Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Кувейт Улсад хийж байгаа албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд хатагтай Амани Буресли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол, Кувейтын хооронд Эдийн засаг, техник хамтын ажиллагааны хэлэлцээр 1995 онд, Давхар татвараас чөлөөлөх хэлэлцээр мөн Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр 1998 онд, Худалдааны хэлэлцээр 2007 онд тус тус байгуулагдсан. Хэдийгээр энэ мэтчилэн хоёр орны хооронд худалдаа эргэлт нэмэгдэх эрх зүйн үндэс суурь тавигдсан боловч одоогийн байдлаар худалдаа эргэлтийн хэмжээ чамлалттай байгаа юм. Өнөөгийн байдлаар жилд хийгдэж байгаа худалдааны эргэлтийн хэмжээ 625 мянган доллараар хэмжигдэж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Кувейтын хоорондын худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар Худалдаа, аж үйлдвэрийн сайд А.Буресли-тэй санал солилцож, Кувейтын тал монголд өөрсдийн стандартыг хангасан хонины аж ахуй байгуулж, өөрсдийн технологиор мах бэлтгэвэл харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бийг онцлов.
Худалдаа, аж үйлдвэрийн сайд А.Буресли Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналыг дэмжихийн сацуу Монгол, Кувейт Улс хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах ирээдүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Харилцан зорчих жуулчдын тоог нэмэгдүүлэх, Улаанбаатар-Эль Кувейтын хооронд нислэгтэй болох боломжийг судлах, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг тогтмолжуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.
Мөн 2007 онд байгуулагдсан Монгол Кувейтын Худалдааны хэлэлцээрийн зарим заалтыг шинэчлэх талаар ярилцлаа.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн Кувейт Улсад хийж буй айлчлалын хүрээнд тус улсын Эмир, Ерөнхий сайд, Үндэсний ассамблейн дарга болон Худалдаа, аж үйлдвэрийн сайд, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн захирал, Хөрөнгө оруулалтын газрын захирал зэрэг албаны хүмүүстэй уулзаж хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар санал солилцож, хамтын ажиллагааны зарим асуудлыг шийдвэрлэж, баримт бичгүүдийг байгуулав.