Монголын кино урлагийн өчигдөр, өнөөдөр

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Монголын кино урлагийн өчигдөр, өнөөдөр

Монголын кино урлаг наян жилийн түүхтэй. Бид бүгдээрээ киногоор хүмүүжсэний тод илрэл нь кинонд хэлэгддэг үг хэллэг өнөөдөр ч хэлц үг болж хувираад амь бөхтэй оршсоор  бай­на. “Үер” киноны  “гол гаргах” гэдэг үг хуурах, молигодох гэсэн ут­гыг илтгэнэ. Энэ үгийг “Үер” киног үзээ­гүй хүн ойлгоход бэрх.  Архинд зараг­даж гүйхийг “Дарьбазардах” гэдэг бол  “Ахаа намайг бодоорой”  “Амь, амиа бодоорой” гэх зэргээр ярилцах нь хэвийн үзэгдэл. Түүгээр ч үл барам Дүл­зэн гэдэг дүр  амьд хүн мэтээр төсөө­лөгдөж “Дүлзэн шиг амьтан” хэмээн ярилцах нь бий. Бид багадаа “Дүлзэн, Дүлзэн” гэж бие биенээ шоолж өсчээ. Хэрвээ үнэхээр Дүлзэн нэртэй нэгэн байдаг бол тэр хүнийг шууд л урвагч хэмээн ойлгож амьдрал нь хэ­цүүдэж ч мэднэ. Ийм жишээг тоочоод ч баршгүй.

Хуучин цагт киног төрөөс шууд дэм­жиж санхүүжүүлж хийлгэдэг бай­сан болоод сайн кино төрдөг байсан боло­хоос алтан үеийнхэн агуу сайн байсан болоод л тэдний бүтээл урт настай байна гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Миний сайн таних Дожоодорж гуай тэр үеийн олон киноны зохиолыг бичсэн байдаг. Тэрбээр нэг удаа надад “Аман хуур” киноны зохио­лыг бичих даалгав­рыг хотын захиргаа­наас надад өгсөн. Шаг­налд нь хотын төвд гурван өрөө байр өгсөн” гэж ярьж билээ. Одоо ч тэр байрандаа амьдарч байгаа байх. Ингэж тэр үед киног дэмждэг байсан болоод чанартай бүтээлүүд гарч байжээ.  Хэрвээ өнөө­дөр гурван өрөө байр өгнө гээд кино зохиолын уралдаан зарлавал сайн кино гарах нь дамжиггүй юм. Гэтэл өнөөдөр кино бол бизнес, зах зээл өөрөө зохи­цуулдаг юм гээд хөсөр орхижээ. Үүний хар гайгаар одоо зөвхөн инээдмийн кино л хийдэг болж. Инээдмийн киног муу гэж хэлэх гээгүй байна. Чарли Чап­лин ч яг ийм жишгээр гарч ирсэн байдаг. Ядуу, хэцүү амьдралаа мартах гэсэн ажилчин ангийнхан түү­нийг нь үздэг байсан бөгөөд Чарли Чаплин өө­рөө ч ядуу байсан болоод хямд төс­вийг нь бодож богинохон кино хийдэг байсан юм билээ. Бид ийм замаар явж байгаа нь үнэн. Хэрвээ төрөөс ямар ч дэмжлэг үзүүлэхгүй бол хэн ч хүүхдийн кино, хар тамхи, архи­ны эсрэг кино хийхгүй.

Өнөөдөр кинонд хөрөнгө оруулж байгаа газруу­дын тэргүүнд архи, пивоны үйлдвэрүүд жагсаж байдаг. Та бүхэн нэг кино үзээд гарахдаа  пивоны, архины реклам заа­вал үзээд гардаг. Тэгвэл Холливуд хүртэл төрийн зохицуулалтаар явдаг. Америк кинонд төрийн дал­бааг таван удаа оруулах ёстой гэх мэтээр зааж өгдөг байна. Санаатай, санаанд­гүй байдлаар төрийн далбааг тэд оруулдаг байна. Үүнийхээ шанд тэд төрөөс зохих шан авдаг ажээ. Ингээд харахаар бүх юмыг зах зээл өөрөө шийддэг гэж өөрөөсөө зайлуул­даг, залхуу хүний үг худлаа болж таарч байна.

Орос улсыг аваад үзье. “Мосфильм”  кино үйлдвэр саяхан яг ма­найх шиг дампуурсан байсан. Гэтэл өнөөдөр сэв хийтэл босоод иржээ.  “Адмирал”, “Брестын цайз” гэх мэт маш олон киног төрөөс санхүүжүүлж хийл­гэжээ. Путины ивээл дор “ Кино урла­гийг дэмжих сан” байдаг бөгөөд  өөрийнхөө ивээлд авч бодло­гоор киног дэмжиж байна. Оросууд яг манайхан шиг олон мянган үзэл суртал­чил­сан кино хийсэн орон. Уран бүтээл­чид нь ч арга залиар үзэл суртлын кинон дундаа сэмхэн өөрийнхөө үзлийг шур­гуулдаг байсны нэг тод жишээ нь “Коммунист” гэдэг кино байдаг. Тухай үедээ гайхагдан магтагдаж ийм л хүнийг коммунист гэнэ хэмээн шуу­гиж байсан. Одоо харахад тэр улайр­сан коммунист нь хүний эхнэр оролд­дог, олиггүй нэгэн байсныг сэм харуулж чадсан  бөгөөд ерөөсөө мугуйд өөрийн­хөө бодлын төлөө үй олон буудуулж байхдаа ч үхэхгүй зүтгээд байдаг аймшигтай  тэнэг хүний дүрээр бараг аймшгийн кино хий­чихсэн  байдаг. Ленин кино­гоор хувьсгал хий­сэн гэхэд хилсдэхгүй, Адольф Гитлер ч киног анхаарлынхаа төвд авсан байсан. Энэ олон түүхийг гуйвуулсан кинонуудаа Орос орон засаад эхэлчихлээ. Түүхэн ки­нонд Путин хөрөнгө мөнгө хайрлахгүй үй олон кино хийлгэлээ.  Тэгвэл өнөө­дөр манай улс төрчид бид телевизээр л гараад байвал боллоо. “Тэр кино яахав” гэж бодоод өдөр бүр шахуу шинэ телевиз гаргаж ирээд л сууж байна.  Энэ олон телеви­зийн ард нэг улс төрч эсвэл улс төрийн хүчин байдаг. 

Сүүлийн хорин жилд нэг ч хүүхдийн кино хийгдээ­гүй гэхэд болно.  Уг нь хоёр ч бил үү дээ, хүүхдийн кино хийж үзсэн боловч ашиг олохгүй болохоор тэгс­гээд зогссон.  Улстөрчид цөмөөрөө хүүхэдтэй. Тэгээд тэд дэлгүүрээс Хар­ри Поттерийн хулхи  DVD л авч өгч хүүхдийнхээ амыг хаадаг байх. Хаана байна, өнөө хүүхдийн төлөө “За” гэж хэлцгээе гээд байсан.  Асар их өртөг­тэй түүхэн кинонд төрөөс тус­ламж үзүүлэхгүй  л байна. “Үхэж үл болно” кинонд л М.Энхсайхан, Н.Энх­баяр нар хоёр зуун сая төгрөг өгсөнийг эс тооцвол шүү дээ. Чингис хааныхаа тухай кино хийх гээд зүдэрч яваа уран бүтээлчид олон байна. Гэтэл япон, орос гээд гадныхан Холливудын жүжигчдийг хүртэл тоглуулаад их хааны тухай кино хийсээр байна. Манай “Нууц товчоог3 гол болгосон Хята­дын олон ангит “Чингис хаан” кино­гоор бид түүхээ ойлгож, мэдэж Өвөр Монголын нэг жүжигчинг бараг л жин­хэнэ Чингис мэтээр харж хүмүүжиж байна. Нууц товчоогоо “хүн бүр унш, айл бүр гэртээ зал” гэж  зарлиг хүртэл гаргаад хэрэгжээ­гүй байхад Хятадын хий­сэн киноны ачаар жоохон хүүхэд ч  мэддэг болсон. “Би Би Си”, “Эн эйч кэй” телевизын хамтран бүтээсэн баримтат киноноос өөрс­дийнхөө түүхийг сурч сууна. Хэрвээ энэ ходоодонд тараагаад байгаа хорин нэгэн мянган төгрөгийг толгойд зарцуулсан бол хэдэн зуун сайхан кино гарах байсныг та нар бодож үзсэн үү? Гишүүн бүр тэрбум төгрөг авсан мөрт­лөө хэн нь  кино урлагт цөөн хэдэн цаас өгсөн юм бэ? Зах зээл бүхнийг шийд­нэ гээд өөрөөсөө түлхэж залхуурч суугаа юм биш үү?

Өнөөдөр сая хүнтэй хотод гуравхан кино театр байна. Тэгвэл социализмын үед дүүрэг болгон театр­тай байсан. Энэ театрууд Хрис­тийн сүм, Хөрөнгийн бирж, баар сав болж хувирсныг бүгдээрээ харж байгаа шүү дээ. Театр бол бизнес. Америкт хэдэн зуун мянган кино театр бий. Ядаж кинонд мөнгө оруулах дур­гүй юм бол театр бариач ээ. Тал мөнгийг нь зүгээр л хураагаад авчихдаг бизнес шүү дээ. Харин ч  Солонгосчууд энэ бизнест анх­лан хөрөнгө оруулсаны ачаар өнөөдөр бид дэлхийн жишиг кино театртай болжээ. Хэрвээ би Ц.Элбэг­дорж Ерөн­хийлөгчийн оронд байсан бол давын түрүүн кино урлагийг дэмжих байсан.

Гадны кино наадмаас шагнал хүртсэн хэдхэн хүн бий. Үүний дотор энэ илтгэ­лийг тавьж байгаа би ч багтана. н.Бямба­сүрэн Герман улсын ивээлд орж шагналаа ч авч киногоо ч хийж явна.  Би бол дэлхийн наад­муу­даас 23 шагнал эх орондоо авч, ирээд муу нэртэй л болсон нэгэн. Сая л нэг сайн  продюссер­тэй таарч “Бодлын хулгайч” нэртэй кино хийлээ. “Нохойн орон” кинонд ажиллаж байсан С.Бямбаа өнөөдөр “Хүсэл шунал” киногоороо мөн л гаднаас шагнал хүртсэн ч энэ төр засаг огт тоогоогүй.  Уг нь одоогийн Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа 1998 онд гаргасан Засгийн газрын 197 тоот тогтоол гэж бий. Энэ тогтоолоор шагнал хүртсэн нэг ч киноныхон байхгүй. Надад өгөхгүй байж болно. Оскарт хүртэл нэр дэвш­сэн н.Бям­басүрэнд яагаад өгч болдоггүй юм бэ. Энэ бол дээдэс кино урлагт яаж хүйтэн цэвдэг хандда­гийн хамгийн тод жишээ юм. Над­тай хамт “Нохойн орон”-г хийсэн Бельгийн найруулагч Петер Бросэнс дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртсэ­нийхээ төлөө төр зас­гаасаа хүн­дэт легионы одонгийн дайтай “Фонске” хэмээх шагна­лыг хүртсэн билээ.  Би Ц.Элбэгдорж Ерөнхий­­лөг­чийг танихын хувьд олон ч удаа энэ талаар хандсан боловч “Өгөлгүй яахав, чам­тай хэн барьцах билээ” гэж олон хэ­лээд, олон хуурсан. Талийгаач Дамчаа гуай хүртэл үүнийг яриад орж уулзаж байсан юм.  “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино ” гэсэн үг байдаг. Үнэ­хээр ч тийм болоод өнөөдөр дэлхий дахин киногоор амьдарч байна. Огт дэмжлэг­гүй байхад бид гадны наадмаас шагнал хүртэж чадаж байна. Хэрвээ дэмжээд өгвөл монголчууд дэлхийг шуугиулсан кино хийж чадна гэдгийг нотолчихсон юм биш үү.

Тавантолгой, Оюутолгойгоос илүү толгой монгол­чуудад бий. Гэтэл булчин шөрмөсөөрөө амжилт гаргасан тамирчдаа дэмждэг хэрнээ толгой тархиараа дэлхийд ам­жилт гаргасан хэдхэн хүнээ огт тоодоггүй ийм орон дэлхийд ганцхан байдаг. Энэ бол манайх. Албан тушаал, эрх мэдэл хэдхэн жилийн настай авъяас, билэг алдар хүртсэн  кино урт настай байдаг билээ. Манай кино урлаг төдийгүй дэлхийн тавцанд гарсан хүмүүсийн ард манай төр засаг биш гадаадынхан байдаг нь их хачин. Сумочдын ард япончууд, боксчдын ард англичууд, солонго­счууд байдагчлан “Ингэн нулимсын” ард германчууд,  “Нохойн орны”  ард Бельги­чүүд  зууны манлай “Цогт тайж”, “Дайс­ны цэргүү­дээ сонсцгоо”, “Төгс­гөл” гээд олон киноны ард оро­сууд, “Мандухай цэцэн хатан”-ий ард япон­чууд байсныг бид бүгд мэднэ.  Монгол киног яагаад монго­лын төр дэмждэггүйг би ерөөсөө ойлго­доггүй. “Хүний хөгжил сан” гэж байгуу­лаад мөнгө тарааж бо­лоод байгаа хэрнээ жинхэнээсээ хүнийг хөгжүүл­дэг кино урлагийг яа­гаад дэмждэг­гүйг би бас ойлгохгүй байна. Урла­гийг уран зохиол, уран зураг, хөгжим гэж гуравхан төрөлд хуваа­даг. Энэ гурван төрлийг бүгдийг нь багтаа­сан урлагыг “Кино урлаг” гэдэг юм. 

“Сайн ану миний багш муу ану бас миний багш” гэсэн хуучны үг бий. Хуучин цагт кино урлагийг дэмжиж бай­сан нь сайн багшийн үлгэр, одоо цагт огт дэмжихээ больсон нь муу багшийн үлгэр билээ. Чи өөрөө кино үзэх дур­тай л юм бол чи түүнд ямар нэгэн тус хүргэх хэрэгтэй. Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино боловч хамгийн үнэтэй бүтдэг нь кино юм.  Тийм болоод өнөө­дөр киночид “Бид яаж хямдхан кино хийх вэ” гэж бодож явсаар зохиогчийн кино л хийж байна. Өөрөө хийж чадахгүй бол өрөөлийг хийхэд тусал. Тэгвэл чи үзэж баясах кинотой болно. Монгол улсынхаа тугыг ч дэлхийн тавцанд өргөх болно. Уг нь хөөрхий, бас хэдэн цаас төсөвлөдөг гэж сонссон. Гэтэл тэр мөнгөөр нь кино хийсэн хүн энэ дунд сууж байгаа гэж би бодохгүй байна. Хэнд өгөөд, хэн нь дундаас нь цавчаад юу гардаг юм бэ бүү мэд. Бид энэ жил тусгаар тогтнолынхоо зуун жилийн ойг тэмдэглэх гэж байгаа хэрнээ түүнийг нь гардан удирдсан Богд хаанаа эсэргүү, яр тэмбүүтэй нэгэн гэж үзүүлсэн киногоо саяхан болсон улс тунхаглас­ныхаа баяраар ч үзээд л сууж байна.

Манай улс коммунист үзэл суртлаас хорин жилийн өмнө салсан гэж ярьдаг хир­нээ коммунист киноо­гоор бүхэл бүтэн үеээ хүмүүжүүл­сээр л байлаа. Би өөрөө сэтгэл гаргаад саяхан төрийн шаг­нал хүртсэн О.Бат­чулууны удирдлага дор “Богд хааны үр сад” баримтат кино хийснээ энд авч ирсэн юм. Телевизийн нөхөд минь үүнийг гаргаарай. Иймэрхүү л байдлаар бид тусгаар тогтно­лынхоо зуун жилийг тэмдэглэх гэж байна. Монголын кино урлагийг  төр дэмжих цаг хэдийнэ болжээ. Үүнийг хэрэгжүүлэх ерөөсөө хэцүү биш юм. Архи, пиво, спиртын үйлдвэрүүд заавал жилдээ хоёр киног санхүүжүүлэх  ёстой гээд хуульчил­чихад л өөрөө яваад өгнө. “Кино урлагийг дэмжих сан” гэж байгуулаад, түүндээ төрийн оролцоотой хөрөнгө татаад, жил бүр заавал хийх киноны сэдэв заагаад, киночдын дунд ил тод тендэр зарлахад л энэ өөрөө яваад өгнө. “Хүний хөгжил сан” гэж бий. Хүнийг ходоодоор нь хөгжүүлдэг юм уу зүрх сэтгэл, тархи толгойгоор нь хөгжүүлдэг юм уу Энэ тараагаад байгаа хорин нэг мянгаасаа таван мян­гыг нь л кинонд оруулъя гэхэд Монгол хүн бүр “За” гэнэ. Ингэхэд л арван гурван тэрбум таван зуун сая төгрөг гараад ирж байгаа биз дээ. Бидэнд мөнгө босгох үй олон аргууд бий. Тийм ч болоод өнөөдөр бид яаж ийгээд кино хийгээд л байгаа биз дээ. Гагцхүү тө­рийн зүгээс сэтгэл л дутаад байна. Энэ  зөвлөлгөөнөөр бид ийм шийдэлд хү­рэх хэрэгтэй. Ингэж чадвал манай Монго­лын кино урлаг дэлхийд гарахад бэлэн болсон байна.

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж