Олон гишүүн сандрав, бүр уурлав. Живхбаатар хүү хүртэл сониноор жон жон хийв. Амны салиа нь арилаагүй ч сонгогчдоо согтоож байгаад сонгогдох хүсэл нь их ажээ. Хүслээ Үндсэн хуулийн заалтаар халхлах гэж ч үзэж байх шиг. Үндсэн хуулийн сонгогдох эрхийн тухай заалтаар гул барихынхаа өмнө архи, тамхи үйлдвэрлэгчид дараах тоонуудад анхаарлаа хандуулсан нь дээр байх. Нэг хүнд ногдох архины хэмжээ жилдээ 8-9 литр болж өсөхөд ард түмэндээ үнэхээр хайртай парламенттай улсууд “үндэстэнд аюул учирлаа” гэж хязгаарлалт, хориг тавьж эхлэдэг. ДЭМБ-ын судалгаагаар монгол улсын 1 хүнд жилд 28 литр архи, 270 хүнд 1 архины дэлгүүр ногдож байна. Монголчуудын таван хүний нэг нь архинд донтох эмгэгтэй болсныг дээрх судлагаагаар тогтоожээ. Архины хорыг оросын эрдэмтэд хэмжээд “75-80 кг жинтэй хүн 1,5 литр спиртийг нэг дор уух аваас шууд үхнэ” гэж тогтоожээ. Тэгвэл жилд ууж байгаа 28 литр архинд маань 1,5 литр ээс ч илүү спирт агуулагдаж, монгол хүн бүр “үхлийн тун” хүртэх хэмжээгээр архийг үйлдвэрлэж байгаа юм байна. Жилд 140 мянган хүн эрүүлжүүлэх байранд зочилдог. Архидалтын улмаас жилд 1800 хүн нас бардаг. Америкийн арми Иракт байлдааны ажиллагаа явуулсан 10 жилийн хугацаанд 1536 цэрэг амь үрэгдсэн гэхээр жилдээ 160 орчим цэрэг л амь үрэгдсэн болж таарч байна. Тэгвэл бид дайнаас 11 дахин их хохирлыг архинаас амсаж байгаа болж таарч байна.
Тамхины хорын тухай бол та бид хар багаасаа л сонсож өссөн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж согтууруулах ундаа, архидалттай тэмцэх асуудлыг онцгой анхаарч ажиллаж байгаа нь үндэсний аюулгүй байдал, улс орны язгуур эрх ашигт архи аюул учруулахуйц хэмжээнд хүрснийг төр, засаг мэдэрсний илрэл.
АНУ-ын Мянганы сорилтын корпораци Монгол улсад өгч буй буцалтгүй тусламж, 280 сая ам.долларын тодорхой хэсгийг “Архи тамхины хор уршгийг таниулах” мэдээлэл сурталчилгааг хийх зорилтот төсөлд зарцуулж “Архи тамхи шинэ үеийн сонголт биш” уриатай 6 дахь удаагийн ажлаа раа өсвөр үеийнхэнд архи, тамхины хор холбогдлыг таниулаад байна. Гадны хүмүүс бидний эрүүл мэнд, ирээдүйд санаа зовж, сайн үйл хийж байхад ард түмний итгэлээр сонгогдчихсон хүн тэднийгээ хордуулаад сууж байдаг нь зөв ёс зүй мөн үү?
Илэрхий аюул учруулж, гадаад дотоодгүй санаа зовоож буй архи, тамхийг үйлдвэрлэгчид төрийн эрх мэдлийг атгалцах нь шударга бус гэж үзэн УИХ-ын гишүүн Х.Баттулга Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.4-т заасан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн өөрчлөх хуулийн төсөл өргөн барьсан нь улайрсан эсэргүүцэлтэй тулгарлаа. Байнгын хороодын хурал дээр элдвээр дайрч доромжлон, арга саам хэрэглэж хоёр ч удаа хэлэлцэхгүй унагасан энэ төслийг Х.Баттулга гишүүн шантралгүй гуравдахь удаагаа өргөн барьж байгаа юм.
Энэ хуулийн төсөл бол жам ёсны, шудрага шаардлага. Нүүрэн дээрээ “ард түмнийхээ төлөө” гэж яриад, эргэж хараад хор үйлдвэрлэдэг байх нь шудрага ёсны наад захын хэмжүүрт таарах уу?Одоо энэ төслийн хэлэлцүүлгээс эрхэм гишүүдийн хэн нь ард түмнийхээ төлөө жинхэнэ утгаараа санаа зовдгийг, хэн нь хор үйлдвэрлэгчдээс санхүүжиж, тэдний төлөө парламентэд суудал бөглөдгийг төвөггүй ялгаж салгахаар боллоо.
Энэ төсөл хэн нэгэн хүний эрх ашгаас, ард түмний сонголт, тэдний эрх ашиг, эрүүл мэндийг дээр тавьж, сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуурыг өндөрсгөж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Олон түмний төлөө, хууль тогтоох байгууллагад сонгогдохыг хүсэж байгаа хүний нэр дэвших эрхэд босго тавьж, хариуцлагыг тодорхой болгохыг үндэсний эрх ашиг шаардаж байгаа.
Бусад улсуудад парламентын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шалгуурыг хуульчилдаг нь ердийн жишиг. Тухайлбал, Туркт олон нийтэд нэр хүндгүй болсон, авлига, хээл хахуульд сэжиглэгдэж байсан, хууль бусаар бараа хил давуулах, нууц хуйвалдаан, төрийн нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн ийм төрлийн гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээд сонгуульд нэр дэвших эрхгүй. Харин Швед, Норвеги, Эстонид архи тамхи, мансуурах бодис, хүний наймаа зэрэгт холбогдсон, ёс зүйн хувьд ийм зүйлд сэижглэгдсэн хүнийг өршөөлд хамрагдсаң байсан ч нэр дэвших эрхийг хязгаарладаг байна.
Архи, тамхи, согтууруулах, мансууруулах зүйлсээр ашиг олдог хүн яагаад заавал олон нийтийн эрх ашгийг төлөөлөх ёстой гэж. Олон улсад архи, тамхи үйлдвэрлэгчдийг хэзээ ч өндөрт өргөж, өргөмжлөөд, сонгоод, дэмжээд байдаггүй. Учир нь тэд ард түмнээ “хордуулсныхаа” хариуд хангалттай ашиг олдог. Архины эх орон Оросын шинжээчдийн гаргасан судлагаагаар 0,5 литр архи үйлдвэрлэх өөрийн өртөг нь төгрөгт шилжүүлбэл 436 төгрөг ажээ. Хамгийн хямд архи 2200 төгрөгөөр зарагдаж байгаатай харьцуулбал хэд дахин нугалсан ашиг хийж байгаа нь тодорхой. Ийм байтал эрх мэдэлд шунах, архины үйлдвэрлэлдээ ээлтэй хууль батлуулах гэж донтох хэрэггүй л баймаар. . .
Хэрхэхийг сонгогч та бид харах л үлдэв. Шудрага ёсны нэгэн зүйл индикатор ажиллаж эхэллээ.