”Урт нэртэй” хуульд ”сайн” дүн тавилаа

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

”Урт нэртэй” хуульд ”сайн” дүн тавилаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд өчигдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтийн та­лаар нээлттэй хурал, семинар болж өнгөрлөө. Энэхүү нээлттэй семи­на­рыг нэг талаас Ашигт малтмалын газар, Эрдэс баялаг, эрчим хүч­ний яам, Байгаль орчин, аялал жуулч­лалын яам, Стандартчилал хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон “Геологи уул уурхайн тулгуур хүч” төрийн бус байгууллага хамтран зохион бай­гуулсан. Нөгөө талаас уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байсан 200 гаруй үндэсний компаниудын захирал, төлөөлөгчид оролцсон юм. Асуудлын гол нь хууль гарснаас хойш бараг л хоёр жил болж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр 200 гаруй үндэсний гэх тодотголтой компаниудын үйл ажиллагааг төрөөс зогсоосон гол шалтгаан нь нөхөн сэргээлт, ус, гол мөрний ойр орчныг ямар нэг байдлаар сүйтгэсэнтэй холбоотой гэсэн. Угтаа сумын Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанийг гол мөрний ойролцоо олборлолт явуулж байгаа эсэх дээр давхар хяналт тавьж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гол мөрний хязгаарыг тодорхойлох үүрэгтэй аж. Хууль гарснаас хойш сумын Засаг дарга нар ч ажлаа хийж, харьяа газарт хяналтаа тогтоож эхэлсэн гэнэ. Гэтэл олборлолт явуулж буй зарим компанийн газарт гол горхи байхгүй байхад олборлолт явуулах эрхийг нь цуцалчихсан байна. 


Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Урт нэртэй хуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Энэхүү хуулийг гэв гэнэт хаанаас ч юм хэн нэгэн гаргаад ирсэн. Бэлтгэлгүй, будлиантай хийсэн хуулийн нэг гэж дүгнэж байгаа. Ийм хууль гаргаад ирэхээр аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд тодорхой судалгаа, бичиг баримт, тооцоо гаргаж өгөх тал дээр бүдэрч байгаа. Мөн нөхөн төлбөр гаргах заавар, зааварчилгаа миний мэдэхийн гурав, дөрвөн удаа өөрчлөгдөж байна. Анх дүрэм, журам нь батлагдаад хэсэг байж байгаад “Энэ ер нь нэг л биш болсон байна. Алив өөрчилье” гээд л өөрчилсөн. Дараа нь дахиад л “Үндсэн орд руу орсон байна” гэх зэргээр дахин дахин өөрчилсөөр өдий хүрсэн. Товчхондоо энэ хуулийг хэрэгжүүлэхэд үнэхээр хэцүү. Хуульд заачихсан байгаа шүү дээ. “Нөхөн төлбөр олгоно. Эдгээр компаниудтай уулзана. Тэгээд байгаль орчноо сайхан болгоно” гээд. Харин одоо нөхөн төлбөр өгөх тал дээр ингээд л татганаад л, харин өөрсдөө “Хуулиа хэрэгжүүлнэ. Та нар зогс, ажиллаж бо­лохгүй” гээд өнгөрсөн жил ажил­луулаа­гүй. Энэ бол зүгээр л үйл ажиллагаа явуулж байсан компанийг гэмт хэр­гийн үүр рүү түлхчихэж байгаа юм.

-Аж ахуйн нэгжүүдийг үндэс­лэл­­гүйгээр их хэмжээний мөнгө нэ­хэмжлээд байна гэсэн тайлбар өгч байгаа шүү дээ?

-Тэгж хардаж байгаа юм. Тус­гай шалгалтын комисс гаргаад нэ­хэмжилж байгаа үнийн дүнг шалгаж болно шүү дээ. Хэрэв үнэхээр үн­дэслэлгүйгээр нөхөн төлбөр авах гэж байна гэж бодож байгаа бол бүх аж ахуйн нэгж байгууллагуудаар шалгалт хийхийг зөвшөөрнө. Түүнээс биш хий хардаад ийм тайлбар өгөөд нөхөн төлбөр дээр татганаад байх хэрэггүй юм хэмээсэн юм. 

Ерөнхийдөө гол мөрний урсац бү­рэл­дэх эх, усны сан бүхий газ­рын хамгаалалтын бүс, ойн сан бү­хий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, хил заагийг хэсэгчилэн тог­тоох тухай тогтоолд Архангай, Баян­хон­гор, Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Өвөр­хангай, Увс зэрэг аймгууд хамрагдаж байсан. Үүний дагуу хуулиар хо­риглосон хил заагийн дотор  алтны шороон орд олборлож буй аж ахуйн нэг­жүүдийн үйл ажиллагааг зогсоох, уур­хайн хаалт, нөхөн сэргээлтийг стан­дар­тын дагуу гүйцэтгүүлэх зорил­гоор хяналт шалгалтыг явуулсан удаа­тай. Зөрчлийн хувьд шалгалтад хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэм­шигчийн үйл ажиллагаанд дараах зөрчлүүд илэрч байжээ. Үүнд, Зас­гийн газрын 2011 оны 174 дүгээр тог­тоолд заасан хил заагийг газар дээр нь тогтоолгоогүй, шав тэмдэг тавиу­лаагүй, хуулиар хориглосон талбайд үйл ажиллагаа явуулж байж. Мөн дээрхи тогтоолд хамрагдсан хэсэгт уурхайн хаалтын болон нөхөн сэргээлтийн зураг төсөлгүй, уулын ажлын төлөвлөгөөгүй, олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан аж. Шалгалтаар илэрсэн зөрчлийн улмаас 47 ашиглалтын тусгай зөв­шөөр­лийн талбайд алт олборлож бай­гаа 73 аж ахуйн нэгжийн үйл ажил­лагааг улсын байцаагчийн актаар зогсоож, зөрчлийг арилгуулах ул­сын байцаагчийн 47 албан шаард­лага өгч, 43.1 сая төгрөгийн тор­гууль ногдуулж, хууль бусаар алт олборлосон 712.6 грамм алтыг улсын орлого болгосон байна.

Ямартай ч өчигдөр хоёр талдаа ашигтай, мэдээлэл ихтэй үр өгөөжөө өгсөн хурал, семинар болж өнгөрсөн юм. Үйл ажиллагаа нь зогссон 200 гаруй уул уурхайн аж ахуйн нэгж, байгууллагын удирд­лагууд “Урт нэртэй” хуулийг эсэр­гүү­цэж, “Анхнаасаа зохицуулах ар­га хэмжээ аваагүй байж одоо ийм утгагүй зүйл ярих нь зохимжгүй. Бид­ний ихэнхи нь 1985-1995 онд Гео­логи, уул уурхайн салбар руу уухайлан орж байсан. Тухайн үед ямар ч тодорхой дүрэм, журамгүй байсан мөртлөө олон жилийн дараа ийнхүү гэнэт хууль гаргаж ирчихээд өөдөөс бариад байгаа нь буруу байх” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Ашигт малтмалын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариун­баяр болон албаны бусад удирдлагууд “Анх дүрэм, журамгүй байсан нь одоо хамаагүй. Одооноос шинээр дү­рэм журам, хууль баталж, баталсан хуулиа хэрэгжүүлэхээс өөр сонголт бидэнд үгүй. Тиймээс бүх зүйлийг ном журмын дагуу хийх ёстой” гэсэн товч байр суурийг илэрхийлж байлаа.

Засгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Стандартчилал хэмжил зүйн газар, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хууль хяналтын бүх байгууллагууд “Урт нэртэй” хуулийн хэрэгжилтийг “Эхнээсээ үр дүнгээ өгөөд үүргээ биелүүлж эхэлсэн” хэмээн дүгнэж байгаа аж. Анхнаасаа замбараагүй эхэлсэн уул уурхайн салбарт хүчин зүтгэж явсан компаниудын тусгай зөвшөөрлийг хурааснаар одоо л цэцрэгх тийш хандаж байна.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж