Монголын иргэд “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн дагуу гадаадад гэрээгээр хөдөлмөр эрхэлж байна. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон боловч тухайн хүлээн авагч улсад үргэлжлүүлэн ажиллаж, амьдарч байгаа олон тооны иргэд байдаг ажээ. Тухайлбал, Монголын 32 мянга 658 иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа гэсэн албан дүн гарчээ. Мөн хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл, гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа нийт 107 мянга 140 Монгол Улсын харьяат иргэд байгаа аж. Түүнчлэн 2006-2010 онд хүн худалдаалах 71 холбогдогч, 129 хохирогчтой 51 гэмт хэрэг, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 92 холбогдогч, 59 хохирогчтой 82 гэмт хэрэг тус тус цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан байна. Шүүхээр сүүлийн долоон жилийн хугацаанд найман хэргийг Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл (хүн худалдаалах)-ээр шийдвэрлэсэн гэсэн дүн гарчээ. Монгол Улс дотоодын үрчлэлтийг дэмжих бодлого барьж, хүүхдийн гэр бүл, эцэг эхийн халамжинд өсч хүмүүжих эрхийг хангахын төлөө ажиллаж байна. Дотоод үрчлэлийн тоо жилд 2009 онд 2167, 2010 онд 2487 гэх зэргээр жилд дунджаар 2000 гаруй хүүхэд үрчлэгдэж байна зэрэг мэдээлэл өгөв.
Монголын 32658 иргэн БНСУ-д ажиллаж байна
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус яамнаас сар бүр нийгмийн нэг асуудлыг сонгон авч, иргэдэд мэдээлэл өгдөг уламжлалын дагуу энэ удаад “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр гадаадад ажиллах хүч гаргах, хүүхэд үрчлүүлэх, гадаад иргэнтэй гэр бүл бологсод, хүн худалдаалах зэрэг асуудлаар эрх зүйн орчин, тогтолцооны талаар болон энэ чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийг танилцуулсан.
Ш.Чимэг