ШУТИС-ийн оройн ангид нийт 5905 оюутан суралцдаг байна. Харин эдгээр оюутнуудын сургалтын хөтөлбөр болон төлбөрийн хэмжээ нь өдрийн ангийнхантай адил. Гэтэл “Хүний хөгжил сан”-аас олгох байсан 491960 төгрөгийг 2010 оны хичээлийн жилд аваагүйн улмаас хоёрдугаар ээлжийн 5905 оюутан шалгалтад орох эрхээ хасуулаад байгаа аж. Энэ асуудлыг шийдэхийн тулд хоёрдугаар ээлжийн оюутнуудаас 1941 өргөдөл аваад байгаа юм байна. Энэ өргөдөл цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Одоогоор өргөдлийг ШУТИС-ийн оюутны холбоо авч байгаа гэнэ. Тус өргөдлийг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт өчигдөр хүргүүлсэн байна. Өргөдөлд “Өнгөрсөн онд оройн ангийнханд олгогдоогүй 491960 төгрөгийг нөхөн олгоно уу” хэмээн хүсэлт гаргасан байна. Хариуг энэ долоо хоногийн сүүлчээр бичгээр өгнө гэсэн мэдээлэл байна. Манай улсын Боловсролын хуульд оройн ээлжийн оюутнуудын сургалтын хөтөлбөр, цагийн хуваарь зэргийг нарийн заасан байдаг. Харин энэ нь ШУТИС-ийн хоёрдугаар ээлжийн ангийн оюутнуудынхтай зөрчилдөж байгаа юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд ШУТИС-ийн Оюутны холбоо өчигдөр хурал зохион байгуулав. Харин уг асуудлыг шийдвэрлэхэд ШУТИС-ийн удирдлага нэлээд хойрго хандаж байгаа нь өчигдрийн уулзалтаас харагдаж байлаа. Оюутнуудынхаа дуу хоолойг сонсох ёстой тус сургуулийн удирдлагуудаас нэг нь ч хуралд ирсэнгүй. Дээрх бүх асуудал анхнаасаа ШУТИС-ийн сургалтын хөтөлбөртэй салшгүй холбоотойгоор үүсчээ. Хэрэв “Хүний хөгжил сан”-ийн мөнгө орсон тохиолдолд төлбөрийн зөрүүгээс болж дипломын ажил болон шалгалтад орох эрхээ хасуулаад байгаа оюутнуудын асуудлыг бүрэн шийдэж чадна гэж үзэж байгаа аж. ШУТИС-ийн удирдлагын зүгээс өчигдөр бас мэдээлэл өгөх байсан боловч ирсэнгүй. Хэрэв анхнаасаа яамнаас гаргаж өгсөн томилолтоор оюутнаа элсүүлсэн бол ийм асуудал гарахгүй байсан байх. Оюутнуудыг “Хоёрдугаар ээлжийнх” хэмээн нэмэлт элсэлт авдаг. Харин хоёрдугаар ээлж гэсэн “статус”-ыг манай улсын боловсролын системд оройн анги гэдгээс өөрөөр ялгаж тодорхойлдоггүй гэх. Тэгээд яг оройн анги буюу эчнээ анги юм уу гэхээр бусад оюутнуудтай адилхан сургалтын хөтөлбөрөөр хичээл нь ордог. Ингээд бодохоор адилхан ч юм шиг. Гэвч үүнээс үл хамаарч, “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг “Оройн анги” гэх тодотголтой оюутнуудад олгоогүй юм. Гэтэл бусад их, дээд сургуультай харьцуулахад сургалтын систем өөр байдгаараа ялгардаг билээ.
Ямартай ч болж буй нөхцөл байдлын талаар ШУТИС-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан проектор Н.Дамдиннямын яриаг тоймлон хүргэе.
-Энэхүү “Хүний хөгжил сан”-аас иргэн бүрт олгох мөнгийг оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр авч байгаа. Харин манай ШУТИС-ийн хувьд бүх оюутнууд авах боломжтой. Гэтэл оройн анги гэсэн тодотголоор хасагдаад байгаа нийт 5905 оюутны асуудлыг бид шийдэхийн тулд санал хүсэлт, өргөдлийг авч байгаа. Өнгөрсөн оны хичээлийн жилд хаврын сургалтын төлбөрт “Хүний хөгжил сан”-аас 491960 төгрөг орох байсан. Үүний тулд өргөдөл бөглөж өгөх ёстой байсан юм. Гэвч 2500 гаруй оюутныг эс тооцвол бүгд өргөдөл өгсөн. Харин 5905 оюутан оройн ангид сурч байсан учир өргөдлийг нь буцаасан. Уг нь сургалтын систем нь бусадтайгаа адил учраас тэд ч бас “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг авах боломжтой юм. Хэрэв хүсвэл бид өргөдөл, санал хүсэлтийг цааш уламжилж, боломжтой бүхнийг хийхэд бэлэн байгаа гэлээ.
Харин оюутнууд ямар байр суурьтай байгаа бол. Энэ талаар ШУТИС-ийн Оюутны зөвлөлийн дарга Б.Сайнсанаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Энэ асуудлыг шийдэхэд ШУТИС-ийн удирдлагууд ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
-Уг “Хүний хөгжил сан”-ийн мөнгө нь буцаагдсан асуудал өнгөрсөн аравдугаар сараас гарч эхэлсэн юм. Энэ талаар ШУТИС-ийн удирдлага бидэнд тодорхой мэдээлэл өгнө гэсэн боловч одоо хүртэл сураггүй байна. Бид боломжтой бүх талаас нь судалж байгаа. Хэрэв энэ асуудлыг шийдэж чадвал бид том ажлын цаана гарлаа гэсэн үг.
-Хэрэв "Хүний хөгжил сан”-ийн мөнгийг олгохгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Бид яамнаас өгсөн сургалтын хөтөлбөрийн талаар ямар ч мэдээлэлгүй байна. Гэхдээ ШУТИС-ийн удирдлага энэ тал дээр нэлээд буруу зүйлийг хийсэн. Харин нэг, хоёрдугаар ээлж гэж гаргаснаас болж нэлээдгүй зөрчил гараад байгаа. Бидний нэхээд байгаа өмнөх оны “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг олгохгүй гэвэл бид дахин өргөдөл гаргах болно. Тэгээд шийдэгдэхгүй бол жагсаал хийж магадгүй.
-ШУТИС-ийн удирдлага үүнд буруутай юу?
-Бид энэ тал дээр ШУТИС-ийн удирдагыг буруутай гэж үзэж байна. Хэрэв яамнаас ирсэн томилолтын дагуу оюутнуудаа авсан бол ийм асуудал гарахгүй л байсан. Энэ асуудлыг шийдэхэд өнөөдрийн байдлаар бидэнд ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй байна. Гэхдээ бид энэ мөнгийг олгуулах талаар чадах бүх зүйлээ хийх болно.
"Улс төрийн тойм" сонин