Горбачёв дахин сонгууль явуулахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Горбачёв дахин сонгууль явуулахыг уриалав

Орост болсон парламентын сонгуулийн үр дүнг луйвар гэж үзэж буй сонгогчид эсэргүүцэн жагсч буй энэ үед хуучин Зөвлөлтийн удирдагч асан Михаил Горбачёв эрх баригчдад дахин сонгууль явуулахыг уриалжээ. Горбачёв “Сонгууль булхайтай болсноос иргэд сонгуулийн дүнд итгэхгүй байна. Тиймээс дахин сонгууль явуулах хэрэгтэй” гэж мэдэгдсэн гэнэ. Өнгөрсөн ням гаригт болсон парламентын сонгуулиар одоогийн Ерөнхий сайд В.Путины тэргүүлдэг “Нэгдмэл Орос” нам дахин ялалт байгуулсанд иргэд дургүйцлээ илэрхийлж, Москва, Санкт-Петрбург хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Өчигдөр Москва хотод цагдаа нар эсэргүүцлийн хөдөлгөөний 250 жагсагч болон сөрөг хүчний лидерийг баривчилсан юм. Харин даваа гаригт цагдаа нар 2000 гаруй жагсагчдыг баривчилсан билээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн цаашид улам газар авах шинжтэй байгаагаас Москва хотын цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн гэнэ. Хүний эрхийг хамгаалах  “Amnesty International” байгууллага ОХУ-ын эрх баригчдаас жагсагсдын эсрэг цагдаа нарыг турхирахгүй байхыг шаардаж, баривчилсан сэтгүүлчдийг суллахыг уриалсан байна. Ирэх бямба гаригт Москва хотод эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцохоор 16000 гаруй хүн “Facebook”-ээр нэгдсэн гэнэ. “Amnesty International”-ийн мэдээлснээр цагдаа нар 1000 гаруй жагсагчдыг баривчилснаас 100 гаруйг нь одоо болтол урьдчилан хорих төвд саатуулж байгаа юм байна. Тэдний дийлэнх нь сэтгүүлч, сурвалжлагчид гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж