууд цөөхүүлээ ард түмэн. Гэтэл архинаас болж эрүүл мэнд, цаашлаад амиа алдана, амьдралаа барна гэдэг даанч баймгүй мунхрал.

Шинэ жилийн ёслолын арга хэмжээ, дайллага цайллага бүрийн ширээн дээр архи, согтууруулах ундаа заавал байдаг.  Бүгд ууна, уухгүй нэгнээ шахна. Тэгээд халамцана, удалгүй согтоно. Спирт агуулсан дээрхи төрлийн ундаа уураг тархийг гэмтээж, тархины үйл ажиллагааг дарангуйлж, хараат байдал үүсгэдэг мансууруулах үйлчилгээтэй учраас л бид ийнхүү согтож балайрдаг байх нь. Архидан согтуурсанаас учирсан эрүүл мэндийн хохирол жилээс жилд нэмэгдэж, халдварт бус өвчлөл, нас баралтын томоохон шалтгаанд тооцогдож байна.

Үүнээс гадна сэтгэл түгшээх бас нэгэн шалтгаан нь насанд хүрээгүй архи уух  явдал. Бяруу болоогүй байж бухын баадлаар баах гэдэгчлэн өсвөр наснаасаа архи уух, согтууруулах ундаа хэрэглэхийг хэвийн үзэгдэл мэтээр ойлгож байгаа нь насанд хүрэгчдийн шууд “үлгэрлэл”. Уг нь хуулийн заалт бодитой мөрдөгддөгсөн бол Монгол улсад 21 нас хүрээгүй иргэнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газар байх ёсгүй. Тиймээс ч энэ насны иргэд архи уудаггүй байх ёстой л доо.

Болох ёсгүй зүйл болсоор байдгийн ойрын жишээг татъя л даа. Орон нутгийн маань  нэгэн телевизээр цацагдаж эхэлсэн дууны клип. Аймгийн хүүхдийн театрын залуу уран бүтэээлчид  шинэхэн дуу дуулж, түүнийгээ дүрсжүүлэн клип бүтээжээ. Дууны сэдэв хайр, эвлэгхэн ч дуулчихаж. Харин театрын нэгэн залуу уран бүтээлч хоёр бүсгүйн дунд сууж, архийг аяга, аягаар уунгаа, нэг бүсгүйнх нь задгай энгэрийн цаанаас цухуйх хөхний  завсарт хорин мянгатын дэвсгэр хавчуулах  ядмагхан санаа бүхий дүрсээр дуугаа “амьлуулж” олонд түгээж байна. Хэрвээ клип гэж нэрлэж болдог юм бол таван минут орчим үргэлжлэх энэ мэт дүрсний турш “Хүүхдийн Тэмүжин театр”, “Хөгжлийн ертөнц” телевиз гэсэн бичиг тодоос тод дурайх юм. Аймагтаа төдийгүй улсад ганцханд тооцогдох хүүхдийн гэх тодолголтой театрын уран бүтээлчид маань, олон түмнийг зөв зохистой зүйл рүү уриалан дуудах учиртай телевизийнхэн маань яаж элийрч байгаа нь энэ вэ? “Архи тамхи шинэ үеийн сонголт биш” хэмээн МҮОНТ уриалж,  ухуулж байхад орон нутагт Архи тамхи тансаг хэрэглээ мэтээр “сэнхрүүлж” байгаа нь даанч гачлантай. Санамсаргүй гэхэд байж боломгүй алдаа. Гэтэл “Архи ууж эхлэх нас залуужих тутам архинд донтох өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг байх юм.  Өөрөөр хэлбэл 17 настайд архи ууж эхэлсэн бол эрсдэл нь 25 хувь байдаг.  Харин 21-25 насанд бол донтох өвчинд өртөх эрсдэл 10 хувьтай болдог” гэдгийг мэргэжлийнхэн мэдээлсэн. Даанч мэргэжлийнхний үг, эх сурвалжтай мэдээллийг дийлэнх нь чихнийхээ хажуугаар өнгөрөөчихдөг нь нууц биш юм даа.

Ер нь архи уух зохистой хэмжээ гэж байдаггүй ажээ. Уг нь уухаас татгалзах нь хамгийн зөв сонголт бөгөөд эрүүл мэндэд нэн тустай . Гэвч үнэхээр хэрэглэхээр болсон тохиолдолд эрүүл хүний элэг тун багаар, өдөрт архи 37 грамм, дарс 100 гр, шар айраг бол нэг аягаар уусныг л цэвэршүүлж чадах шидтэй. Баярын үеэр тэвчихээ болилоо гэхэд гурван хундагаас илүүгүйг  уувал элэг  тэрийг даагаад гардаг аж. Харин арван хундагыг даах нь битгий хэл а орсон бол даахгүй.

Архи уух нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ, архинд  донтох өвчин гэж юу юм бэ гэдгийг ойлгосон тохиолдолд л архинаас хэн боловч татгалзах биз ээ.  Жишээ нь шартана гэдэг хоёр талтай байдаг аж. Ер нь эрүүл хүнд биш архинд донтох өвчтэй болох үед  гардаг шинж  тэмдэг юм байна. Хэрвээ та архи уусны дараа шартдаг болсон бол архинд донтох өвчний хоёрдугаар шатанд орчихжээ гэсэн үг. Олонхи хүн би архичин биш, архинд донтох өвчтэй болоогүй гэж боддог. Гэтэл хэрэг дээрээ  архигүй байж чадахгүй, архи уух дуртай болсон, шартатлаа, тасартлаа, эсвэл хоёр гурав хоногоор архи уумаар санагддаг тийм болсон л бол архинд донтох өвчтэй болсон байна гэсэн үг. Тэгэхээр шартах гэдэг нь архинд донтох өвчний хоёрдугаар шат. Энэ үед өөрийгөө татаж авахгүйгээр үргэлжлүүлсээр байвал байдал улам хэцүүднэ. Дараагийн шат нь архи даахаа болих, архигүй байж чадахаа болих, улмаар гэр орныхоо эд зүйлийг зардаг, ажил, амьдралаа бүгдийг архины төлөө зольдог төгсгөлийн үе байдаг. Анагаахын шинжлэх ухаан  үүнийг архинд донтох өвчний гуравдугаар шинж тэмдэг гэж нэрлэдэг юм байна.

Дээр дурьдсан шартах гэсэн сэдэв рүү эргээд оръё л доо. Шартана гэдэг аль шатанд яваагаа мэдэх бас нэг сайн шинж тэмдэг ч байж болох.  Архины гол үндсэн химийн элемент нь этанол гэх спирт. Энэ спирт хүний биед орж ирэхэд хорыг нь шүүх хүндхэн ажлыг элэг хийдэг. Учир нь архи, архины үндсэн найрлага болох этанолд хүний биед ашигтай юм ер байхгүй. Элэг ерөөс биед орж ирж байгаа бүх хорыг цэвэрлэж шүүж гадагшлуулж байдаг ганц лаборатори л доо. Гэтэл дээр нь архи маш их ачаалал бий болгочихдог аж. Ингээд л хөөрхий муу элэгний хүч хүрэхээ  больж, таны уусан архийг хоргүй болгож биеэс тань гаргаж амжихгүй. Энэ тохиолдолд хүний элэг, зүрх, мэдрэл нь тэр чигээрээ, бүх бие архинд хордож байгаа  үзэгдлийг бид шартах гэж нэрлэдэг. Адилтгавал, энэ үзэгдэл нь эфирийн наркоз буюу хагалгааны наркоз хийлгэсэнтэй ялгаагүй ажээ. Хагалгааны наркоз буюу мэдээ алдуулалт нь дөрвөн үетэй байдаг. Шарталт бол үүний хоёрдугаар үед орж байгаатай адил. Харин тасарч байна гэвэл наркозын гуравдугаар үед орж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл архи уугаад тасарсан байгаа хүнд хагалгаа хийхэд мэдэхгүй байх тийм байдалд хүрдэг байна. Тасарсан байгаа хүнд наркозгүйгээр хагалгаа хийчихэж ч болох нь байна шүү дээ.

Гэтэл хүмүүс амьдралынхаа туршид нэг, хоёр юмуу гурван удаа хагалгаа хийлгэчихээд  би төдөн удаа наркоз хйилгэсэн учир толгой муу болж, мартамхай, хүний нэр санахаа больчихож гэж ярьдаг шүү дээ. Гэтэл жилд хорь гучин удаа шартдаг, хорддог, тасардаг хүн бол тэр тоогоороо хагалгаанд орсон шиг наркоз авч байна гэсэн үг байх нь ээ. Телевиз, сонин мэдээллийн хэрэгсэлээр хоолонд, жимсэнд хордсон тохиолдол гардаг. Гэтэл түүнэс ч илүү олон хүн архинд хордож байна шүү дээ.  Тэр нь шарталт, тасралт. Ялгаа нь биеэ сайн дураараа, өөрөө хордуулж, сайн дураараа өдөр болгон юмуу, баяр болгоноор наркозонд ордог. Этанол буюу архийг элэг хоргүйжүүлж чадахаа больж сүүлдээ өөрөө хордоод, үрэвсэл болж, сорвижилт хатуурал болохыг цирроз гэж эмнэлэгт оношилдог. Монгол улсад элэгний хатуурал өвчин үхлийн нэг номерын шалтгаан хэмээн бүртгэгдэжэ байна. Үүний үндсэн шалтгааны нэг нь Монголд архидалт байдаг.    Шарталт тайлах арга гэж үнэндээ байхгүй. Хагалгаа хийвэл сорвигүй хагалгаа хийж чадахгүйтэй ижил гэж болно. Хүний арьсыг зүсэх л юм бол сорви үүсч үлддэг. Түүнтэй адилхан хордсон л бол хүний биед хор нь явж байгаа. Зуун грамм уугаад гайгүй болно гэдэг нь дахиад зуун грамм уухаар согтоод наркозын эхний шатанд ороод мэдээгүйжиж, мэдрэл нь муудаж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр хүн хордсон, өвчний зовуурьтай байгаагаа мэдэхээ больж эхэлж байгаа гэсэн үг.Энэ бол өөрийгөө хуурч байгаа л хэрэг. Шарталтыг архиар тайлах бол архичин болох, донтох өвчний хүндрэх ганцхан үндсэн зам нь  болдог.

Тийм ч учраас баяраар  шартахгүй, тасрахгүй эмнэлгийн хэлээр орчуулбал архины хордлогод оролгүйгээр, өөрийгөө сайн дураар наркозонд оруулахгүйгээр баярлацгаая гэж л хэлэх гэсэн юм.

 Б.БАТГЭРЭЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж