УИХ-ын дарга албан ёсны айлчлалынхаа үеэр Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга ноён К.Хирата, Төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Ёкомичи, Ерөнхий сайд ноён Ё.Нода нартай уулзаж, Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Акихито, хатан Мичико нарт бараалхах аж. Мөн тус улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзаж, Монгол, Японы хөрөнгө оруулалтын семинарын нээлтийн арга хэмжээнд оролцох юм байна.
Японд айлчлах Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Су.Батболд, тус бүлгийн орлогч дарга Д.Ганхуяг, бүлгийн гишүүн З.Алтай, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын даргын Олон нийт, хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн зөвлөх Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг зэрэг албаны хүмүүс багтжээ.