“Архигүй Монголын төлөө хамтдаа” Багахангайд

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

“Архигүй Монголын төлөө хамтдаа” Багахангайд

Багахангай
дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын дунд
“Архигүй Монголын төлөө хамтдаа” сарын аяныг эхлүүлэв. Аяны нээлтийн
уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Сэтгэцийн
эрүүл мэндийн үндэсний төвийн наркологийн зөвлөх эмч Р.Туяа, “Өдрийн
сонин”-ы сэтгүүлч Б.Даваасүрэн нар оролцсон юм.

Уулзалтыг нээж
Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Л.Баасгай хэлэхдээ “Архигүй Монголын
төлөө хамтдаа” аян манай Багахангай дүүрэгт эхэлж буйд баяртай байна.
Аяны хүрээнд олон санал санаачилга гарган, дүүргийн албан байгууллага,
хамт олон, цаашлаад ард иргэдийнхээ дунд үе шаттайгаар хэрэгжүүлэхээ
амлаж байна” гэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
Б.Нэргүй дараа нь үг хэлэв. Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачилгаар өрнөж буй “Архигүй Монголын төлөө хамтдаа “ аяны соён
гэгээрүүлэх цуврал лекцийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран
10 аймаг, 3 дүүрэгт зохион байгуулаад байна. Иргэдээс маш олон санал
ирж, энэхүү аяны ажлыг өргөн хүрээнд, тэр дундаа төрийн удирдах
байгууллагуудын дунд, түүнчлэн иргэдийг хамруулан явуулаач гэж хүссэний
дагуу соён гэгээрүүлэх лекц, бусад олон хэлбэрийн ажлыг зохион байгуулж
байгаа. Иргэд “Архи худалддаг цэгийн тоог цөөлөх, архины эсрэг хууль
дүрмийг чанд сахин биелүүлэх, иргэдийг гэгээрүүлэх, хэвлэл мэдээллийн
хэрэгслээр олон нийтэд архины хор уршгийг таниулсан мэдээлэл,
сурталчилгааг нэмэгдүүлэх, нийгмийн ажилтанг олноор бэлтгэх хэрэгтэй”
гэсэн олон санал хэлж байгаа. Иргэдийн хүсэлтээр олон арга хэмжээ авсны
үр дүнд архийг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн тоо цөөрч байгаа. Олон
байгууллага, хамт олон архи хэрэглэдэггүй байгууллага, хамт олон болохоо
амлан ажиллаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга
хэвлэл, мэдээллийн байгууллагуудад хандан Архийг ил далд сурталчлахыг
хориглох тухай хуулийн биелэлтийг хэрэгжүүлээч гэсэн ил захидал
хүргүүлээд байна. Баяр ёслолыг архигүй тэмдэглэхийг мөн уриаллаа. Иймээс
та бүхэн гэр бүл, хамт олондоо үлгэр дууриал үзүүлж, “архигүй гэр бүл”,
“архигүй хамт олон” болж энэ нийгмийн тулгамдсан асуудлын нэг
архидалтын эсрэг өөрийн дуу хоолойгоо нэгтгээсэй хэмээн хүсэж байна”
гэлээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн наркологийн зөвлөх
эмч Р.Туяа хэлэхдээ “20 жил архидалтын эсрэг ажиллахдаа энэ талаар
анхаарч санаж сэрж байгаа төр засаг, нийгмийн байгууллагыг би хараагүй.
Гэхдээ оройтсон хэдий ч Ерөнхийлөгч маань өөрөө санаачлан сүү өргөж,
архидалтгүй, архигүй нийгмийн төлөө аян өрнүүлсэнд баяртай байна”
хэмээгээд сэтгэцийн эрүүл мэндийн болон нийгэмд тулгамдаад байгаа архины
асуудалтай хүмүүсийн сэтгэл зүй болон монгол хүний оюуны, сэтгэлгээний
өөрчлөлтийн талаар сонирхолтой лекц уншлаа. Монголд эрэгтэйчүүдийн 14
хувь, эмэгтэйчүүдийн 8 хувь нь архинд хэт донтох эмгэг өвчтэй гэсэн
судалгааг гаргасан байна. Энэ үзүүлэлт бол Европын орнуудтай
харьцуулахад 2,5 дахин их байгаа юм. Харин Азид архидалтаараа тэргүүлэх
орны тоонд орчихоод явж байгааг тэрээр дурьдан сануулсан юм.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж