Ардчиллын төлөө амиа золиослохоос буцахгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Ардчиллын төлөө амиа золиослохоос буцахгүй

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл: Ардчиллыг хамгаалахын төлөө мянга мянган гишүүд амиа золиослохоос ч буцахгүй гэдгийг сануулъя


Ардчилсан хувьсгалын 22 жилийн ойн баярын хуралдаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын баатар Эрдэнийн Бат-Үүлийн хэлсэн үгийг хүргэж байна.

Ардчилсан хувьсгалыг өөрт байгаа бүхнээрээ дэнчин тавьж зүрх зориг гаргаж хийсэн та бүхэнтэйгээ хамт “Ардчилсан хувьсгалын өдөр”-ийг тэмдэглэж байгаадаа сэтгэл ихэд хөдөлж байна. Та бүхэндээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлж мэндчилье.

1990 оноос өмнөх 300 жилийн турш манай улсын төр засаг, ард түмэн өөрсдийн гэсэн эрх, эрх чөлөө гээчийг мэдэрч чаддаггүй байсан. Монголчууд бидний хэрэг явдлыг Бээжингээс, бидний бүх үйл хэргийг Москвагаас хэрхэн шийддэг байсан тэр үеүдийг бид үргэлж санах хэрэгтэй. Үүнийг санаж явах, хойч үедээ сануулах үүрэгтэй эмгэнэлт түүхийн амьд алтан хуудсууд та бүхэн минь одоо ч гэсэн байсаар байна. Биднийг хэн удирдахыг Москвагаас шийддэг байсан, Нэгдсэн Үндэстний байгууллагын индэр дээрээс юу хэлэхийг Кремлийнхэн заадаг байсан, тэр битгий хэл Монгол төрийн сайд нар хаана хэзээ айлчлахыг хүртэл Москва зааварчилдаг байсан. Үүгээр зогсохгүй энгийн айл өрх, хувь хүний хэрхэн амьдрахыг тэндээс зааварладаг байлаа. Бидний амьдралыг нам засаг маань нэгд нэгэнгүй цагддаг байсан, бид хичнээн тооны мал маллахыг, ямар урттай өмд өмсөхийг, үсээ хэрхэн засуулахыг, юу ярьж хэлэхийг бүгдийг нь хэв журманд оруулж хянадаг байсан. Тэд арай л хөнжлийг минь сөхөж цагдаагүй юм л даа. Ийм л бурангуй ёсыг 1990 онд та бид нар халж хаясан. Тэр алтан үеэс хойш Монголчууд бид хэнээс ч асуухгүйгээр өөрсдийн төрийг байгуулдаг болсон. Ард түмнээсээ сонгогдсон төр нь хэнээс ч, хаанаас ч асуулгүйгээр өөрийн ард түмнийхээ төлөө бодлогоо хэрэгжүүлж, олон улсын тавцанд улсынхаа нэр төрийг гялалзуулж чадаж байна. Манай ард түмэнд ийм нандин эрх, эрх чөлөө сүүлийн 300 жилийн турш олдоогүй юм. Энэ эрхийг бид 1990 онд олж авсан. Ингэж ард түмнээ эрх чөлөөнд хүргэсэн “Баатрууд”  нь бол та бүгд юм. Дахин хэлье, хүний эрхээр амьдрах хувь заяаг 1990 онд та бүхний хүчээр л өөрчилсөн.

Өнөөдөр Монголын иргэд өөрсдийн хүссэнээрээ, дур зоргоороо амьдарч чадаж байна. Үүний тод жишээг Монголчууд бид бүхний, дэлхий нийтийн ололт амжилт, баяр бахдал болсон ардчилсан нийгмийг ямар ч айдас хүйдэсгүйгээр, хуурамч баатрын дүрд тоглон муулж байгаа зарим хүмүүсийн жишээнээс харж болно. Ардчиллын үнэт зүйл болох чөлөөт сонгуулийн ачаарУлсын Их Хуралд сонгогдсон төрийн нэгэн түшээ “Ардчиллын хорин жил бол хар дарсан зүүд шиг хорин жил байлаа” гэж тодоос тод хэлсэн байх юм. Түүнийг ингэж хэлдэг эрхтэй болгохын төлөө та бид юугаараа дэнчин тавьж тэмцэж байсныг мэдэх хэн боловч эрхэм гишүүний энэ үгэнд сэтгэл гонсойхгүй байхын аргагүй юм. 1999 онд Адуунчулууны нүүрсний уурхайг тухайн үеийн хэр баргийн аавын хүүд байгаагүй 800 сая төгрөгийг бэлнээр төлж худалдан авсан гэж аархаж байгаа түүнийх шиг хар дардаг бол би ч гэсэн хар дармаар санагдана. Мөн сүүлийн үед улс төрд нэр нь нэлээн сонсогдох болсон Германд боловсрол эзэмшсэн гэх залуу бичсэн номондоо “Би хүн төрөлхтний оюуны сор болсон бүтээлүүдийг 4 жил гэрээсээ гаралгүй уншсаны үр дүнд эрдэм мэдлэг олж ирлээ” гээд “Ардчиллын хорин жилийг увайгүй хорин жил” гэсэн нь ардчилал гэх үнэ цэнэтэй ололтыг та бид юугаараа дэнчин тавьж байж авчирсныг ойлгох ухаангүй гэдгээ баттай нотолж байна. Би эдгээр хүмүүсийг ингэж хэлэхэд нь үнэхээр гайхдаг юм. Эдгээр хүмүүс арай харь гаригаас ирээгүй байгаад аа гэж. Ийм эгдүү, зэвүү, жигшил төрмөөр зүйлүүдийг хэлж байна. Хэрэв тэд социализмын үед байсан бол тэр үед тэдэнд ингэж санаа бодлоо чөлөөтэй хэлэх эрх тэр үед байгаагүй юм.

Хэдийгээр өнөөдөр баярт үйл явдлыг тэмдэглэж байгаа ч би та бүхэнтэйгээ санаа зовж явдаг зүйлээ хуваалцаж хэлэх ёстой. Үнэхээр дээрх шиг эрх чөлөөндөө аархсан бүхнийг харж суухад өөрийн эрхгүй бид өөрсдийн юу бүтээж, юу цогцлоож, юу олж авч чадсан бэ гэдгээ эцэлт цуцалтгүй ярьж энэ нийгэмдээ, ойр дотныхондоо, найз нөхөддөө, хойч үедээ ойлгуулах ёстой юм байна гэж бодогддог юм. Хэрэв тэгэхгүй бол тэр эрх чөлөөндөө сагаж, сагсуурч, агсамнаж байгаа хүмүүс чинь залуу үеийнхнийг маань хордуулж мэдэх нь байна. Бид энэ л аюулаас сэргийлж ардчиллынхаа талаар өдөр болгон ярьж, сануулж байх ёстой.

Хамгийн харамсалтай бүр гайхмаар нэг зүйлийг дурдахад сүүлийн жилүүдэд коммунист үзэл босоод ирлээ. Үүний тод, аймшигтай жишээ бол өнгөрсөн намар өдөр тутмын хэвлэлээр гарсан “Эв хамт холбооны тунхаг” юм. Тэр тунхаг дээр бичихдээ, Ардчиллын төлөө тэмцэгч бүгдийг эх орноосоо урвагчид хэмээн цоллоод эргээд социализмаа байгуулъя, малчдын малыг, иргэдийн хөрөнгийг, бизнес,өмчийг нь булаан авч нийгэмчлэхээ зарлаж байна. Тэгж байж социализмаа байгуулж, алдаагаа засах юм гэнэ. Үүнийгээ улайм цайм тунхаглаж байгаа нь ардчиллын үзэл санаанд тулгарч буй аюул түгшүүр биш гэж үү. Хэрэв бид тэдний тунхагласнаар социализмын замаар замнах аваас өнөөгийн Хойд Солонгос шиг баларна гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл юм. Ийм байтал Ардчиллын төлөө бидэнтэй мөр зэрэгцэн тэмцэж явсан нөхдүүд маань өнөөдөр тусдаа нам байгуулж тусгаарлачихаад дээрхтэй адил түгшүүрт зүйлийг ярьж яваа нь эмгэнэл болж байна. Тэгэхдээ бүр “Үндэсний үзэл бол төрөө дээдлэх үзэл юм, Төрөө дээдлээгүйхэний ч болов өмчийг хурааж, эрхийг нь хязгаарлана” гэсэн том баримт бичиг гаргаж баталгаажуулж байна. Биднээр нам засгийг шүтүүлж яаж боолчилж байсныг мэдэхийн дээдээр мэддэг хэрнээ яалаа гэж ард түмнээ тийш нь гулгуулах гэж уриалаад байгаа юм бэ? Үнэнийг хэлэхэд өнөөдөр үзэл санааны хувьд коммунистууд эргээд босч ирж байна. Ялангуяа тэд 2012 оны сонгуулиар, болж өгвөл хүч хэрэглэн төрийн эрхийг гартаа авч дарангуйллаа тогтоохоо их нялуун үгээр илэрхийлж байгааг анхаарах нь зүйтэй. 1990 онд бидний олж авсан, дэлхий нийтээр шагшсан ололтыг үзэл санааны хувьд жадлан эсэргүүцэж олон түмнийг мунхруулахыг хичээж байна.

Гэхдээ би нэг зүйлд огт эргэлздэггүй. Эрх чөлөөгөө үнэлж чаддаг Монголчуудаас эрх чөлөөг нь салгах гэсэн энэ оролдлого бүтэшгүй юм. Эрх чөлөөний тал дээр Монголчууд бид торгон мэдрэмжтэй улс. Монголчууд ямар философитой вэ? гэсэн асуултанд би ганцхан үгээр маш амархан хариулж чаддаг юм. Энэ бол “Бусдын эрхээр жаргахаар,өөрийн эрхээр зов” гэдэг эрх чөлөөний гайхамшигтай үзэл. Та нар бол энэ үзэл санааг тээгч мянга мянган баатрууд юм, Тэр үзэл санааг хамгаалсныхаа төлөө баатрын тэмдгийг энгэртээ зүүсэн ардчиллын мянга мянган гишүүд юм. Тиймээс би ардчиллын өнөөх дайснуудад“Санасны гарз” гэж итгэлтэй хэлж чадна. Манай мянга мянган гишүүд ардчиллын үзэл санаагаа хамгаалахын төлөө амиа золиослохоос ч буцахгүй юм шүү гэдгийг сануулъя. 

Та нартаа дахин талархал илэрхийлье. Надад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын баатар” цолыг олгох үедээ нэг зүйлийг чухалчлан хэлж байсныг энд  дурдах хэрэгтэй. Ардчилсан Ерөнхийлөгч маань энэ тэмдгийг надад зүүж өгөхдөө “Бат-Үүлээ үүнийг би чамд өгөөгүй юм шүү. Харин Ардчилсан хувьсгалыг хийсэн, ардчилсан хувьсгалыг манлайлж байсан тэр мянга мянган гишүүддээ өгч байгаа юм. Уг нь болдог бол үүнийг мянга мянгаар нь хийгээд тэдэндээ тарааж өгмөөр байна. Даан ч тийм боломжгүй болхоор л чамд төлөөлүүлэн өгч байгаа юм шүү” гэдгээ сануулан хэлж байсан.

Та нар маань хойч үеийнхэндээ Бид түүх бүтээсэн юм шүү,  Бид эрх чөлөөт Монгол Улсыг бүтээсэн юм шүү дээ, энэ зоргоороо амьдарч байгаа малчныг чинь, энэ зоргоороо амьдарч байаа залуучуудыг чинь энэ иргэдийг чинь бий болгодог тэр нийгмийг байгуулахын төлөө тэмцсэн юм шүү гэж цээж дүүрэн бахархалтай хэлэх хувь зохиолын эзэд болсон  жинхэнэ баатрууд юм шүү.

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг: Ардчилсан хувьсгал үргэлжилсээр…
Ардчилсан намынхан түүний түүхийг бичилцсээр…

Xүйтэн дайн төгсгөл болсон ХХ зууны сүүлийн хагасаас эхлэн хүн төрөлхтөн Ардчилсан хувьсгалын гурван үе шатыг туулаад байна.

1. 1989 оноос эхлэн Польшийн Эв нэгдэл хөдөлгөөнөөр эхэлсэн Ардчилсан хувьсгал хуучин ЗХУ-ын дагуул улс байсан социалист системийн улсууд болох Зүүн Европ, Монголд ялсан байна.

2. 2003 оноос эхлэн Украйн, Гүрж, Киргизстан зэрэг улсуудад өрнөсөн Өнгөт хувьсгалуудыг Ардчилсан хувьсгалын хоёр дахь шатанд хамааруулж болох юм.

3. Энэ үе шатанд өнөөдөр ч үйл явц нь үргэлжилсээр байгаа “Арабын хавар”-ыг хамааруулж болох юм.

Энэ гурван шатны ардчилсан хувьсгалыг хийж чадсан улс орнууд өөр өөрсдийнхөө онцлогоор Ардчиллын сурах бичгийг баяжуулж байна. Ардчиллын сурах бичигт оруулсан Монголчуудын хувь нэмэр чухам юунд оршиж байв аа.

1989 онд Берлиний хана нуран унасны дараа Зүүн Европын орнуудад эхэлсэн ардчилсан хувьсгалын буухиаг Ази тивд зөвхөн Монгол Улс үргэлжлүүлж чадсан юм.  Тоталитар дэглэмийг эсэргүүцсэн Монголын ард түмэн Ардчилсан хувьсгалыг нэг ч буун дуу гаргалгүй, нэг ч хүний амь эрсдэлгүй, нэг ч цонх хагалалгүй тайван замаар хийж, болдгийг харуулж чадсан юм.

20 жил гэдэг улс үндэстний түүхийн хувьд байтугай тухайн хувь хүний амьдралын хувьд маш бага хугацаа. Жишээ нь, 20 жилийн дараа Хойд Солонгос улс Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалах болно гэвэл итгэх хүн бараг олдохгүй. Гэтэл энэ боломжтой зүйл гэдгийг Монголчууд, Монголын ардчилсан хувьсгалын түүх батлаад байна. Ардчилал гэдэг ийм л хүчтэй зүйл. Ардчилал тухайн улсыг бусдын нүдэнд сайхан харагдуулдаг. Ардчилал улс орны нэрийн хуудсыг, ID card-ийг өөрчилж чаддаг.

Бид 20 жилийн хугацаанд 4,4 жилээр Ардчилсан таван сонгуулийг амжилттай зохион байгуулсан. Хамгийн сонирхолтой нь Монголын ард түмэн Монголын нялх Ардчиллыг төрөл бүрээр туршсан сонголтыг энэ богинохон хугацаанд хийсэн юм. Бид хоёр ч удаа төрийн бүх эрх мэдэл улс төрийн нэг хүчнээс нөгөө хүчинд сонгуулийн үр дүнгээр, тайван замаар шилжихийг харсан. Нэг улс төрийн хүчин 90 хувийн санал авч бараг сөрөг хүчингүй байхын зовлонг амссан, аль ч нам сонгуулийн үр дүнгээр олонх болж чадалгүй, хүчээр Эвслийн Засгийн газар байгуулахын хэцүүг мэдэрсэн, улс үндэстнийхээ төлөө түүхэн шийдвэр гаргахын тулд олонх цөөнх хамтран өөрсдийн хүсэл эрмэлзлээрээ Их эвслийг байгуулж ажиллахыг одоо үзэж байна.

20-хон жилд Ардчилсан сонгуулийн байж болох бүх үр дүнг үзнэ гэдэг ховорхон завшаан. 20-хон жилд бусад улсуудын ардчиллын 200 жилийн түүхийг товчлоно гэдэг Холливуудын кино найруулагчид ч атаархмаар монтаж.
Монгол Улс нь ардчилал, хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн эдийн засгийг зарчмаа болгосон шинэ нийгмийг байгуулах 20 жилийн хугацаанд улс төрийн болон эдийн засгийн шинэтгэлийг нэгэн зэрэг явуулж үүгээрээ бүс нутгийнхаа бусад улс орнуудад үлгэр жишээ болж байна. Азийн ихэнх орнууд тухайн цаг үеийнхээ онцлог, түүх, уламжлалаасаа шалтгаалан эдийн засгаа либералчлахдаа улс төрийн хувьд нэлээн хатуу гараар удирдан явуулсан онцлогтой байдаг. Монголчууд бид хамгийн хүнд зам болох улс төр, эдийн засгийн шинэчлэлээ нэгэн зэрэг хамт явуулах замыг сонгон авсан. Өнөөдөр хамгийн чухал шийдвэрүүд Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын зөвшилцөөнөөр, Парламентэд суудалтай улс төрийн намуудын хоорондох зөвшилцөөнөөр гарч байна.  Энэ нь шийдвэр гаргагчдын хувьд үзэн ядмаар хэцүү зовлонтой ажил, гэхдээ Монголын Ардчиллын хувьд амь тариа, агаар ус нь болж байна.  

Ардчилсан хувьсгалын Монгол загвар Стан улсууд, Арабын улсуудад ч үлгэр жишээ болж байна. Киргизстаны парламентын төлөөлөгчид Монголд айлчилж бидний туршлагаас сонирхсон нь үүний нэг жишээ гэж хэлж болно.
 “Мориныхоо нуруунаас буулгүй дэлхийн талыг эзлэх амархаан. Харин мориноосоо буугаад төр улсаа төвхнүүлнэ гэдэг хэцүү” гэсэн Чингис хааны хэлсэн үгийг энд сануулахад илүүдэхгүй болов уу. Үнэхээр гартаа мод чулуу, зэвсэг бариад хувьсгал хийх харьцангуй амархан, харин гартаа хүрз зээтүү бариад шинэ амьдрал бүтээн бий болгоно гэдэг хамаагүй төвөгтэй.

Ардчиллын үнэт зүйлс, зарчим, хувь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийн нийгмийг бидний өдөр тутмын амьдралын хэм хэмжээ болгох, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргагчид тооцдог болох, иргэний нийгмийн институцууд бий болж нийгэмд өөрсдийн байр сууриа эзлэх процесс нь цаг хугацаа шаардсан удаан ажиллагаа юм. Энэ нь өөрөө Монголын ардчиллын 20 жилийн түүх билээ.

Бид ардчиллын 10 цагаан буянгаа хүртлээ. Чөлөөт сонгуулиа хугацаанд нь явуулж, эрх мэдлээ шилжүүлж чаддаг боллоо. Хувь хүний шийдвэрээс хамаардаггүй дархлаагаа суулгалаа. Хэвлэл мэдээллээр бие биенээ чөлөөтэй гөвдөг боллоо. Гудамж, талбайд жагсах эрхээ эдэллээ. МАН-ынхан 20-д жилийн өмнө Монголд Ардчилсан хувьсгал ялсан юмаа гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Ардчилсан хувьсгалын баяр ганцхан АН-ын баяр бус ард түмний нийтийн баяр боллоо.  Одоо эдийн засгийн хувьсгал хийж, ардчилсан хувьсгалын үр дүнг айл өрх болгонд оруулах тухай ярьж эхэллээ.

Тэгэхээр нэг асуулт урган гарч байгаа биз. Ардчилсан хувьсгал тэгвэл дууссан уу? Гэж.  

Дэлхийн эдийн засгийн судалгааны төвөөс дэлхийн улс орнуудын Ардчиллын индексийг хоёр жил тутам гаргадаг байна. Сонгуулийн процесс, олон ургалч үзэл, иргэний эрх чөлөө, төр засгийн үйл ажиллагаа, улс төрийн соёл болон оролцоо гэсэн  таван үндсэн хэсэгт хувааж, 60 төрлийн хэмжүүрээр шалгаруулдаг энэ хөндлөнгийн судалгаа хамгийн сүүлд өнгөрсөн жил буюу 2010 онд гарчээ. Бүх улс орнуудыг дөрвөн хэсэгт хувааж үздэг бөгөөд бүрэн ардчилсан full democracies, өө сэвтэй ардчилсан Flawed democracies, эрлийз дэглэмтэй, hybrid regimes дарангуйлагч дэглэмтэй authoritarian regimes гэж хуваадаг байна.  Дэлхийн 167 орноос Норвеги 9,80 оноогоор тэргүүлж, Хойд Солонгос 1,08 оноогоор сүүл мушгиж байна. Монгол Улс 6,36 оноогоор өө сэвтэй ардчилсан гэсэн дээрээсээ хоёрдахь ангилалд багтаж 64-р байранд оржээ.

Хэрвээ доорх дөрвөн  үзүүлэлтээр бага оноо авбал бусад үзүүлэлтийн онооноос хасч тооцдог байна. Үүнд:

Сонгууль чөлөөтэй, шударга явагддаг уу
Сонгогчдын аюулгүй байдал хангагдсан уу
Төр засагт гадны нөлөө байна уу
ТАХ-чид бодлогоо хэрэгжүүлэх чадвартай юу

Зөвхөн дээрх дөрвөн үзүүлэлтээс харахад 17-ний дараа, уул уурхайн үсрэнгүй хөгжил ба гадны сонирхол, манай төрийн албаны шинэчлэл гээд бодохоор бид ямар их зүйл хийх хэрэгтэй байгаа нь шууд харагдаж байна. Үндсэн хуулиа улс орныхоо хөгжлийн асуудалтай нийцүүлж шинэчлэн өөрчлөх, улс төрийн намуудыг 21-р зууны хөгжлийн шинэ шаардлагад нийцүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх, орон нутагт жинхэнэ эрх мэдэл, эдийн засгийн бололцоог олгох бодит шаардлага бий болоод байна. Хүний эрх, эрх чөлөөгөө тунхагласан, шинэ ардчилсан Үндсэн хуультай, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө эдэлсэн Монгол оронд Монгол хүн гэдгээрээ бид өнөөдөр нэгэнт бахархах болжээ. Би Монголд төрсөн юм гэдэг хүний эрх, эрх чөлөө ханхалсан улс төрийн энэ ололтоо, бид Монголд үйлдвэрлэв гэдэг эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн хөгжлийн шалгуураар баяжуулах цаг маань биднийг хүлээж байна.

Монголын ардчилал дөнгөж 20 гарсан цэл залуугаараа байна. Монгол Улсын хөгжлийн хөтөч нь Ардчилал юм. Харийн ардчиллын өөрийнх нь хөтөч нь Ардчилсан нам билээ. Та бидний хичээл зүтгэлээс, хийхээр төлөвлөсөн хөгжлийн бодлогоос ардчилал эрийн цээнд хүрэх эсэх нь, Монгол Улс маань бүрэн ардчилсан улсын ангилалд орж бусдыг манлайлах эсэх нь шууд шалтгаална.

Ардчилсан хувьсгал үргэлжилсээр… Ардчилсан намынхан түүний түүхийг бичилцсээр…

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат: Монгол орон авлигачдын биш, ардчилагчдын нуруун дээр хөгжих ёстой

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын Ардчилсан хувьсгалын ойн баярт зориулж хэлсэн үгийг хүргэж байна.

Эрх чөлөөт, туурга тусгаар Монголын ард иргэд ээ,

Эрхэм намын нөхөд, хүндэт зочид оо,

Монголын ард түмний эрх чөлөөний өдөр Ардчилсан Хувьсгалын ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжин орж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилгоо  хэрэгжүүлж  буй энэ цаг үед  ардчилсан хувьсгалын ойг бид хамтдаа тэмдэглэж байна.

Ардчиллын эхлэл тавигдсанаар Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн баталгаагаа бэхжүүлж дэлхий нийттэй нүүр бардам хөл нийлүүлж алхах болсон билээ.

Идэр есийн хүйтэнд эхлүүлсэн ардчилагчдын минь тэмцэл амар замаар амжилтад хүрээгүй гэдгийг эдүгээ хэн ч, хэзээ ч мартах учиргүй. Та бүхэн эх орон, эрх чөлөөнийхөө төлөө Ардчиллын хонхыг цохиж, идэр есийн жихүүн хүйтэнд жагсч, өлсч даарч байсан. Гэвч бидний зориг мохоогүй, бидний эрх чөлөө, шударга ёсонд итгэх итгэлийн гал мөхөөгүй. Бид бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөөгүй ээ. Тэр ч бүү хэл, бид бүр том зорилтын өмнө зогсч байна. Өнөөдөр Монгол Улсын нэрийг ардчиллаас ангид авч үзэх аргагүй юм. Тиймээс ч Ардчилсан Монгол Улс, Ардчилсан Ерөнхийлөгчтэй улс болж чадсан юм. Энэ намыг өнгөрсөн жилүүдэд өсгөн торниулж, үндэсний хэмжээний нам болгон төлөвшүүлэхэд хүч хөдөлмөр, итгэл үнэмшлээ зориулсан нийт гишүүд, дэмжигчид, иргэд та бүхэндээ намын удирдлагуудын нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. Сүүлийн хорин жилд улс орны хөгжлийг хөдөлгөх, машинаар бол хөдөлгүүр нь болж байсан Ардчилсан Нам л шинэтгэлийн бодлогыг санаачлан хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам анхнаасаа л шинэчлэгчдийн нам байсан. Цаашид ч тийм байх болно гэдэгт итгэлтэй байна. Улсын төсөв хөрөнгө хэдэн их наядаар нэмэгдээд, улс хөгжөөд байгаа гэгдэх ч ард түмэн ядуу байж болох уу?!. Ардчилсан нам үүнийг л өөрчлөхийн төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллахад бэлэн байна. Ардчилсан нам ард түмний үйлчлэгч нь байсан, байсаар ч байх болно.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт манай намд айлчлал хийх үеэрээ “Ардчилал гэдэг өөрөө дуусдаг үйл явц биш юм. Байнга үргэлжилдэг үйл явц. Ардчиллыг дандаа хайрлаж, хамгаалж, баяжуулж явах ёстой юм шүү” хэмээсэн билээ. Ардчиллыг хайрлаж хамгаалах, баяжуулах ажлыг үзэл бодолдоо тууштай хүмүүс л хийдэг. Тийм учраас Монгол орны ардчиллыг авч яваа хүмүүс та бидний жирийн иргэд, гишүүд юм шүү. Ардчилсан хувьсгалын ой бол Монгол оронд ардчилал, Монголын ард түмэнд эрх чөлөөг авчирсан бүх ард түмний баяр юм. Үүнийг түүчээлэн оролцсон Ардчилсан нам эрийн цээнд хүрсэн байна. Ардчилсан нам хаана, хэнтэй ярилцсан ч дарангуйлагчдын бус, авлигачдын бус ард түмнийхээ хэлээр ярьдаг гишүүдтэй нам гэдгээрээ бусдаас давуу юм. Ардчилсан нам хөгжлийнхөө шатанд төлөвшлийнхөө үед яваа, төлөвших ч ёстой. Ардчилсан нам энэ олон зуун гишүүд, дэмжигчдээрээ бахархах учиртай.

Өнөөдөр туг барьж тэмцдэг, овилгогүй, олон таван үгийг ярьж, хэт туйлширдаг цаг биш. Гоё үг  хэлж, хөхөө шиг донгоддог ч цаг биш. Ардчилсан нам эрийн цээнд хүрсэн эр хүн шиг амьдралыг үнэн мөнөөр харж, алдаа оноог засч залруулж, шинэчлэн, асар хурдтай ажиллах цаг үе!. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бид Ардчилсан Монгол Улсынхаа Үндсэн хуульдаа үнэнч байж, сонгуулиар ард түмнээсээ эрхээ авах хүсэл тэмүүлэл өндөр байгаагаа шууд илэрхийлэх ёстой.
“Монгол хүн 2020” хөтөлбөрийг боловсруулж гаргахаар Ардчилсан нам бүтэн жилийн хугацаанд бүх орон даяар тойрон ажиллалаа. Аль аймагт ямар бодлого хэрэгтэй юм бэ гэдгийг иргэдээр өөрсдөөр нь хэлэлцүүлж гаргаж ирэхээр шийдсэн билээ. Эх орныхоо өнцөг булан бүрт байгаа иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлэн санал санаачилгыг нь авч явахдаа бид улс орныхоо хөгжлийн ирээдүйг өөдрөгөөр харж байгаа хүмүүсийн Ардчилсан намд итгэх итгэлийг олж харсан төдийгүй асар их хариуцлага үүрүүлж байгааг соргогоор мэдэрсэн. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй" гэж ардын маань сайхан үг байдаг шүү дээ. Үүнийг амьдралд бодитоор харуулсан зүйл бол энэхүү хэлэлцүүлэг мөн. “Монгол хүн 2020” хөтөлбөр ард түмний мөрийн хөтөлбөр байх болно.

Монголын ард иргэдийн болон та бидний сор болсон олон эрдэмтэн судлаачид, улс төрчдийн хичээл зүтгэлийг шингээсэн энэхүү хөтөлбөр бэлэн болсноор эх оронд маань  хувь хүний эдийн засгийн эрх чөлөө бодитоор баталгаажин,  орон нутагт бүтээгдсэн баялаг эзэндээ шууд хүрэх боломж бүрэн нээгдэн, Монгол оронд эдийн засгийн цоо шинэ хувьсгал явагдана гэдэгт эргэлзэх учиргүй билээ. Бид иргэний эрх чөлөөний хувьсгалаа хийсэн. Тэгэхээр бидний дараагийн ажил улс орондоо эдийн засгийн хувьсгалыг хийх түүхэн үүрэгт ажил юм.

Эдийн засгийн хувьсгал гэдэг бол өнөөдрийн нийгэм, эдийн засгийн тогтолцоог хууль эрх зүйн хувьд өөрчилж, иргэд нь орон нутагтаа эзэн байх тухай ярьж буй хэрэг. Иргэд байгалийн баялгийнхаа эзэн нь болж, аж ахуйгаа өөрсдөө эрхэлж, захиран зарцуулдаг, түүнийхээ орлогоор өөрсдөө амьдардаг, өөрсдийнхөө төлөө хариуцлага хүлээдэг байх тухай юм. Үүнийг Ардчилсан нам хийж, хэрэгжүүлж чадна.

Сүүлийн жилүүдэд улс орон мөнгөтэй болж байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг бид хөлсөө гаргаж, хөдөлмөрлөж, баялаг үйлдвэрлэж олоогүй, зүгээр л газрын баялгаа зараад л олж байна. Хөдөлмөрлөхгүйгээр, хөдлөхгүйгээр хүний ажил, амьдрал урагшлах, хөгжлийн тухай ярих ямар ч боломж байхгүй. Нийгмийг бүхэлд нь бэлэн мөнгөөр тэжээдэг төр, засагтай байж болдог юм байна, цаашид ч ийм маягаар байж болох юм байна гэсэн гэнэн мөрөөдлөө ардаа орхих цаг нь болсон. Улс орон мөнгөтэй болох хэрээр төр нь бэлэн мөнгө тараагаад иргэд нь ажил хөдөлмөр хийх сонирхолгүй, бүр шаардлагагүй болно гэдэг нь өөрөө мөхөл. Хөдөлмөрлөх эрх, эдийн засгийн эрх чөлөө хоёр шууд хамааралтай үйл явц гэдгийг иргэн бүрт ухамсарлуулан ойлгуулах нь Ардчилсан намын үүрэг.

Эдийн засаг нь эрчимтэй хөгжсөн, баян чинээлэг иргэдтэй ирээдүйн Монгол Улсын тухай бид ярьж байна. Эдийн засгийн өсөлтийг яаж эрчимтэй хөгжил болгон хувиргах вэ гэдгийг манай нам эдийн засгийн хувьсгал хийснээр гаргаж ирнэ. Ирэх жилүүдэд уул уурхайн баялгийн үр шимээр эдийн засгийг зузаатгах их мөнгийг тэгшхэн хуваагаад идэх биш, эдийн засгийн бүхий л салбарыг зорилттой, гарцтай, хөрөнгө оруулалт болгоход чиглүүлэх ёстой. Эдийн засгийн шинэ бүтцийг бий болгох нь иргэнээсээ алслагдсан боловсрол, эрүүл мэндийн салбарын социалист тогтолцоог өөрчлөх, дэд бүтцээ сайжруулах, хот төлөвлөлтийн шинэ менежмент бий болгох зэрэг ухагдахуун мөн. Ийм эдийн засгийг зөв удирдаад аваад явах зөв засаглал, сайн менежменттэй төр, засгийг ард түмэн хүсч байна. Монголын эдийн засгийн өсөлт, хөгжлийн үр шимийг Монгол хүн бүрт хүргэх нь бидний эрхэм зорилго. Улс төрийн намын хүчирхэг бодлого төрийн бодлого болон хэрэгжиж, эдийн засгийн их өсөлт эцсийн үр дүндээ хүнийхээ төлөө, иргэнийхээ төлөө байдаг тийм нийгмийг байгуулахын төлөө Ардчилсан нам цуцалгүй ажиллах болно.

Ирээдүйн арван жилийн амьдралыг бид цоо шинээр харж байна. Өнөөдөр бид Засгийн газарт хамтарснаараа баялгаа ард түмэндээ эзэмшүүлэх түүхэн шийдвэр гаргаж чадсан. Анх иргэн бүрт гадаад паспорт өгье, малаа хувьчилъя, орон сууцаа хувьчилъя гэхэд ямар хол сонсогдож, ямар их эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Гэхдээ бид бүгдийг нь хийж чадсан. Харин өнөөдөр бид иргэн бүр баялгийнхаа эзэн болж амьдрах эх суурийг тавьж чадлаа. Үүнийг буй болгоход иргэдийнхээ төлөө үнэнчээр зүтгэсэн, ийм хариуцлагыг өөрсдөдөө үүрсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ гүн талархал илэрхийлье.

Ардчилсан нам бол үзэл бодолдоо нэгдсэн, энэ үзэл санааныхаа төлөө тууштай явсан, үндэсний хэмжээнд өөрийнхөө бүтцийг буй болгосон, үүний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй ийм хамт олонтой нам болж чадсан билээ. Бүх ахмадууд, бүх одоо үе, бүх залуучуудаа энэ үйлсэд хамруулах ёстой ийм нам юм шүү гэдгийг онцолж хэлэх нь зөв байх гэж бодож байна.

Монгол орон ардчиллын орон мөн. Монгол орны ардчиллыг баталгаажуулахын төлөө ардчилагчид бид л ажиллах ёстой. Монгол орон авлигачдын биш ардчилагчдын нуруун дээр хөгжих ёстой. Ардчиллыг нуруун дээрээ үүрч буй та бүгдээр бид бахархаж байна.

 Ардчиллыг дэмждэг, нийт шударга Монголчууд үүний төлөө бүгдээрээ ажиллаасай, бүгдээрээ Ардчилсан намдаа нэгдээрэй гэж уриалж байна.

2020 он гэхэд иргэдээ чинээлэг болгох, эдийн засгийн эрх чөлөөг олгон шударга ёсыг тогтоох та бидний хүсэн мөрөөдөж байгаа түүхэн тэр цаг үе ирнэ гэдэгт бид итгэлтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж