Нэг. Дэлхийд данстай монголын ардчилал
Ардчилагчид аа, Ардчиллын амин сүнс та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 22 жилийн ойн халуун мэндийг хүргэе.
Ардчиллыг тодорхойлж маш товчхон нэг л зүйлийг хэлье.
Эрх чөлөөний төлөөх хүн төрөлхтний баяр, нулимс, цус, хөлс холилдсон дуу хоолой Ардчиллыг төрүүлсэн юм. Тиймээс Ардчилал бол эрх чөлөөний илэрхийлэл. Харин Ардчилсан нам бол Монгол хүний эрх чөлөөний төлөө халуунд нь халж, хүйтэнд нь хөрсөн ч харах нүдээ цавчиагүй, халуун зүрхээ шархируулаагүй харуул нь юм. Тиймээс эрх чөлөөт 2 сая 700 мянган Монгол Хүн бүрт эрх чөлөөний харуулууд та бүхэндээ энэ өдрийн гал халуун мэндийг хүргэн мэндчилье.
Монгол орны Ардчилал эрийн цээнд хүрч эх дэлхийн олон улс гүрнээс эхний эгнээнд жагсаж байна. Алдаа оноо, баяр гуниг, дурсамж түүх олонтой, хийх бүтээх, хэлж учирлах өрнүүн их зорилготой өнөөдрийн манай Ардчилал Азид тэргүүн эгнээнд явж олон олон оронд үлгэр жишээ нь болж байна.
-Хэдхэн сарын өмнө Киргизийн Ерөнхийлөгч Монгол орон шиг Ардчиллыг бүтээхийг хүсэж байгаагаа дэлхийн сонорт илэрхийлжээ.
-Хэдхэн долоо хоногын өмнө Минмар улсын Ардчиллын төлөө зүтгэж буй зоригт бүсгүй Монгол орны ардчилалын жишээг дурдаж дэлхийн хэвлэлд ярилцлага өгчээ.
Манай орны Ардчилал өөрийн орноос хэдийнээ хальж дэлхийн бусад улсад эрх чөлөөний халуун жишээ болж байгаад бид баяртай байна. Тиймээс Ардчиллын сонгодог загварыг эх орныхоо хөрсөнд тарьсан алтан үеийнхэн, 1989 оны өвөл жагсаал хийж байсан найз нөхөд, хамгийн гол нь түүнийг сэтгэлээрээ дэмжиж байсан Монголынхоо мянга мянга иргэдэд талархал илэрхийлье.
Эрх чөлөөний шимийг хүртэж буй залуу үеийнхэн, манайхаас суралцаж байгаа дэлхийн бусад орны иргэдийн өмнөөс энэ танхимд цугларсан та бүхэнд талархалаа ирэлхийлье.
Эртний Грект дайнд орох эсэхээ ард иргэд бүр хар цагаан өнгийн чулуугаар ялган саналаа өгч эхэлсэн Ардчилал өнөөдөр хүн төрлөхтний хөгжлийн түлхүүр, оюуны баялаг, нийгмийн хамгийн чухал үнэт зүйл болжээ. Ингэж хөгжих хүртлээ Ардчилал тийм ч амар замыг туулсангүй.
Эзэн ноёны хэмжээгүй эрхт дарлал, эмэгтэйчүүдийн эрхийг аймшигтайгаар зөрчих дарамтлал, үндэс угсаагаар ялгаварлах Фашист хядлага, үзэл бодлоор цаазлах коммунист халдлага гээд тоолж баршгүй харууслыг туулсан.
Тэр бүхний цаана Ардчиллын, Эрх чөлөөний төлөөх тэмцлийн дуу байсан юм. Энэ тэмцлийн дуу дэлхий нийтээр тархахдаа 1775 онд Францад “Хүний эрхийн тунхаг” болж, 1776 онд “Үндэсний баялаг” зохиол болж, 1948 онд “Хүний эрхийн конвенц” болж эгшиглэсэн.
Харин Монгол оронд маань 1989 оны жавар тачигнах хүйтнээр эхэлсэн эрх чөлөөний төлөөх дуу 1992 оны 1 сарын 13-нд Үндсэн хууль болж Хонхны дуутай хамт эгшиглэсэн юмаа.
Хоёр. Ардчилалаа баталгаажуулах бидний зүтгэл
Харин одоо энэхүү ололтоо хэрхэн баталгаажуулж байгаагаа нэгтгэн дүгнэе. Олон улсын байгууллагын судалгаанаас харахад Ардчилсан улсын хөгжлийн зөв голдирол нь тодорхой гурван үзүүлэлтээр шууд харагдаж байна. Энэ нь
Ардчилсан нийгмийн гол үзүүлэлт тулгын гурван чулуу юм.
Үүнд :
- Ардчиллын үзүүлэлт
- Хүний хөгжлийн үзүүлэлт
- Эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлт
Ардчиллын үзүүлэлтийн хувьд манай орон Дэлхийн 167 орноос 64-р байранд явж байна. Энэ нь хорьхон жилийн түүхтэй Ардчилсан орны хувьд түүхэнд байгаагүй “TOP” үзүүлэлт юм. Үүнээс хийх дүгнэлт нь бид нийгэм, улс төрийн шинэчлэлээрээ үсрэнгүй хөгжилд хүрч чадсан юм. Энэ бол яах аргагүй хувьсгал. Тиймээс энэ хувьсгалыг хамтдаа хийж чадсан Ардчиллагчид та бүхэндээ баяр хүргэе.
Улс орон хөгжинө гэдэг улс төрийн шинэчлэл хийснээр бүрэн дуусдаггүй ажээ.
Дараагын чухал алхам нь Хүний хөгжлийн үзүүлэлт юм. Тэгвэл энэ үзүүлэлтээр өнөөдөр бид хаана явна вэ? Хариулт нь дэлхийн 165 орноос сүүл мушгиж байна. Орлогын хомсдол нүүрлэж, хорт хавдар үр хүүхэдрүү маань хүртэл өндийж, чанаргүй боловсролын 100 дугаар байрт жагсах гээд эдгээр асуудлууд ардчилагчид бидний нүдэнд хүндхэн харагдаж байна. Энэ бол бидний зайлшгүй засаж залруулах, хийж өөрчлөх шаардлагатай ажил юм.
Мөн дараагийн нэгэн чухал алхам бол Эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлт. Манай орон энэ үзүүлэлтээр 179 орноос 94-р байранд байна. Энэ бол үнэхээр чамлалттай дүн юм. Орлого муутай, ходоод өлсгөлөн, өдөр өдрийн бор хоногийг дааж ядан өнгөрүүлж буй Монгол айлууд нэмэгдсээр байна.
Тиймээс галаа асаах ёстой тулгын маань гурван чулууны хоёр нь болох Эдийн засгийн эрх чөлөө, Монгол хүн хоёроо хөгжүүлж чадвал энэ л тулгын суурь дээр Эрх чөлөөтэй, Эрдэм боловсролтой, Эрүүл чийрэг, Ажилттай орлоготой, Аюулгүй орчинтой дэлхийн энэтэй Монгол хүнийг бий болгоноо. Үүний тулд Монгол хүнийг Дэлхийн энд хүргэх “Монгол Хүн 2020” хөтөлбөр, чинээлэг нийгмийг цогцлоох “Эдийн засгийн хувьсгал”-ын шанг татлаа.
Үүнийгээ бид Социалист лоозон мэт улаан дэвсгэр дээр цагаан будаг нялаад өндөр барилгын гадаа өлгөөд орхисонгүй. Харин ажил хэрэг болгож Ардчилын тугаа намируулж эх орноо 28500 км туулан 21 аймаг 9-н дүүрэгт очиж Монгол Хүн бүрийн тулгарсан бэрхшээл, бодлогын асуудлыг судлан, эх орноо нар зөв бүсэлсэн хэлэлцүүлгийг өрнүүллээ. Энэ нь Монгол орны түүхэнд байгаагүй иргэн бүрийн чөлөөт индэр болж, эрх чөлөөт Монгол Хүн өөрийн бэрхшээл, хэтийн хөгжлийн төлөө ам уралдуулан хэлэлцсэн халуун өдрүүд байсан бөгөөд үргэлжилсээр байна. Монгол Хүн хэлэлцүүлгийг Ардчилсан намын залуучууд, эмэгтэйчүүд хамтаар дэмжин “Монгол залуу хүн 2020” “Монгол эмэгтэй 2020” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Гурав. Хүний хөгжлөөр дэмжигдэж эдийн засгийн эрх чөлөөгөөр баталгаажих монголын ардчилал
Ямар ч улсын хөгжлийн хандлагыг тодорхойлогч энэ гурван үзүүлэлт нь хоорондоо хүйн холбоотой юм. Ардчилал өөрөө бэхжье гэвэл Эрх чөлөөг хамгаалах учиртай. Иргэн хүний эрх чөлөөг хамгаалах хамгийн чухал гарц бол Эдийн засгийн тогтвортой хөгжингүй байдал. Олсон орлого нь хүрэлцээтэй Монгол хүн эрдэм мэдлэгт шамдаж, эрүүл мэндээ анхаарч, эрх чөлөөгөө хамгаалж, бусдын эрхийг хүндэлнэ. Монгол Хүн эрх чөлөөний төлөө тэмцэнэ гэдэг Ардчиллын зорилго юм. Тэр л эрх чөлөөт Монгол хүний зүрхэнд ирээдүйн хөгжингүй Монгол улс өөрөө багтаж буй юм.
Энэ эрх чөлөөний харуул болсон Ардчилсан нам өнөөдөр Эрийн цээнд хүрч, Дэлхийн хэмжээний улс төрийн тулгатай хүчин болж төлөвшжээ. Үүнийг Дэлхийн Ардчиллын холбоо түүний гишүүн орнууд хүлээн зөвшөөрч Ардчилсан намыг ажиглагч гишүүнээс жинхэнэ гишүүн болгож бүртгэсэн явдал нь Ардчиллын дэнс хэмжиж буй хамгийн чухал үзүүлэлт юм.
Энэ бол бидний баяр гуниг, хөлс хүчээ шавхан 22 жил цуцалтгүй тэмцсэн хамтын хөдөлмөрийн маань үр дүн юмаа. Энэ үр дүнгийн илэрхийлэл бол Монгол оронд түүхэндээ анх удаа нэг өдөр, нэг цагт, нэг дүүргийн нэг намд нэг шинэ нам байгуулах хэмжээний эрх чөлөөг эрхэмлэгч 805 залуу АН-д шинээр элсэн орсон билээ.
Тиймээс 22 жилийн өмнө хамтдаа эхлүүлсэн агуу их үйл хэргээ алхам тутамдаа хамтын ололт амжилт, хамтын хичээл зүтгэлээр баталгаажуулан бэхжүүлж байгаа Ардчилагч та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 22 жилийн ойн халуун мэндийг дахин дахин дэвшүүлье.