Ерөнхийлөгчийг янаглан хорлох ажиллагаа

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийг янаглан хорлох ажиллагаа

Эрхэм гишүүд Ц.Элбэг­доржийг янаглан хорлох төлөвлөгөө зохиожээ. Төрийн тэргүүн эзгүй, тэд тэнгэр рүү факс нисгэж чадахгүй учир шаргал ордонд энэ тухай хэлэлцэв. “Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Тиймээс “До­лоо­дугаар сарын 1”-ний хэ­рэг явдлын үеэр хүний эрх хө­лийн чигчий хуруунаас дорд үзэгдэж, таван залуу амиа алдсаны төлөө ард түмнээс уучлалт гуйх эрхэм нь Ерөнхийлөгч мөн” гэж нэр бүхий гишүүд үгсэн тохи­ролцлоо. Лут байгаа биз. УИХ-ын Хууль зүйн байнгын хо­рооныхон уржигдар Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэрээ Элбэгээг ийнхүү онилох нь тэр. Бүр зарим нь “Өө, би Ерөнхийлөгчтэй энэ тухай ярьчихсан. Элбэгээ “Би бас тэгж бодож л байна. Уучлалт гуйдаг юм билүү, яадаг юм билээ” гэсэн” хэмээн ярьж байх юм. Нээрэн Ерөнхийлөгч, эрхэм гишүүн хоёрын хооронд тийм нууц яриа өрнөсөн ч юм билүү, хэн мэдлээ.

Төр төмбөгөр, ёс ёмбогор. УИХ-ын 2008 оны сонгуулийг будилаантуулж, сонгогчдын бухимдлыг дээд цэгт нь хүргэж, тэднийг хоморголон баривчилж, таван залуугийн амиар улс төрийн арилжаа хийснийхээ төлөө улстөрчид ард түмнээс уучлалт гуйх ёстой.

Тийм ээ, тэр цагаас хойш гурван жил өнгөрчээ. Түүхийн хүрд эргэж, УИХ-ын 2012 оны сонгууль эхлэхэд зургаахан сар үлдлээ. Тиймээс “Долоодугаар сарын 1”-ний асуудлаар Төрийн тэргүүнээр уучлалт гуйлгаж, түмэн олноос оноо авъя гэх улстөрчдийн санаачилга зөв байлгүй яах вэ. Улсын Ерөнхийлөгчийн хувьд Ц.Элбэгдоржоор уучлалт гуйлгах нь ч зүйн хэрэг. Гэвч ард түмний алдарсан итгэлийг юугаар нөхөх вэ. Амиа алдсан таван залуугийн амийг юугаар төлнө гэж. Албан тушаал, эрх мэдлийг ард түмний аминаас илүүд үзсэн улстөрчдийн гэм уучлалтаар цайрах уу. Үгүй. Ард түмэн тэдэнд ийм л хариулт өгнө. Харин улстөрчдийн нэрийн өмнөөс уучлалт гуйсан Ерөнхийлөгч яах болж байна вэ.

Ерөнхийлөгчөөр уучлалт гуйл­гадаг “баатрууд”-ын мөрөөдөл биелбэл ёстой nice. Ц.Элбэгдорж 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний үеэр онц байдал зарласан, өдгөө онц байдал зарласандаа гэмшиж суугаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмнөөс нүүрээ улайлгах болно. Тэр үед намын байрандаа бүгж, шазуур зуун суусан Ерөнхий сайд асан С.Баяраас болж бас үгээ барна. Сонгууль завхруулж, тухайн үеийн МАХН-ын байр руу учраа мэдэхгүй хүүхдүүдээр чулуу шидүүлсэн улстөрчдийн нэрийн өмнөөс уучлалт гуйх болно. Энэ нь чухам улс төрийн зохист аялгуу мөн үү. Хамтарсан Засгийн газрын таван сайдын суудлыг таван халуун амиар сольсон Ардчилсан намынхныхаа гэм бурууг Ерөнхийлөгч өөртөө тохох нь зөв үү, тэгээд. Ерөнхийлөгч өө, та юу гэж бодож байна вэ. Ямартай ч УИХ эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаараа тун удахгүй хэлэлцэнэ. Харин тэр болтол та энэ тухай сайтар эргэцүүлээрэй.

“Улс төрийн их хэлмэгдүүлэлтийг таслан зогсооход хүчин мөхөстсөндөө ард түмнээсээ уучлалт гуйж байна”. Ардын намын дарга С.Батболд намынхаа 90 жилийн ойн хурлын үеэр ийн мэдэгдсэн. Монгол ардын нам хэмээх нэрээ Коминтернийхний тушаалаар Монгол ардын хувьсгалт нам болгон өөрчилж, Сталины дохио зангаагаар энгийн иргэдээс лам хуврагууд, сэхээтнүүдийг үй олноор нь хэлмэгдүүлснийхээ төлөө эрх баригчид ийм алхам хийсэн юм. Төрийн толгойд 70 жил дангаар даналзаж, түүхийн нэгэн мөчлөгийг цусаар будсан Ардын нам “өр”-өө төлж, үгээ хэлэх нь ч аргагүй. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаяр, С.Баяр, бүр МАНАН-ын гэмийг цайруулахын төлөө Төрийн тэргүүний сэнтийгээс үгээ хэлэх нь ёстой шог хуваарилалт биш гэж үү. “Цонх руу чулуу шидсэн хүүхдийг барьж хорьсон хэрнээ хүн рүү буу шагайсан буруутныг илрүүлдэггүй нь ямар учиртай юм бэ” хэмээн бухимддаг Элбэгээгийн зүгээс эрхэм гишүүдэд өгөх хариулт сонирхол татна.

Ингэхэд эрхэм гишүүд Ерөн­хийлөгчийг янаглан хорлох төлөв­лөгөөг чухам хаанаас хуулбарлачихав. Улс гүрнүүдийн Төрийн тэргүүнүүд болчимгүй үйлдэл хийж, буруу шийдвэр гаргасныхаа төлөө ард түмнээсээ уучлалт гуйх нь ердийн үзэгдэл байдаг. Цагаан ордныхон хар арьст эмэгтэйг ажлаас халсны төлөө Ерөнхийлөгч Барак Обама тэр бүсгүйгээс, бас ард түмнээсээ уучлалт гуйсан удаатай. Сербийн Ерөнхийлөгч Борис Тадич 1991-1995 онд болсон дайны үеэр ихээхэн хохирол амссан серб иргэдээсээ уучлалт гуйсан. Парагвай улсын Төрийн тэргүүн Фернандо Люго хоёр настай бяцхан хүүг өөрийнхөө “нууц” хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлалт гуйсан нь ч бий. Тэгвэл Ц.Элбэгдоржид МАНАН нэгдлийн өмнөөс уучлалт гуйх ямар шаардлага байна гэж. Төрийн нэрийн өмнөөс ийнхүү уучлалт гуйх гэж байгаа бол төр нь чухам аль нь юм бэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн институци уу. Аль эсвэл УИХ, тэр дундаа уучлалт гуйх шийдвэрээ Төрийн тэргүүндээ тулгах гэж буй эрхэм гишүүд үү. Хамтарсан Засгийн газар байгуулчихаад хагацаж чадахаа больсон МАНАН нэгдэл үү. Монголын төр гэж чухам аль нь юм бэ. Хэлээд өгөөч, улстөрчид өө. 

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж