Энэ долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөө баталж, түүнд гурван онцлог зүйлийг тусгажээ. Энэ нь үндэсний хэмжээнд хүүхэд хамгаалын асуудлаар баталсан анхны стратеги юм байна. Уг төлөвлөгөөнд тодорхой хөрөнгө мөнгийг төсөвлөн баталжээ. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах НҮБ-ын конвенцтэй уялдуулж зайлшгүй хяналтад байх хүүхдийн талаар бодлого хэрэгжүүлэхээр болсон байна.
Хүүхдийн байгууллагын энэ оны онцлох ажлын нэг нь “Хүүхэд насаа хайрлая” сэдэвт хүүхдийн чуулган юм. Түүгээр хүүхдийг болзошгүй эрсдлээс сэргийлэн хамгаалах олон нийтийн санаачилга өрнүүлэхээр болжээ. Тэр чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Осол, тэвчишгүй хүнд хөдөлмөр, хүчирхийлэл, дарамт, байгалийн гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг хэрхэн хамгаалах чиглэлээр ажиллах юм байна. Мөн Засгийн газрын Шадар сайдын баталсан тушаалаар хараа хяналтгүй хүүхдийг аюулгүй дулаан орчинд өвөлжүүлэх таван сарын үйл ажиллагаа явуулахаар болжээ. Уг ажил энэ сараас ирэх оны дөрөвдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх аж. Энэ ажлыг бүх аймаг, нийслэл, дүүрэгт хэрэгжүүлж Засгийн газраас санхүүжүүлэх юм байна. Нийслэлд гэхэд хараа хяналтгүй 157 хүүхэд байгаагийн дийлэнх нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт харьяаалтай, 15-20 хувь нь сургууль завсарджээ. Хараа хяналтгүй хүүхдүүдийг дулаан өвөлжүүлэхээс гадна сургалт, хүмүүжлийн ажлууд зохион байгуулахаар төлөвлөжээ. Цагдаа, өрхийн эмч, хороодын Засаг дарга нар гэх зэрэг хамтарсан багаар хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Бас малчин хүүхдүүдийг байгалийн болзошгүй аюулаас сэргийлэх ажил хийх юм байна. Хүүхдэд ээлтэй орон нутаг /0-6 нас/, хүүхдэд ээлтэй сургууль /6-16 нас/ зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэх аж.
Шведэд хэсэг монгол хүүхэд хараа хяналтгүй байгаа талаар хэвлэлүүдэд мэдээлэл гарч байсан. Энэ талаар Д.Алтай дарга мөн мэдээлэл өгөв. Хил хамгаалах ерөнхий газар, хууль, шүүхийн байгууллагуудын тогтоосноор Шведэд таван монгол хүүхэд байгаагийн нэг нь Багахангай дүүргийн харьяат, нэг нь Шведэд харьяалалтай, бусад гурав нь хаана ч харьяалалгүй байжээ. Эдгээр хүүхдийн талаар Шведийн ЭСЯ, өргөмжит консул зэрэгтэй хамтран ажиллахаар болжээ. Хүүхдүүд тэнд эцэг эхээ дагаж очоод олон жил болсон, 16-18 нас хүрч буй тул хууль бус үйлдэлд автаж болзошгүй гэж болгоомжилж буй аж. Тэдний эрх ашгийн үүднээс нэр усыг зарлах боломжгүй гэлээ.
Д.ОЮУН