”АН-ын удирдлагууд үнэн төрхөө харуулчихсан”

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

”АН-ын удирдлагууд үнэн төрхөө харуулчихсан”

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал Д.ДарьСүхбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.


-Ардчилсан хувьсгалын 21 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Үүнтэй зэрэгцэн “Ардчилал төгс хөгжөөгүй байна. Миний хүсч байсан Ардчилал биш” гэсэн үгсийг Ардчиллын хувьсгалын анхдагчдын зарим нь хэлэх боллоо. Таны хувьд ардчилал хүсч байснаар тань байна уу?

-Би өчигдөр /уржигдар/ АН-аас зохион байгуулсан баярын хуралд очсон. Аятай­хан, сайхан үгс сонсогдож байна лээ. Гэхдээ тоон дээр хүмүүс алдаж ярих юм. Бая­рын хурал дээр л гэхэд “Ардчилсан хувьсгалын 21 жил” гээд ярьж байсан. Яг үнэндээ бол Ардчилсан хувьс­галын 22 жилийн ой тохиож байна. Хүмүүс бүхэл бүтэн нэг жилээр алдаж тоолоод байгаа. Түүх бол түүхээрээ байх ёстой. Харин түүхэн үйл явцын буруу, зөвийг үргэлж цэгнэж байх ёстой юм.

-Бид 21 жилийн ой тохиож байна л гэж ойлгож байгаа шүү дээ. Ингэж ойлгосоор ирсэн?

-Буруу байхгүй юу. Ард­чилсан хувьсгал, ард­чилсан хөдөлгөөн чинь 1989 оны 11 дүгээр сард эхэлсэн үйл явц. Хөөрхий амьтад. Дундуур шургалж  орж  ирсэн  өрөвдөлтэй амь­тад он цагаа ч мэдэхгүй болохоор хү­мүүсийг төөрөгдүүлээд бай­­­­на. С.Амарсанаа, талий­гаач С.Цогтсайхан бид хэд жин­­хэнэ ардчилсан үйл яв­цыг эхлүүлсэн анхдагчид. Ялан­гуяа С.Цогтсайхан агсан хож­моо өөрсдийгөө “Нууц бүл­гэм” гэж нэрлэсэн нөхдийг цуг­луулж, үзэл бодлыг нь нэгт­гэж, нийтэд илэрхийлсэн хүн. Харамсалтай нь үхсэний хохь, амьдын зол гэгчээр түүнийг мартжээ. Яах вэ, ардчилсан хувьсгалын ойн концерт дээр “Хонхны дуу”-г дуулж байсан. Дурсах төдий өнгөрөх биш гавьяа, зүтгэлийг нь үнэлэх ёстой байсан юм. Уг нь Монгол Улсын баатар цол өгөх хүн чинь С.Цогтсайхан агсан шүү дээ.  Түүнд энэ цолыг нэхэн олгох хэрэгтэй. Э.Бат-Үүл “Би өөрөөсөө ичиж байна. Би анхдагчдын урд сүйдтэй яваагүй. Дунд нь явж байсан” гэж үнэнээ хэлсэн байдаг.

-Таныхаар бол он цагийг алдаж хэлж байгаа юм байна. Харин “Ардчиллыг хэрхэн дүгнэж байгаа вэ” гэсэн асуултад хариулахгүй юу?

-Ардчилал өнөөдөр ямар түвшинд байгаа вэ гэдгийг хүн бүр өөрийнхөөрөө дүгнэж байгаа. Хүн болгоны санаанд нийцэх албагүй. Гэхдээ ерөнхий дүр зураг ямар байна гэдгийг дүгнэх эрх нь бий. Зарим нь сэтгэл дундуур байх шиг байна. Зарим нь “Болж байна” гэж дүгнэж байгаа. Харамсалтай нь эдгээрийг ярихаас илүүтэйгээр  “Ардчиллыг хэн ийм байдалд хүргэв” гэдгийг ярих нь чухал. Хэн орж ирээд, хэн дундуур нь хутгаад хаячихав гэдгийг л яримаар байгаа юм. Монголын ард түмэн тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчиллыг хүсч байсан уу гэвэл, тийм. Харин өнөөдрийн хувьд бол эсрэгээрээ байгаа. Ардчилал, үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, монголчуудын эдийн засгийн боломжийн төлөө зүрх сэтгэлээ зориулдаг хүмүүс өнөөдөр улс төрийн намыг толгойлж, төрд алба хашиж, шийдвэр гаргаж байна уу гэдгээс бүх юм үүдэж байгаа юм.

-Тэгвэл сэтгэлтэй хүмүүс төрд, ялангуяа АН-д байна уу?

-Хувийн, хулгай дээрмийн сонирхолтой хүмүүс төрд шургалаад ирэхээр ардчилал одоогийнх шиг гажаад явчихаж байгаа юм л даа. Боловсрол, мэдлэгтэй гэхээсээ илүү ёс суртахуун, зөв сэтгэлтэй байж гэмээнэ ажил урагштай байна. Ийм хүмүүсээ үеийн үед хэлмэгдүүлж, устгасаар өдий хүрчихжээ. Зүй бусаар, цаг бусаар үрэгдсэн хүмүүсийг энд дурсаагүй шүү. А.Амар гуайн хэлсэн нэг үг байдаг юм. Тэрбээр “Монголын төр өөрт нь зүтгэсэн хүнд их халгаатай юм” гэсэн байдаг. Өөрөө үүнийг мэдрээд, цөхрөхдөө хэлсэн үг л дээ. Тиймээс “Маргааш яах вэ” гэдэг чухал байна. АН-ын удирдлагууд он гаргаад Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулна гэж зарласан. ҮЗХ хуралдаад намынхаа их хурлын товыг зарлах байх. Энэ үеэрээ намын дараагийн удирдлага хэн байх юм бэ. Ямар хүн, чухам хэн гэдэг хүн УИХ-ын 2012 оны сонгуульд АН-ыг хөтөлж орох вэ гэдэг асуудлыг ярих нь чухал.

-Одоогийн удирдлагуудад намаа сонгуульд ялуулах найдвар, чадвар байгаа болов уу?

-Намын одоогийн удирдлагууд өөрсдийнхөө чадал, бололцоо, царай зүс, дотно, гаднах санаагаа харуулчихлаа шүү дээ. Зөв, буруу эсэх нь тэр хүмүүсийн асуудал. Харин “Учир дутагдалтай байна” гэж үзээд шүүмжлээд байгаа хүмүүс энэ намын дараагийн даргаар хэнийг сонгох вэ,  ямар багаар удирдуулж сонгуульд оролцох вэ гэдгээ сонгох ёстой юм л даа. Дараагийн багийг сонгох эрх нь ҮЗХ-нд бий. Харамсалтай нь ҮЗХ ямар нөхдөөс бүрдсэн бэ гэдэг нь бас л “хөгийн” шүү дээ. Алтангадас гэж овооролдоод, “Тэр, энэ” гэлцээд хуваагдаад байна. Энэ хуваагдал эрх ашгаас үүдэлтэй. Эрх ашгаа хойш нь тавьж чаддагсан бол баримтлах үзэл бодол, чиглэл хэнд ч ойлгомжтой байгаа. Ерөөсөө “Монгол Улсыг хөгжүүлье. Хүн бүр ажил, орлоготой. Өрх бүр маргаашдаа итгэлтэй байя” гэдэг л юм. Түүнээс бус баруун, зүүн үзэл, онол яриад байх шаардлагагүй шүү дээ.

-Ардчилсан нам сүүлийн үед зүүний үзэл баримтлалтай болчихоод байгаа юм биш үү. МАН-ынхан ч тэгж хэлж байх шиг байна?

-Харамсалтай нь энэ зөв шүүмлэл. Барууны үзлийг маш энгийнээр тайлбарлавал “Хүний өөрийнх нь боломжийг нээе. Тэрхүү боломжийг ашиглаад хүн хөдөлмөрлөж ашиг олох” гэдэг.  Харин зүүний үзэл нь нийгмийн бий болгосон баялгийг зарим хэсэгт буцааж хуваарилах тухай нийгмийн халамжийн  бодлого. Үүний аль нь илүү хэрэгтэй юм бэ. Монгол Улсад иргэн өөрөө хөдөлмөрлөж, баялаг бүтээх нь чухал байна. Энэ цөөхөн хүн цаашид ч одоогийнх шигээ халамж хүсээд амьдарна гэдэг үнэхээр хэцүү. Бүгдэд нь халамж өгөхийн оронд халамж үнэхээр шаардлагатай бүлэг хүмүүсээ тодорхойлчих хэрэгтэй. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ халамж өгөх нь бол зүйн хэрэг. Гэтэл УИХ-ын 2008 оны сонгуулиар их хэмжээний бэлэн мөнгө амлачихаад түүнийгээ биелүүлэх гэж замаа алдаж байна шүү дээ.

-Ер нь АН хамтарсан Засгийн газарт орсон нь хэр зөв шийдвэр байсан юм бол. Таны хэлснээр замаа алдаж байгаагийн нэг шалтгаан мөн үү?

-Асуудлыг хамтарсан, хамт­раагүй гэдэг рүү чихэхдээ биш. Одоогийн МАН-д дангаараа Засгийн эрхийг барих боломж байсан. Яах вэ, зарим тохиолдолд луйвраар энэ эрхээ авсан  байх. Дангаараа Засгийн эрхээ аваад л явах ёстой байсан юм. Ингэхийн оронд хамтарсан Засгийн газрыг бий болгосон гэдэг нь жич асуудал. Гэхдээ 100 хувь буруу гэвэл учир дутагдалтай. Зарим нэг зүйлийг хамтарснаараа шийдэж чадсан. Үүнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг оруулахгүй. Энэ бол үндсээрээ буруу болсон гэрээ.

-АН-ын зарим гишүүн “Хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй” гэж хэлж байгаа. Харин та ямар хариулт өгөх вэ?

-АН Хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй. Аль ч утгаараа энэ нь зөв. АН, МАН хоёр чинь  нэг улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн хүчнүүд хэдий ч өөр, өөрийн бие даасан чиг баримжаатай шүү дээ. Дээр АН-ынхан нь зөв бодолтой, тэр бодол нь тодорхой хэмжээнд танигдсан багаар удирдуулж ирэх оны сонгуульд орохгүй бол ялах  асуудал үнэхээр хэцүү. Үнэнийг хэлэхэд АН-ын рейтинг өндөр байгаа хэрэг огт биш. Харин МАН-ын рейтинг унасан болохоор ялгарч харагдаж байгаа юм. Ийм байхад иргэд аль улс төрийн хүчинд итгэж саналаа өгөх юм бэ. Бүр их эвслийн Засгийн газар байгуулагдах чиглэл харагдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, ирэх оны сонгуулиар аль ч улс төрийн хүчин олонх болохгүй гэсэн дүр зураг харагдаж байна. АН, МАН хоёр 20-30 суудал аваад, жижиг намууд 2-3 суудал авч ч магадгүй. Аль нь ч засаг барих боломжгүй ийм Засгийн газар бий болох дүр зураг л байна. Гэхдээ олон урьгалч үзэл байхад болохгүй юм байхгүй. Ялангуяа ногоон үзэл баримтлалтай улс төрийн хүчин засагт ороход нэг их буруудахгүй.

-Та УИХ-ын 2008 оны сонгуулиар Монголын ногоон намаас нэр дэвшиж байсан байх аа?

-Тэгсэн. 

-Тэгвэл ирэх онд дахин нэр дэвших үү. Дэвшвэл чухам аль улс төрийн хүчнээс өрсөлдөх бол?

-Ирэх онд сонгуульд нэр дэвших эсэхээ шийдээгүй байна. Сонгуулийн тухай шинэчилсэн найруулгын төслийг чухам яаж батлах нь вэ гэдгийг харна. Нэр дэвшвэл Ардчилсан хүчнээсээ л өрсөлдөнө дөө.

-Ардчилсан хувьсгал гараад 20 гаруй жил болжээ. Гэтэл эдийн засгийн өсөлт ард иргэдэд хүрч чадахгүй байгаа нь чухам хэний буруу вэ?

-Төрийн буруу. Цэвэр төрийн буруутай үйлдлээс болсон. Энэ 22 жилийн хугацаанд төр барьсан улс төрийн намуудын, тухайн намыг удирдаж байсан, одоо хэр нь төр барилцаж байгаа нөхдүүдийн буруу. Төр гээд хоосон зүйл рүү заагаад, эзэнгүй болгож нь байгаа тэдний муу аргын нэг юм даа. Уг нь бүгд эзэнтэй шүү дээ. Төр эзэнтэй. Нам эзэнтэй. Тэгэхээр хариуцлагыг тодорхой эзэн хүлээх ёстой. Өнөөдрийн энэ эдийн засгийн өсөлт гээд байгаа нь зүгээр л хөөс. Жилийн 10 хэдэн хувийн өсөлт гээд байна. Гэтэл хэдэн хүн орон байрныхаа асуудлыг шийдсэн бэ, хэдэн хүн амьдралынхаа асуудлыг зохицуулсан, хэдэн хүн өвөл даарахаа байсан бэ гэдгээс эдийн засгийн бодит өсөлт харагдах ёстой.

-Ерөнхий сайд “Эдийн засгийн өсөлтийг ард иргэд рүүгээ чиглүүлнэ” гэж байгаа. Үүнд итгэж байна уу. Ерөнхий сайд чаддаггүй юм гэхэд өөр чадвартай хүн энэ улс төрд байгаа болов уу?

-Ховор. Ний нуугүй хэлэхэл төрийн төлөө үнэн сэтгэлээсээ ажиллаж чадах маш олон хүн гудамжинд явж байгаа. Яагаад гудамжинд явдаг вэ гэхээр эрх ашгийн төлөөх фракцид нь нэгдээгүй. Эрх ашгийн төлөөх хуйвалдаанд оролцдоггүй. Тэгээд гудамжинд жийгдчихсэн явж байдаг юм.

-Тэр жийгдсэн хүмүүсийн нэг нь та мөн үү?

-Өөрийгөө “Гудамжинд байна” гэж хэлж арай болохгүй байх л даа. Төрийн алба хашаад явж байна. Ер нь бол гудамжинд 20 жил явсан нь үнэн.

-АН шинэчлэгдэж байна уу?

-Шинэчлэл огт хийхгүй байна. Манай Ардчилсан нам шиг ийм арчаагүй, хуучирсан нам байхгүй боллоо. Нөгөө л хэдэн хүн байж байдаг. Бас хамгийн сүүлд болсон ҮЗХ-ны хуралдаанаар ротаци гэдэг юмаа болиулчихаж байгаа юм. УИХ-ын 2012 оны сонгууль хүртэл ҮЗХ-ны гишүүд шинэчлэгдэхгүй. Үүнийг юу гэж үзэх вэ. Ийм нам байж болох уу.

-Тэгвэл хэн шинэчлэлийг хийж чадах бол. Таны хувьд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгыг нэрлэх байх. УИХ-ын гишүүдийн дунд ч энэ талаар мэр сэр ярьж байгаа?

-Болохгүй зүйл байхгүй. Захын хүнээс асуугаад үзээрэй. “Өнгөрсөн хугацаанд энэ хамтарсан Засгийн газарт юм хийх гэж оролдсон, зүтгэсэн хүн хэн бэ” гэвэл Х.Баттулгыг л хамгийн эхэнд нэрлэх байх. Би мань эрийн бизнесийн талын зүйлийг огт мэдэхгүй. Харин төрд орж ирээд богино хугацаанд төлөвшөөд, төр засаг барилцаад, маш том салбарыг хөтлөөд, үүндээ зүтгэж байгаа хүн түүнээс өөр харагдахгүй л байна.

-“Долоодугаар сарын 1”-тэй холбоотойгоор “Төр иргэдээсээ уучлалт гүйх ёстой” гэж хэлдэг хүмүүсийн нэг нь та. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /уржигдар/ хуралдаанаар энэ талаар хэлэлцээд “Уучлалтыг Ерөнхийлөгч гуйсан нь дээр” гэсэн шийдэлд хүрэх шиг боллоо. Энэ зөв үү?

-Ерөнхийлөгч яахаараа уучлалт гуйх ёстой юм. Ерөнхийлөгч ганцаараа уучлалт гуйгаад зогсч байх ёсгүй. Хамгийн түрүүнд хамтарсан Засгийн газрыг бүрдүүлсэн энэ улс төрийн хүчнүүд уучлалт гуйх ёстой. Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүний хувьд уучлалт гуйж л орхино. Гэхдээ тэрхүү үймээний эзэд нь, ялангуяа МАН-ынхан уучлалт гуйх ёстой. Хэрвээ тэр өдөр С.Баяр намынхаа цагаан байрны өмнө гарч ирээд “Та бүхний шаардлагыг хүлээж авъя. Судалъя” гэсэн бол тийм юм болохгүй байсан. Зориуд зохион байгуулсан л үйл явдал шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж