Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёно,
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Юуны өмнө Индонезийн найрсаг ард түмэн, Засгийн газарт Монголын ард түмэн, Засгийн газрын халуун мэндийг уламжилж байгааг минь хүлээн авна уу. Ардчиллын төлөөх Балийн Форумд Монгол Улс анх удаагаа Засгийн газрын тэргүүний түвшинд оролцож байгаа бөгөөд би энд өндөр нэр хүндтэй эрхмүүд та бүхэнтэй хамт байгаадаа баяртай байна.
Хатагтай, ноёд оо,
2011 он – дэлхий дахинд тэр тусмаа Монголд олон чухал үйл явдлууд өрнөсөн жил болж байна. Тухайлбал, энэ жил манай улс орчин цагийн дипломат албаны 100 жил, НҮБ-ын гишүүн болсны 50 жилийн ойнуудыг тэмдэглэж байна. Эдгээр он жилүүд бол Монгол Улс тусгаар тогтнолоо олж авах, түүнийг бэхжүүлэхийн төлөөх түүх байсан юм.
1990 оны ардчилсан хувьсгал, 1992 оны ардчилсан Монгол Улсын үндсэн хууль зэрэг нь Монголчуудын аж байдлыг боломж, эрх чөлөөгөөр хангасан эрс өөрчлөлтүүд байлаа.
Манай улсын сүүлийн 20 жил хэрэгжүүлж ирсэн улс төр, эдийн засгийн хосолсон өөрчлөлтүүд нь эдүгээ үр ашгаа өгч байна. Манай улсын ДНБ энэ жил 20 хувь, 2012 онд 25 хувь өсөх төлөвтэй байна. Эдийн засгийн хурдан өсөлттэй орнуудын нэг болохын хувьд манай улсын олон улсын харилцаан дахь байр суурь өргөжиж байна.
Өнгөрсөн 7 дугаар сараас Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тэргүүлэх үүргийг хүлээж авлаа. Тэргүүн орны хувьд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хүсэл эрмэлзлийн байгууллагаас бодит үйл ажиллагаа явуулдаг болгоход чиглэсэн хэд хэдэн чухал арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байна. Манай улс ардчиллын боловсрол, бүс нутгийн хамтын ажиллагаа, иргэний нийгмийг дэмжих, бусадтай туршлагаасаа хуваалцах зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна.
Миний дурдсан эдгээр асуудлыг бид одоо Балийн ардчиллын форум дээр ярилцаж байна. Манай улс Азийн бүс нутагт ардчиллын асуудлаар анхны Засгийн газар хоорондын форум бий болгосон Индонезийн энэ санаачлагыг өндөр үнэлж байна. Тийм ч учраас эл форум нь ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийг хүндлэн дээдэлсэн Азийн орнууд цуглан чуулах чухал талбар болжээ.
АОХН-ийн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл нь Балийн Ардчиллын төлөөх Форум шиг бүс нутгийн ийм механизмтай хамтран ажиллаж, Азид ардчиллыг бэхжүүлэх, баяжуулах нэгдсэн хүч чармайлтад хүч нэмэх зорилготой юм.
Монгол Улс БНСУ-тай хамтран өнгөрсөн 8 дугаар сард Ардчиллын төлөөх Азийн түншлэл гэсэн шинэ санаачлага дэвшүүлсэн билээ. Энэ нь манай бүс нутаг дахь Ази,Номхон далайн Ардчиллын төлөөх түншлэл зэрэг бусад санал санаачлагыг баяжуулна гэж үзэж байна. Эдгээр механизмын хүрээнд Монгол Улс Азийн түншүүдтэйгээ хамтран бүс нутагтаа ардчиллын үзэл санаа, үнэт зүйлсийг дээдлэн сахих нийтлэг зорилгоо нэгтгэн, нэгэн урсгалд оруулахын төлөө ажиллахад бэлэн байна.
Хатагтай, ноёд оо,
Манай бүс нутаг дэлхийн дахины үйл явдлын төв болж байгааг бид харж байна. АРФ-ын гишүүн орны хувьд Монгол Улс бүс нутгийн хөгжилд АСЕАН-ы гүйцэтгэж байгаа үүрэг өсөн нэмэгдэж байгааг талархан хүлээн авч байна.
Мьянмарын Засгийн газрын авч хэрэгжүүлж эхэлсэн өөрчлөлт шинэчлэл бидэнд найдвар төрүүлж байна. Хоёр орны хоорондын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг хөхиүлэн дэмжихийн төлөө Мьянмартай ажиллахад Монгол Улс бэлэн байна.
Энэ удаагийн чуулга уулзалтаар ардчиллын дуу хоолой, ард түмний хэрэгцээ, тэдний сэтгэлийг зовоосон асуудлуудад хандах төрийн чадварыг сайжруулах тухай хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон хэрэг гэж үзнэ.
1990-ээд оны үеэс өөрийн улсын туулсан замыг эргэн харвал ард түмний шударга шаардлагыг хүчээр няцаах бус харин ойлголцол, яриа хэлцээний замаар хүлээж авахын чухал нь нотлогдож байгаа юм. Улс орондоо гарсан тайван хувьсгалаас хойш бид нийгмийн бүхий л оролцогчидтой яриа хэлэлцээний замаар ойлголцож байна.
Өнөөдөр Монголын нийгэмд яриа хэлэлцээ явуулах, өөр үзэл бодлыг хүндэтгэх, нийтлэг арга зам, үнэт зүйлийг эрэлхийлэх, зөвшилцлийг бий болгох зэрэг нь нийгмийн хэв хэмжээ, стандарт болжээ. Монгол Улсад иргэний нийгэм нь бодлого боловсруулах, шийдвэр гаргахад хүчтэй оролцогч болсон.
Манай Засгийн газар төр, төрийн бус байгууллагын түншлэлийг санаачлан өрнүүлж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг сонгон авч, хэлэлцүүлэг явуулан, хүлээж авахуйц шийдлийг олж байна.
Хуулийн төсөл, шийдвэрүүдийг интернетэд байршуулж, иргэдийн санал, хүсэлтийг авч байна. Засгийн газрын бүх шийдвэрүүд, төсвийг интернэтэд байршуулах болсон.
Ийнхүү иргэд мэдээлэл болон бодлогын баримт бичгүүдийг олж үзэх боломж нэмэгдэж байгаа нь Засгийн газрыг ил тод, хариуцлагатай байж, олон нийтэд тайлагнаж ажиллахад тус дөхөм үзүүлж байна.
Нөгөөтэйгүүр, манай улс ардчиллын боловсролыг АОХН-ийн тэргүүн орны тэргүүлэх чиглэл болгон авсан. Учир нь иргэдэд ардчилсан нийгэмд зөвхөн эрхээ ойлгож, эдлээд зогсохгүй хариуцлагаа ухамсарлах явдлыг сургах хэрэгтэй юм.
Энэ хүрээнд Монгол Улс 2012 онд ЮНЕСКО-той хамтран дурдсан сэдвээр олон улсын семинар зохион байгуулна. Бид мөн ирэх оны сүүлээр Энэтхэгт ардчиллын боловсролын асуудлаар бүс нутгийн бага хурал зохион байгуулахаар тус улсын Засгийн газартай ярилцаж байна. Энэ бүх арга хэмжээ нь сургалтын хөтөлбөр боловсруулах, ардчиллын боловсролын асуудалд Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний анхаарлыг хандуулахад оршино.
Монгол Улсын эдийн засаг хурдан өсч, баялаг хуримтлагдахын хирээр ард иргэдийн аж байдлыг дээшлүүлэхэд түлхүү анхаарах явдал чухал болж байна. Тиймээс манай Засгийн газар нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг тэгш хуваарилахад тэргүүлэх ач холбогдол өгч байна.
Бид өнгөрсөн хугацаанд ардчилсан өөрчлөлтүүдийг хөгжлийн төлөөх боломж, орчинг бүрдүүлэхэд чиглүүлж хийж байсан бол эдүгээ хөгжлийг ард нийтийн сайн сайханд зориулах цаг болжээ.
Хатагтай, ноёд оо,
Дэлхий дахин эрс өөрчлөгдөж байгаа энэ цаг үед манай Засгийн газрууд нэгдмэл зорилго, хүч чармайлтаа нэгтгэн ажиллах шаардлагатай байна.
Балийн ардчиллын форумын жишээнээс харахад Азийн орнуудын Засгийн газрууд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллаж чадах юм байна үзэж байна.
Бид бодитой ажил хийх цаг болжээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тэргүүн орны хувьд Монгол Улс манай туршлагаас суралцахад нь шинээр ардчилалд хөл тавьж буй орнуудад дэмжлэг үзүүлэх аливаа санаачлагыг дэмжиж, олон улсын тусламж дэмжлэгийг дайчлан ажиллахад бэлэн байна.
Бид нээлттэй байдал, ардчилсан өөрчлөлтүүдэд чиглэсэн бодлогыг сайшаан дэмжинэ.
Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд Азийн ардчилсан орнуудын жин, үүргийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Үүний зэрэгцээ, ардчилал, түүний үнэт зүйлийг урагшлуулахад бүс нутгийнхаа түвшинд хамтран ажиллах, зохицуулах явдлыг бэхжүүлэхэд бидний үүрэг чиглэсэн хэвээр байх болно.
Монгол Улс Балийн ардчиллын форумыг цаашид ч дэмжиж ажиллана гэдгээ дахин нотолж, үгээ өндөрлөж байна.
Энэ ялдамд таатай сайхан орчин бүрдүүлж, найрсгаар зочилсон Балийн ард иргэдэд, бүс нутагт ардчиллыг хөгжүүлэхийн төлөө эрхэмлэн зорьсон Ерөнхийлөгч Юдоёно Танд гүнээ талархаж байна.