Цаг зав, хөлс хүчээ гаргаж тохижуулсан байрнаасаа гарахыг хэн хүсэх билээ, маргаан үүсгэж дээ. Энэ маргаан эцсийн дүндээ түрээслүүлэгчийн талд шийдэгдэж, анд маань шатаад өнгөрсөн аж. Тэрхүү байгууллага өмнө нь олон түрээслэгчийг иймэрхүү аргаар шатааж, нэг бус өрөө тасалгаагаа тохижуулаад авсан байсныг олж мэдсэнээ тэрбээр хуучилж билээ.
Гэрээ хийлгүй ажиллуулж хүний хөдөлмөрийг шулдаг ажил олгогчид байдаг гэж мэддэг байсан би арай дээд түвшинд ч иймэрхүү луйврын шинжтэй үйлдэл байнга болж байдгийг мэдэж авсан билээ. Ийм шударга бус байдал Монголын нийгэмд бүр бугшмал үзэгдэл болж, эдийн засагт ч муугаар нөлөөлж байгааг олж мэдсэн юм.
Өнөөдөр Монголын эдийн засгийг нуруундаа үүрч байгаа жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 90 хувь нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, үл хөдлөх хөрөнгийн эздийн дарамтад үйл ажиллагаа явуулж байна.
Эзэд түрээсийнхээ үнийг нэмлээ л бол бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээд ч хамаагүй тэсч үлдэхийг л боддог гэдгээ олон түрээслэгч хэлж байв. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн тодорхой хувь нь түрээслүүлэгчдийн шуналаас шалтгаалдаг байна. “Юмны үнэ өсч байна” гэсэн шалтгаар үнээ нэмэхэд түрээсэлж байгаа аж ахуйн нэгж нь бүтээгдэхүүнийхээ савлагааг багасгаж, иргэдийг давхар залилж байх жишээтэй.
“Ченжүүдээс авсан махны кг тутамд 100-200 төгрөг нэмж зардаг” гэж ярих худалдагч ашгаа нууж, ард түмнээ хуурах гэсэндээ биш, түрээслүүлэгч нь үнээ нэмчих вий гэж айсандаа ингэж хэлж байгаагаа учирлаж байлаа.
Түрээс хэмээх энэ аалзны тор Монголыг бүхэлд нь хэрж, “дан”, “давхар” түрээслэгч гэх гажиг ойлголт ч гарч ирсэн байна. Байрлал сайтай, үнэ хямдтай газрыг олж түрээслээд өөр хүнд арай үнэтэй хөлсөлснийг нь “давхар түрээслүүлэгч, түрээсэлснийг нь ”давхар түрээслэгч” гэдэг аж. Ийм давхар түрээслэгч болсон азгүйтэн хоногийн хоолоо залгуулна уу гэхээс ашиг хуримтлуулж “томорно” гэсэн номгүй.
Харин сүйхээ гаргасан давхар түрээслүүлэгч үнийн зөрөөнөөс сул мөнгө халаасалж суудаг байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж түрээсийн зардлаа бараа үйлчилгээний үнэдээ шингээдэг учир ийм хувалзнуудын халаасанд орж байгаа мөнгө үйлчлүүлэгч, худалдан авагчдын тодруулбал бидний халааснаас гарч байна гэсэн үг.
Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн дийлэнх нь өөрийн гэсэн байргүй гэж дээр өгүүлсэн. Эндээс үзэхэд Монгол Улс маань түрээсийн орон болжээ. Банкны зээлийн хүү өндөр байгаа нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд саад болж байна гэж бүгд л ярьж, бичицгээдэг. Гэтэл түрээсийн зардал мөн л давхар ачаа болж байдгийг тэр болгон хүн хэлдэггүй.
Түрээс эх орныг маань, эдийн засгийг иргэдтэй нь хүлж, барьцаа улам чангалсаар байна. Нэгэн залуу гэр бүл төрсөн үрээ бусдад түрээслүүлэн гуйлга гуйлгаж хоногийн хоолтой золгодог гэх бусармаг мэдээлэл гарч байсныг санах нэг нь санаж байгаа байх. Эгэл ардууд нь орон сууц, ажлын байраа түрээслүүлсэн, эрх баригчид нь эх орноо түрээслүүлсэн, миний эх орон түрээсийн орон болжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn