Йорданы баруун эрэг дэх Палестины лалын нэгэн сүмийг өчигдөр галдан шатаасан хэрэг гарчээ. Цагдаа нар энэ хэргийг Израйлийн хэт даврагчдын үйлдсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж таамаглаж байгаа гэнэ. Буркин хэмээх суурин дахь лалын сүмийг шатаах үед азаар хүн байгаагүй аж. Цагдаа нар энэ хэрэгт Израйлийн хэт барууны үзэл баримтлалт, еврей залуусыг сэжиглэж байгаа ч мөрдлөгээ үргэлжлүүлж байна. Суурингийн захирагчийн таамаглаж буйгаар өчигдөр орон нутгийн цагаар 15-16 цагийн орчим Израйлийн үндсэрхэг үзэлтнүүд лалын сүмийн хаалга руу шатамхай бодистой шил чулуудаж, шатаасан бололтой.
Палестины лалын сүм рүү халдсан нь анхны бас сүүлчийн удаа биш бөгөөд Палестины тал Израйлийн эрх баригчдыг халдлагыг зогсоох дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж буруутгаж байгаа юм. Йорданы баруун эрэг дэх лалын шашинтнуудын бүсэд дээрх шиг халдлагууд өмнө нь удаа дараа гарч байжээ. Үүний хариуд Израйлийн еврейн сууринд халдсан гурван Палестин мөн өчигдөр Израйлийн цэргүүдэд баривчлагджээ.
Н.Энх