Дүүргийн эмнэлэг, барилгын худалдаа хоёр холилдоод хэцүү байгаа гэнэ тэнд. Бас л үнэн, үүнээс ч олон юм холилдож байгаа тэр нарийн гудамжинд. Дан ганц Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг биш, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Иргэний бүртгэл мэдээллийн төв, гадаад паспортын хэлтэс гээд иргэд хамгийн ихээр үйлчлүүлдэг төрийн өмчийн нэгж, байгууллагууд тэнд үйл ажиллагаа явуулж байна. Тэр хирээр замын түгжрэл гээд бусад асуудал ихээр хуримтлагдаж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Амьдралаа хэнээс ч гуйхгүй залгуулж яваа иргэдээ хохироож, зах зээлийнхээ зарчмаар нэгэнт бий болсон барилгын материалын худалдааны гудамжнаас худалдаачдыг дэлгүүртэй нь биш, төр өөрийн өмч, нэгж байгууллагуудаа нүүлгэе.
Эмнэлэг болон бусад байгууллагуудынхаа байрлаж байгаа байр байшинг барилгын худалдаа эрхлэгчдэд дуудлагаар худалдъя. Дуудлага худалдаанаас олсон мөнгөөр өөр зай талбай ихтэй байршилд эмнэлэг, бүртгэлийн байгууллагуудаа шинээр суурьшуулъя.
Жишээ нь, тэр Иргэний бүртгэл мэдээллийн төвийг тэнд чихцэлдүүлж, бөөн түгжрэл үүсгэж байхын оронд Дэнжийн мянга орчмоос хэдэн айлын хашаа худалдаж аваад гаргачихаж болно. Асуудлаа ингэж шийдье.
Ер нь аливаа асуудлын шийдлийг олохдоо иргэдийнхээ, тэр дундаа бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхнийхээ эрх ашгийг хохироож шийдэхгүй байхыг төр эрмэлзэх учиртай. Учир нь төр баялаг бүтээдэггүй, гагцхүү баялаг бүтээгчдийн бий болгосон татварын орлогоор тансаглаж суугаа гэдгээ үргэлж ухамсарлаж байх ёстой юм шүү.
Зөвхөн 100 айлын төдийгүй замын түгжрэл гээд хотын олон асуудлыг иймэрхүү байдлаар шийдвэрлэж болно. Хөдөө аж ахуйн яам, түүний харъяа газруудыг Био комбинат, шувуун фабрик руу нүүлгэчихэд юу нь болохгүй байх билээ. Ингэж хэт төвлөрлийг сааруулж огт төлөвлөлтгүй шахам хот төлөвлөлтийнхөө алдаа завхарлыг засъя, эрх баригчид аа!
ИЗН-ын ХЭГ-ын дарга Г.Ганбат