УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон УИХ-ын нийт гишүүдэд ил захидал илгээх нь

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон УИХ-ын нийт гишүүдэд ил захидал илгээх нь

Хуулийн төсөлд санал өгөх тухай


Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар яг одоо хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төсөлд дараах саналыг оруулж өгнө үү. Үүнд:

  1. Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлийн 9.4-д “Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн, зөв бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй” гэж заасныг бүхэлд нь хасах; Үнэн гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч нар нь нотлох баримтад тулгуурлан нийтлэл, нэвтрүүлгээ бэлтгэх үүрэгтэйгээ маш сайн ухамсарлан ойлгодог. Нотлох баримтад тулгуурлан хийгээгүй нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө хэвлэлийн байгууллага хариуцлага хүлээдэг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агууллагад хяналт цензур тогтоохгүй.” гэж хуулинд нэгэнт тусгагдсан тул давтан оруулах шаардлагагүй юм.
  2. Хуулийн төслийн 9 дүгээр зүйлийн 9.6-д заасан “Энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичиг, гишүүнийг 200000-300000 төгрөгөөр, 9.4-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр, албан тушаалтныг 250000-300000 төгрөгөөр торгоно” гэж заасны хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдох хэсгийг нь хасах; Монгол улсын Иргэний хуульд иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах хангалттай олон заалт орсон. 1999-2009 оны хоорондох арван жилийн судалгаагаар хүний нэр төр, алдар хүндийг гутаасан иргэний 393 хэрэг үүснээс, 237 нь буюу 60 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагад хамаарах хэрэг байна. Хэрвээ энэ нь хангалтгүй гэвэл Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд заасан доромжлох, гүтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзвэл торгох, баривчлах, хорих ял оноох заалт өнөөдөр үйлчилж байна. Сүүлийн арван жилийн судалгаагаар энэ төрлийн эрүүгийн 23 гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнээс 15 нь буюу 65 хувь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах хэрэг болж байна. Нийт шийдэгдсэн хэргийн 43 хувь нь сэтгүүлчийн эсрэг шийдвэр гарсан байна. Мөн энэ заалт нь хэвлэл мэдээллийн байгууллагыг эдийн засгийн хувьд маш том дарамтанд оруулж, сонгуулийн дараа олон хэвлэлийн байгууллага хаалгаа барихад хүргэх нь дамжиггүй. Тэгээд ч сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч нь бусад жирийн иргэдээс давуу эрх үүсгэж, өөрсдийгөө хамгаалуулах ийм заалтуудыг хуулинд оруулж буй нь Монгол улсын Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчиж байгаа юм. Харин ч нэр дэвшигчийг олон талаас нь шүүж байж УИХ-д сонгох нь зөв юм.
  3. Хуулийн төслийн 39 дүгээр зүйлийн 39.10-д заасан “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй нэвтрүүлж болох бөгөөд сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цагаас хэтрэхгүй байна” гэж заасны “…бөгөөд сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цагаас хэтрэхгүй байна” гэсэн хэсгийг хасах; Хэвлэлийн байгууллагыг нийтэлж, нэвтрүүлэх зүйлийг ингэж шууд зааж байгаа нь зах зээлийн хуулийг зөрчиж, хэвлэлийн байгууллагын дотоод ажилд бүдүүлгээр оролцсон хэрэг болох юм. Хэтэрхий их сурталчилгаа явуулсан телевиз, радиог үзэгч, сонсогч нь үзэх, сонсох эрх нь өөрсдөд нь нээлттэй байгаа юм.
  4. Хуулийн төслийн 39 дүгээр зүйлийн 39.11-д заасан “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн агаарын долгион ашигладаг үндсэн сувгаар нэвтрүүлнэ” гэснийг бүхэлд хасах; Энэ заалт нь хэвлэл мэдээллийн байгууллага болон тэнд ажиллаж, амьдралаа залгуулж байгаа ажилтнуудыг ялгаварлан гадуурхсан өрөөсгөл заалт болжээ.

    Энэхүү хуулийн төслийн дээрх заалтууд нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалт, 16 дугаар зүйлийн 4, 9, 10, 16, 17 дугаар заалт, 26 дугаар зүйлийн 2 дугаар заалт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. 

    Өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 418 хуулийн 188 –д нь мэдээллийн эрх чөлөөг хаан боогдуулсан заалт орсон байдаг. Монгол улс нь ардчиллын замаар замнаж байгаа улсын хувьд энэ тоог бууруулах тал дээр ажиллах ёстой байтал, хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулсан заалтууд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд дэндүү олон оржээ. Энэхүү хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагын саналыг авалгүйгээр ийм бүдүүлэг, хууль бус заалтуудыг оруулсанд харамсч байна.

Иймд дээр дурьдсан саналуудыг хүлээн авна гэдэгт найдаж байна.

МОНГОЛЫН СОНИНУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ         Р.ХАДБААТАР

ӨДӨР ТУТМЫН СОНИНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ             Б.ТЭМҮҮЛЭН

ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ             М.УЛАМБАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж