Бүртгэлгүй 24 галт зэвсгийг гэрчилгээжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Бүртгэлгүй 24 галт зэвсгийг гэрчилгээжүүлжээ

Дархан-Уул аймагт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар эхэлсэн “Зэвсэг-2011” нэгдсэн арга хэмжээ өндөрлөлөө. Харин энэ хугацаанд бүртгүүлэх ёстой галт зэвсгийн 73 хувийг бүртгэлд хамруулсан байна. Аймгийн Цагдаагийн газарт 25 нэр төрлийн 694 ширхэг буу бүртгэлтэй байдаг ч энэ жилийн нэгдсэн арга хэмжээний үеэр 24 ширхэг буу бүртгэгдээгүй, нуугдмал байсныг илрүүлж, гэрчилгээжүүлжээ. Нэг сарын хугацаанд иргэдийн эзэмшиж байгаа галт зэвсгийг бүртгэж, татварыг нь хураадаг ч энэ ажилд галт зэвсэг эзэмшигчид туйлын хойрго хандсан гэнэ. Иргэд эзэмшиж байгаа галт зэвсгийг ан агнах, спорт, сургалт, цуглуулгын зориулалтаар ашиглаж байгаа бол аж ахуйн нэгжүүд харуул хамгаалалт, спорт сургалтын зориулалтаар эзэмшдэг байна.

Аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн ахлах байцаагч Ж.Батсайхан “Галт зэвсэг эзэмшигч болон хамтран эзэмшигч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн байх бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авснаар галт зэвсэг өмчлөх эрх нь үүсдэг. Харин эзэмшиж байгаа галт зэвсгээ бүртгүүлээгүй иргэд, аж ахуйн нэгжид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэв.

У.Гэгээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж