МАХН-ыг дэмжигчид прокурорт халджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

МАХН-ыг дэмжигчид прокурорт халджээ

МАХН-ын дарга Н.Энхбаярын шадар туслах Б.Тулгыг суллахыг шаардаж МАХН-ын дэмжигчид нэлээд шуугиан тарьсан. Тэд энэ хэргийг хариуцаж байгаа Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч, хошууч Р.Отгонбаярыг АТГ-д шалгуулахаар өгсөн. Тэгвэл тэдний хүсэлтээр Б.Тулгыг уржигдар батлан даалтад гаргаад байсан ч мөн л тэдний буруугаас болж Б.Тулгыг дахин баривчлуулахаар болжээ. Учир нь МАХН-ын дэмжигчид гэгдэх хүмүүс уг хэргийг хариуцан ажиллаж байсан хяналтын прокурорт халдсан байна. Нөгөөтэйгүүр, Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг шүүсэн Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч н.Сүхбаатарыг буруу шийдвэр гаргасан гэж үзэж байгаа аж.  Нийслэлийн прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсай үүнтэй холбогдуулж дараах мэдээллийг өгсөн юм. “Улаанбаатар хэвлэх үйлдвэр болон “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийг завьшсан асуудлаар До.Чулуунбаатар нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан шалгаж тогтоох зарим нэг зүйлс байгаа. Гэтэл сүүлийн үед мөрдөн байцаах ажиллагааны явцад мөн хяналт тавих үйл явцад хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон дарамт шахалт үзүүлэх гэсэн хууль бус ажиллагаа хийх боллоо. Үүний нэг илрэл бол Нийслэлийн прокурорын газрын гадаа удаа дараа жагсаал хийж манай байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, дээрх хэргийн шалтгаанаас цагдан хоригдож байгаа Б.Тулгыг суллах талаар шаардлага тавьж байгааг бид хууль бус гэж үзэж байна. Жагсаал хийж байсан хүмүүс энэ сарын 6-нд Нийслэлийн прокурорын газрын хаалгыг хааж, тус газраар үйлчлүүлэх гэж байгаа хү­мүү­сийг саатуулж, Б.Тулгыг цаг­дан сэргийлж баривчилсан асууд­лыг цуцлахыг шаардаж манай бай­гууллагын үйл ажиллагаанд саад учрууллаа. Мөн Цагдан хоригдож байгаа Б.Тулгын мөрдөн байцаалтын үйл ажиллагааг танилцуулах гэж явсан хяналтын прокурор н.Мөнхбаатарыг хүчээр барьж, ажлаа хэвийн явуулах боломжийг нь хаасан. Улмаар прокурорт  хүч  хэрэглэснээс болж ажлаа хэвийн хэмжээнд явуулах боломжгүй болоод байна. Тухайн үед прокурорыг саатуулж байх энэ явцад Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч  н.Сүхбаатар нь Б.Тулгад авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэхээс татгалзсан шүүхийн шийдвэр гаргасан байна. Үүнийг бид  ямар ч үндэслэлгүй гаргасан шүүхийн шийдвэр гэж үзэж байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч н.Сүхбаатарт Б.Тулгыг суллахыг зөвшөөрсөн тушаалыг үндэслэлгүй хэмээн өргөдөл гаргаад байна” хэмээсэн юм.

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж