Эдийн засгийн байнгын хороо, Монголбанктай хамтран өчигдөр “Зээлийн
мэдээллийн тухай хууль: Үзэл баримтлал, зохицуулагдах харилцаа, заавар,
журам” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Энэ үеэр зээлийн мэдээллийн
санг хэрхэн байгуулах, үүнд иргэд, аж ахуйн нэгжүүд ямар оролцоотой
байх, Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд юунд анхаарах
гэхчлэн олон асуудлаар банк, банк бус санхүүгийн байгууллага, хуулийг
боловсруулсан ажлын хэсгийнхэн санал солилцлоо. Зээлийн мэдээллийн
тухай хуулийг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх юм. Уг хууль нь
банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо,
төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй
холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хяналт тавихад үйлчлэх
аж. Иймээс иргэн, хуулийн этгээд зээлийн мэдээллийг бүрдүүлэх нь. Энэхүү
мэдээлэлд зээлдэгчийн овог нэр, ажил эрхлэлтийн болон гэрлэлтийн
байдал, зээл, төлбөрийн гэрээ байгуулсан он, сар, өдөр, гэрээний
хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн, эсвэл гүйцэтгээгүй зээл, төлбөрийн
үүргээс татгалзаж байсан бол ямар шалтгаантай зэргийг оруулна. Харин аж
ахуйн нэгж байгууллагуудын зээлийн мэдээлэлд татвар төлөгчийн бүртгэлийн
дугаар, хувьцааны 25 ба түүнээс дээш хувийг эзэмшиж буй хувьцаа
эзэмшигчийн ерөнхий мэдээлэл, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэл,
эрхэлсэн ажил гэхчлэн мэдээллүүд багтах юм. Зээлдэгчийн арьсны өнгө,
нийгмийн гарал, эрүүл мэндийн тухай мэдээлэл, худалдаа, бизнесийн
нууцлалтай холбоотой асуудлыг мэдээлэлд оруулахыг Зээлийн мэдээллийн
тухай хуульд хоригложээ. Тухайн иргэний сүүлийн зургаан жилийн зээл, өр
төлбөртэй холбоотой сайн, муу бүхий л мэдээлэл багтах юм байна. Харин
Зээлийн мэдээллийн санд бүртгүүлсэн өдрөөс хойш 10 жилийн хугацаанд
мэдээллийг нь хадгалж, архивлах юм билээ.
Монголбанк хуулийн
хүрээнд Зээлийн мэдээллийн сантай болох юм. Ийм сантай болсноор
мэдээллийн аюулгүй байдал, хяналт шалгалт хийх, зээлийн мэдээллийн
үйлчилгээ үзүүлэгчдийг урт хугацаанд ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх
зэрэг давуу талтай болохыг Монголбанкны удирдлагууд хэлж байлаа. Зээлийн
мэдээллийн үйлчилгээ үзүүлэх байгууллага хэд ч байж болох гэнэ. Харин
дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг
3-4 байгууллага байдаг аж. Гэхдээ хэн хүссэн нь ийм үйл ажиллагааг
эрхлэх тусгай зөвшөөрөл авахад амаргүй. Юун түрүүнд Монголбанкнаас
тусгай зөвшөөрлийг авах учиртай. Ингэхийн тулд шаардлагатай бичиг
баримтыг бүрдүүлэх шаардлагатай юм. Одоогийн байдлаар тусгай зөвшөөрөл
авах хүсэлтэй хэдэн байгууллага байгаа нь тодорхой бус байгаа аж. Мөн
семинарын үеэр оролцогчид “Шинээр зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх
байгууллага байгуулагдсаны дараа өөр байгууллага гарч ирэхэд хэцүү юм
биш үү” хэмээн асууж байв. Монголбанкныхны хэлснээр “Ингэж багасаж мэдэх
юм. Учир нь шинээр энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага
байгуулагдахад зээлдэгч иргэн, аж ахуйн нэгжээс дахин мэдээлэл цуглуулах
шаардлагатай болно. Гэхдээ ийм байдал бий болгохгүйн тулд Монголбанк
Зээлийн мэдээллийн сантай болж байна” гэв. Үйл ажиллагаа явуулж бүх
банк, банк бус санхүүгийн байгууллагууд мэдээллийн үйлчилгээ явуулах
шаардлагагүй. Харин Монголбанкны сайтанд байрлуулсан зээлдэгчийн
мэдээллийг судалж, үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой аж.
"Улс төрийн тойм" сонин