”Гутлаа шидсэн хүмүүс сонгуулийн дүнд нөлөөлсөн”

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

”Гутлаа шидсэн хүмүүс сонгуулийн дүнд нөлөөлсөн”

Жорж Вашингтоны нэ­рэмжит их сургуулийн Орос, Евроази судлалын инс­титутын захирал Нери Хэ­лийн ярилцлагыг хүргэж бай­на. Тэрбээр Оросын Төрийн Дум­ын сонгуулийн талаарх байр сууриа илэрхийлжээ.

 
-Өнгөрсөн ням гарагт болж өн­гөрсөн Оросын Тө­рийн Думын сонгууль урьд өм­нөхөөсөө  ял­гаатай болж чадав уу?

-Оросын Төрийн Думын энэ удаагийн сонгууль нэлээд онцлогтой болж өнгөрлөө. Уг нь сонгууль болохоос өмнө хү­мүүс “В.Путины Нэгдсэн Орос нам өмнөх шигээ ялалт бай­гуулж, парламентын сууд­лын 2/3-ыг эзлэн Засгийн газ­раа байгуулна” хэмээн таа­маглаж байсан. Хэвлэл, мэ­­дээллийн хэрэгслүүдээр ч иймэр­­хүү агуулгатай мэдээлэл их цацагдсан. Хүн бүхэн ингэж хүлээж байсан.

-Гэтэл сонгуулийн дүн өөр гарсан. Тийм үү?

-Тийм. Сонгуулийн урьд­чилсан дүнгээр Нэгдсэн Орос нам 50 хүрэхгүй хувийн са­нал авсан нь харагдсан. Энэ нь одоогийн дэглэмийг өөрч­лөхийг хүсч байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэнийг нотолж бай­гаа юм. Одоогийн байдлаар Нэгдсэн Орос нам 49.7 хувийн санал авчи­хаад байгаа. Өмнө нь Төрийн Думын 2007 оны сонгуулиар В.Путины нам нийт сонгогчдын 65 хувийн дэмжлэгийг авч байсан шүү дээ. Түүнтэй харьцуулахад маш бага үзүүлэлт. Ийм юм болно гэж хэн ч таамаглаагүй. Энэ бол маш со­нирхолтой үзэгдэл. Бараг л ОХУ-ын Ерөнхий сайд В.Путины нэр хүндээр л ийм тооны санал авсан.

-Тэгэхээр оросууд Нэгдсэн Орос намд итгэхээ больж байгаа гэсэн үг үү?

-Сонгуулийн дүнгээс харахад Оросын олон нийтийн санал бодол өөрчлөгдөж эхэлжээ. Оросын улс төрийн тогтолцоо нэлээд хатуу хяналтад орчихсон. Бүр хэтэрхий шударга биш систем бүрэлдчихсэн гэхэд болно. Хэдийгээр ийм боловч Орост олон нийтийн санаа бодол чухалд тооцогддог хэвээр байгааг энэ удаагийн сонгууль харууллаа. Тиймээс Төрийн Думын сонгуулийн дүнг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Ажиглагчдын хэлж байгаачлан мар­гаантай зүйл мэр сэр гарсан. Гэхдээ энэ нь эцсийн дүнд нөлөөлөхүйц хэмжээний асуудал биш. Хамгийн гол нь оросууд өөрчлөгдөж байна.

-В.Путин ирэх онд Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэв­шин гэдгээ зарласан. Энэ нь Төрийн Думын сонгуулийн нэг сурталчилгаа болсон. Эсвэл тэг­сэнгүй юу?

-Өнгөрсөн есдүгээр сард бол­сон Нэгдсэн Орос намын хурлын үеэр Д.Медведев ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд В.Пу­тиныг дэмжиж оролцохоо мэдэгдсэн. Уг нь түүнээс өмнө Д.Медведевийг Нэгдсэн Орос намын даргын эсрэг өрсөлдөж магадгүй гэж таамаглаж байсан шүү дээ. Тиймээс хурал дээр хэлсэн үг нь түүнийг өөртөө итгэлгүй, сул дорой байгаа мэтээр харагдуулсан. Энэ үйл явдал нь сонгогчдын санаа бодолд хүчтэй нөлөөлсөн гол хүчин зүйл юм. Уг нь Д.Медведев ч гэсэн Нэгдсэн Орос намыг төлөөлөх хүчтэй улстөрчийн нэг шүү дээ.

-Үүнээс өөр сонгуулийн дүнд нөлөөлсөн хүчин зүйл байгаа  болов уу?

-Түүнчлэн сонгуулийн өмнөхөн В.Путин олны өмнө гарч ирээд өөрийгөө ямар хүчирхэг удирдагч вэ гэдгээ  харуулж, АНУ-ын бодлогын эсрэг сөрөн зогсож байгаа их гүрнийг төлөөлөхийг оролдсон. Ха­рамсалтай нь тэнд цугларсан залуус түүн рүү гутлаа шидэж, хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн. Дөнгөж санал хураалтын өмнө болсон энэ үйл явдал сонгогчдын саналд нөлөөлсөн. Хэдийгээр В.Путиныг хүмүүс эсэргүүцэж байгаа тухай Оросын телевизүүд харуулаагүй бо­ловч бичлэг нь “Youtube” зэрэг интернэтийн портал сайтуудаар дамжин хэдийнэ тарчихлаа. Тэнд цугларсан залуус В.Путиныг шүүмж­лэн хашгирч, шүгэлдэж байсныг бүгд мэддэг болчихлоо. Одоо тэгэхээр яах вэ. Хүмүүс “Ийм хү­нээр удирдуулсан Нэгдсэн Орос нам яг юу хийж байгаа билээ. Энэ намын төлөө саналаа өгөх нь зөв үү” гэх мэтээр эргэлзэж эхэлсэн. Ингээд сонгуулийн хуудсан дээр Нэгдсэн Орос намын нэрийг дугуйлах хүмүүсийн тоо цөөрсөн юм.

-Гэхдээ В.Путины намын нөлөө их хэвээр байна. Тийм үү?

-Тийм. Нэгдсэн Орос нам Оросын улс төр дэх хамгийн хүчирхэг бүлэглэл хэвээр байгаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээр бусад намтай харьцуулахад маш өндөр санал авсан шүү дээ. Энэ бол том баталгаа. Сонгуулийн дүн эцсийн байдлаар гарах хүртэл Нэгдсэн Орос намын удирдагчид тайван байж болно. Одоогийн байдлаар гол сөрөг хүчин нь Коммунист нам болчихоод байна. Зөвхөн зүүний үзэл баримтлалтай нам гэдгээрээ ч биш, сонгуулийн дүнг эсэргүүцэж байгаа хүмүүсийн дэмжлэгийг авсан гэдэг утгаараа яах аргагүй сөрөг хүчин мөн. Коммунист нам 2007 оны сонгуулиар 11.6 хувийн санал авсан бол энэ удаад 19.4 хувийн дэмжлэг авсан. Өмнөхөөсөө бараг л хоёр дахин илүү. Бусад намын хувьд ч мөн адил дэмжигчдийн тоо нь нэлээд нэмэгдсэн. Энэ бүхэн В.Путины эрин үе цаашид удаан үргэлжлэхгүй гэдгийг нотолж байгаа юм.

-Нэгдсэн Орос намын авсан санал 2007 оныхоос буурсан нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх үү?

-Төрийн Думын суудлын 2/3-ыг эзэлж чадаагүй Нэгдсэн Орос намын хувьд гурван хувийн санал ч маш чухал байсан. Тэр ч байтугай ирэх оны гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн то­моохон сурталчилгаа болох байсан юм. Ямартай ч Төрийн Думын энэ удаагийн сонгууль Оросын улс төрийн дэглэм өөрчлөгдөж эхэлсний дохио боллоо. Гэхдээ урьдчилсан төдий л дөө. Түүнээс биш “Нэгдсэн Орос нам байр сууриа алдчихлаа” гэсэн үг биш. Нөгөөтэйгүүр В.Путины на­мын дэмжигчдийн тоо цөөрсөн нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд бусад намаас нэр дэвших хүмүүсийн хувьд “Боломж байгаа” гэдгийг харуулж байна. Хэрэв тэр сонгууль шударга явагдвал Оросын дараагийн Ерөнхийлөгчөөр хүмүүсийн төсөөлж байгаагүй хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. В.Путин бол хүчтэй улстөрч. Гэхдээ нэр хүнд нь унаж эхэлсэн. Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль маш сонирхолтой болно гэж таамаглаж байна. Харин одоо бол Оросын улс төрийн хүчнүүд Засгийн газраа хэрхэн байгуулах гэдэг л сонирхолтой асуудал болж байна.

ОРОСЫН ТӨРИЙН ДУМЫН СОНГУУЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД:

  • Өнгөрсөн ням гарагт болсон Оросын Төрийн Думын сонгуулийн дүнгээр Нэгдсэн Орос нам парламентын 300 суудлаас 238, Коммунист нам 92, Либераль ардчилсан нам 56 суудал авчээ.
  • Сонгуулийн үйл явцыг ажиглахаар олон улсын 697 шинжээч эрх авчээ. Тэдний зарим нь сонгуулийн үеэр гарсан маргаантай холбоотой мэдээллийг цацсан юм.
  • Сонгуулийн дүнг эсэргүүцсэн 5000 хүн оролцсон жагсаал Москва, Санкт-Петербург хотуудад болжээ. Энэ үеэр зарим эх сурвалжийн мэдээлснээр хууль сахиулагчид Москвад 300 гаруй хүн, Санкт-Петербургт 200 орчим хүнийг баривчилсан байна. Тэдний дунд Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцов багтжээ.
  • Москвагийн шүүхээс сонгуулийн кампанит ажилтай холбоотой иргэдийн санал гомдлыг олон нийтэд харуулсан сэтгүүлч Григорий Мелконяцид 1000 ам.долларын торгууль ногдуулсан байна.
  • АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон Литвид айлчлах үеэрээ Оросын сонгуулийн үйл явц шударга болсон эсэхийг тогтоох мөрдөн байцаалт явуулахыг уриалжээ.
  • АНУ-ын Сенатч Жон МакКэйн өөрийн “Twitter”-т В.Путинд хандан “Оросын хавар айсуй” хэмээн бичжээ. Энэ оны эхээр Ойрхи Дорнодын орнууд эрх баригчдын эсрэг хийсэн хувьсгалыг олон улсын хэвлэлүүд “Арабын хавар” гэж нэрлэсэн билээ.  
  • Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестэвэлэ “ОХУ олон улсын жишигт  нийцсэн сонгууль явуулах хүртэл нэлээд  хугацаа шаардлагатай бололтой” хэмээн мэдэгдсэн юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж