Гараараа ”хардаг” хүмүүсийг сурвалжилсан минь

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Гараараа ”хардаг” хүмүүсийг сурвалжилсан минь

Хорвоо “Халтай нэгэндээ ха­­туу, хайрласан нэгэндээ зөөлөн”  гэ­дэг үг үнэн аж. Хатуу хорвоогийн тави­лангаар ертөнцийг харах хувьгүй төрсөн “Хараагүй хүмүүс” хэ­мээн нэрлэгдэх нийгмийн эмзэг бүлэг  байх юм. Гэхдээ тэд хараатай хүмүүсийн нэгэн адилаар хөдөлмөр эрхлэн хэний ч санаанд оромгүй бүтээл ур­лаж, ар амьдралаа залгуулж явна. Та­хир дутуу иргэдийн нийгмийн байд­лыг хангах тал дээр төдийлөн анхаардаггүй манай улсад тэднийг ажиллуулж, цалин олгож буй “Хараагүй хүмүүсийн сургалт, үйлдвэрлэлийн төв” гэх цорын ганц үйлдвэрийг саяхан сурвалжилсан  юм.

“Хан-Уул дүүргийн Үйлдвэр комбинат”-ын 19-ийн автобусны буудлаас хойш 500-аад метр зайд байрлах тус үйлдвэрт өг­лөө эртлэн очлоо. Автобуснаас бууж хойш эргэн нэлээд явж нэгэн жи­жиг гүүр давтал тойруулан бетонон саарал хашаатай, дотроо хоёр дав­хар шар, цагаан гурван байшин болох аж. Хашаа руу орлоо. Үйлдвэрийн маркетингийн менежер В.Од­пүрэвтэй уулзаж ирсэн учраа хэлсэнд сурвалжлахыг зөвшөөрсөн юм. Хараагүй иргэ­дийг нийгэмшүүлдэг цорын ганц байгууллага болох энэ үйлдвэр анх 1964 онд байгуулагдаж байжээ. Ма­най оронд бодит бус судалгаагаар хараагүй най­ман мянга орчим хүн байдгаас таван мянга гаруй нь Улаанбаатар хотод амьдардаг аж. Тэдгээр иргэдийн 120 гаруй нь энэ үйлдвэрт ажилладаг. Үүнээс 84 нь хараагүй, бусад нь сул хараа­тай буюу бүдэг хардаг хүмүүс байдаг байна.

В.Одпүрэвтэй ярилцах зуураа тус үйлдвэ­рийн талаар зарим зүйлийг асуусан юм. Тэрбээр “Манай үйлдвэр социализмын үед бор цаас үйлдвэрлэдэг байсан. Одоо монгол гэр, эсгий үйлдвэрлэл, албан байгууллагуудын бланк, бичиг цаас­ны дугтуй, дэрс, мяндсан шүүр, гэ­рийн уяа, оосор, давуун тор зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Төрөлжсөн тусгай цех ажиллаж байгаа. 2009 оноос шинэ бүтэц зохион бай­гуулалттай болсон. Захирлаар З.Болд­сайхан гэж хараагүй хүн сонгогдсон. Энэ нь түүхэндээ анх удаа юм л даа. Шинэ захиралтай болсноор бүтэц зохион байгуулалтдаа өөрчлөлт хий­сэн. Байгууллагын үйл ажил­лагаа ч эрс сайжирч байна. Бид бүтээгдэхүүний чанар сайжруулах, өртөг буу­руу­лах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорил­готой ажил­лаж байгаа” гэсэн юм. Түүнтэй цуг үйлдвэрлэл явуулдаг цехүүдээр орж үзэхээр болов. Хоёр давхрын урд талын буланд байрлах “Оёдлын цех” гэсэн хаягтай хаалгаар ортол, зургаа, долоон эмэгтэй цагаан даавуугаар гэрийн бүрээс оёж суув. Зарим нь жижиг эмжээрийг нь, өөр нэг нь маши­ны хойно суусан, хүн бүр л дор бүрнээ ажилтай. Тэдний хажууд “Эсгүүрчдийн өрөө” байх аж. Хаалгаар орж баруун талдаа харвал хоёр, дөрвөн метрийн хэмжээтэй нэлээд том ширээн дээр цагаан даавуу тавиастай. Гэвч би нэг зүйлийг гайхав. Менежерээс “Танай энд хараагүй хүмүүс байдаг гэсэн биш бил үү” тэр “Инээснээ. Энэ хүмүүс бүгд хараагүй. Харин ганц хоёр нь бүдэг хардаг, мэдрэмжээрээ л ингэж оёж байгаа юм” гэлээ. Энэ Оёдлын цехед 12 хүн  ажилладаг бөгөөд цөмөөрөө эмэгтэйчүүд. Уг үйлд­вэрийн ихэнх ажилчид нь эрэг­тэй. Эмэгтэйчүүдийн хувьд оёдол, наалт, гэрийн мод будах зэрэг ажил хийнэ.

Нэг давхар дахь гэрийн эсгүүрч­дийн танхимд орлоо. Улбар шар далтай, хар хөх өнгийн ажлын хув­цастай арваад хүн байх юм. Шалаар нэлэнхүйдээ эсгий дэлгээстэй ажээ. Хойд хэсэгт цагаан будгаар шалан дээр зурж дээрээс нь эсгий тавьж хайчилсан нэг эр ийш тийш холхино. Энэ цагаан зураас тэдний ажлыг хөнгөвчлөхийн сацуу  илүү нарийн бүтээгдэхүүн гаргахад тусалдаг гэнэ. Заалны голоор долоо найман хүн дээвэр, туурганы зах оёж, ажилдаа улайран сууцгаана. Тэд харин бид хоёрыг орж ирснийг мэдсэнгүй бололтой. Эсгүүрийн заал­наас гарч хажуу талын өрөөнд ортол нэлээд настайдуу хүмүүс байх аж. Менежер В.Одпүрэв “Манайд 18-60-аад насны хүмүүс ажилладаг” гэв. Энэ өрөөний цонхны доод хэсэгт шалны мод, жижиг шүүр өрөөстэй.Тэднийг хэсэг ажиж зогссоноо хөдөөгүүр шинэ гэрийн оёдол таарсан бүх хүн ямар нэгэн зүйлд нь гар хүрдэг. Тэр дундаа гэрийн эсгий хийхэд олон хүн утас зүү барьж энд тэндээс урлалцдаг нь санаанд зурс хийв.

Үнэндээ одоо үед хөх зүү хөндлөн барьдаг эрэгтэй байтугай эмэгтэй ч ховор шүү дээ. Эндээс буцаад дээшээ хоёр давхар руу явах замд  таарсан “Цайны газар”-аар нь орж тогооч эгчтэй цөөн үг солив. “Урд нь манай ажилчид замын цаана очиж  хоол иддэг байсан. Ха­раагүй хүмүүс зам хөндлөн гарах гэ­дэг бол үнэхээр хүндрэлтэй. Харин манай удирдлагууд НХХЯ-нд төсөл бичснээр хоолны газрын асуудлыг ший­дэж өгсөн. Одоо ажилчид маань өдрийн хоолонд цалингаасаа 300 төгрөг суутгуулж хооллодог” хэ­мээн ярьж байлаа. Үнэндээ дунд зэргийн зоогийн газар гэж хаяг­лах газруудаас ч цэвэр, тохилог хараг­дана. Гэтэл өнөөх “оюутнууд” бэлт­гэдэг их сургуулиудын “Цайны газар” үүнээс долоон дор байдаг гэхэд хилсдэхгүй биз ээ. Энэ үйлдвэрийг төр засаг, олон улсын байгууллагаас ч багагүй тусалж, дэмждэг бололтой. 2009 оны намар “Дэлхийн Зөн”  байгууллагаас өнгөт хэв­лэлийн машин авч өгснөөр “Хэв­лэлийн цех” байгуулжээ. Энэ цехийн хоёр тасагт дөрвөн метр хэртэй урт ширээний хоёр талд өөд өөдөөсөө харан суусан хүмүүс бор цаасан дугтуй,  уут хийх ажээ.Эдний ажил нь их сонирхолтой бас гайхмаар.Тэд төрийн яамд, тамгын газрын бланк цаас, бичиг баримтын дугтуйг хийж байгаа нь энэ аж. Бас банк, хувийн хэвшлийнхэн гээд 160-аад байгууллагатай гэрээ байгуулан бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. Биднийг ороход “Хас” банкны лого, бичиг хэргийн дугтуйн наалтыг хийж байлаа. Зарим нь дугтуйг нааж, нугалж, зарим нь амсарт нь байх товчийг хийнэ. Яг л хараатай хүн шиг ямар ч алдаагүй, бас хурдтай. Би гайхаж менежер В.Отгонпүрэвээс “Энэ хүмүүс яаж ингэж хийж чадаж байна аа” гэхэд “Дугтуйн дээрх би­чилт жаахан товойлттой байдаг. Түүнийг хуруугаараа мэдэрч хийдэг юм” гэлээ.Үнэхээр гайхах, бишрэхээс өөр аргагүй. Хүнд ямар их боломж, чадвар байдаг, юуг яаж хийж болд­гийг эднээс харж болмоор.

Энэ үеэр Д.Батбаяр гэх 30 гаруй насны залуутай уулзаж хэдэн үг сольсон юм.
 
-Та энд ажиллаад хэр удаж байна вэ?

-Ажилд ороод удаагүй байгаа. Хоёр, гурван сар л болж байна.

-Ажлын ачаалал хэр байна?

-Гайгүй. Орой 16:00 цаг хүртэл ажилладаг.

-Цалин хэр авах вэ?

-Боломжийн. Зуу гаруй мянгани төгрөг авдаг. Ажлын ачааллаасаа шалтгаалаад нэмэгдэнэ л дээ.

-Энэ мөнгө танд, танай гэр бүлд хүрэлцэж байна уу?

-Ер нь хүрэлцээтэй. Зүгээр байсан дор энэ хавьгүй их мөнгө. Бид өөр ажилд орно гэвэл хэн ч тоохгүй шүү дээ гэсэн юм.

Энэ мэтчилэн үйлдвэрийн дамж­лага, цехүүдийг сонирхож өнж­лөө. “Хараагүй хүмүүсийн сур­галт, үйлдвэрлэлийн төв” урдаас уламжилж ирсэн “Эсгий”, “Монгол гэр”-ийн үйлдвэрлэлээр зах зээлд гол үйлдвэрлэгч болж чаджээ. Ту­хайлбал  Монголд эсгийн 30 гаруй үйлдвэр байдгаас ердөө гурав нь л нягтаршил сайтай “Молтко” гэх материал ашигладаг байна. Тэдний нэг нь уг үйлдвэр юм. Зах дээр зар­даг эсгийнүүд таван метрт 22-26 килограм ноос оруулдаг бол эднийх 35 килограммаар таван метр эсгий хийдэг гэнэ. Гэрийн мод хийхдээ шинэ гарсан технологи болох “Мик­ро долгион”-ыг ашигладаг аж. Гэ­рийн борлуулалт нь ч сайн гэнэ. Өн­гөрсөн онд л гэхэд 600-700 гэр борлуулжээ. Нэг гэрийн үнэ нь сая 400 мянган төгрөг.Тэд үйлдвэрээ өргөжүүлэхийн тулд гурван төсөл бичиж Засгийн газраас 109 сая төг­рөгийн зээл авчээ. Энэ мөнгө үр дүнтэй зарцуулагдсан гэж ажил­чид нь ам сайтай ярих юм би­лээ. Цаашдаа “Гутлын сойз”, “Буд­гын багс”-ын цех байгуулах судалгаа хийж буй аж. Даш­рамд дурьдахад манайд гудамж талбайгаар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд айж сандрах зүйлгүй, чөлөөтэй явах тусгай зам ч үгүй юм. Бүр адаглаад автобус унаанд нь суудал тавиад өгчих хүн ч ховор шүү дээ.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж