Цалингийн нэмэгдлийн хугацааг наашлуулахыг шаардаж, шат дараатай арга хэмжээ зохион байгуулж буй багш нар өнөөдөр мэдээлэл хийж, арванхоёрдугаар сарын 12-ноос хугацаагүй ажил хаях тухайгаа дахин мэдэгдлээ. Жагсаал, цуглаан зохион байгуулж, сануулах ажил хаялт хийж, Ерөнхийлөгчид хандаад байсан багш нар өнөөдрийн мэдэгдлээрээ дамжуулж, тэдний асуудлыг нааштай шийдэх хүртэл хугацаагүй ажил хаяна гэдгээ илэрхийлэв. Ингэхдээ бүтэн ажлын цагаар буюу 08.00-17.00 цаг хүртэл ажил хаях гэнэ. Ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулиуд, мөн зарим цэцэрлэг оролцох бөгөөд ажил хаялтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан тухайгаа ч дуулгав. Түүнчлэн хөдөө, орон нутгаас 14900 гаруй багш энэхүү арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлж, гарын үсэг цуглуулан явуулсан гэнэ.
ЕБС, цэцэрлэгийн багш нар ажил хаяж буйтай холбогдуулж, цэцэрлэгийн багачууд, сурагчдын эцэг, эхчүүдэд сонордуулга хүргүүлсэн байна.
С.Отгон