Босго тогтоох саналыг АН хүлээж авчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Босго тогтоох саналыг АН хүлээж авчээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан дууслаа. Тус бүлэг УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдох зарим зүйл заалтыг авч хэлэлцсэн юм. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс тодрууллаа.

-Бүлгээс тодорхой шийдвэр гаргав уу?

-Хоёр намын бүлгийн төвшинд шилжилттэй холбоотой асуудал маргаан дагуулж байгаа.  Энэ нь 48-аас 100 хувь шилжүүлэх үү, 48,28 аль альнаас нь шилжүүлэх үү  гэдэг асуудал. Үүнтэй холбоотойгоор ойрын хоёр өдөр намын бүлгүүд хуралдсан. Ажлын хэсгүүд нэлээд сайн яриад өчигдөр шөнө МАН-ын бүлгийн 48 мандатаасаа 28 руугаа шилжүүлэхдээ босго тавина гэсэн саналыг Ардчилсан намын бүлэг хүлээж авах шийдвэрт хүрсэн байгаа.

-Энэ нь УИХ-д шууд сонгогдох боломжийн талаар ярьжээ гэж ойлгож болох уу?

-Шууд сонгогдсонд тооцох хүн 25 байгаа. Энэ тоог 30 болгон өөрчлөх юм. Өмнө нь тохирсноороо 48-аа түрүүнд нь бичээд араас нь 28-ыг бичих замаар нэрсийн жагсаалт гарч ирнэ. Сонгуулийн хороо тооцоо хийхдээ тохирсон хувилбараараа явахаар болсон. Үүнийг МАН-ын бүлгийн хурлаар Ардчилсан намын бүлгийн саналыг хүлээж авч байгаагаа мэдэгдсэн.

-28 мандатын яг хэд нь намын томилолтоор УИХ-д орох вэ?

-Яг тэд эд гэж яриагүй байгаа. Үндсэндээ 48-аасаа түрүүлж орж ирнэ. Тэгээд нам ялсан тохиолдолд 28-аасаа орж ирэх боломж нэмэгдэнэ. Тиймээс босгыг тавьж өгч байгаа.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтаан баталж чадах уу?

-Юутай ч одоо Ажлын хэсэг хуралдана. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Улмаар нэгдсэн чуулганаар Сонгуулийн тухай хуулийг ярина.

-Ардчилсан намын бүлгийн зүгээс Сонгуулийн хуулийн хүрээнд ямар шийдвэр гаргасан бол. Мэдээлэл авсан уу?

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг ямар шийдвэр гаргасныг мэдэхгүй байна. Ямар ч байсан бид Сонгуулийн хуулиа түргэвчилье гэж тохирсон. Өчигдрийн хувьд бид ойлголцолд хүрсэн.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж