Хөрөнгө оруулалтын чухал гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын чухал гэрээ байгуулав

Кувейт Улсад албан ёсоор айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ тус улсын Хөрөнгө оруулалтын газрын захирал Бадер Мохаммед Аль-Саадыг хүлээн авч уулзлаа. Кувейтын хөрөнгө оруулалтын газар нь ашгийн төлөө дэлхийн хамгийн том бие даасан сангуудын нэг юм. 225 тэрбум ам.долларын хөрөнгийн сантай тус газар Германы Даймлер компани, АНУ-ын Мерилл Линч,  Английн Би Пи, Иорданы Жордан фостэйт майнз, АНУ-ын Сити банк зэрэг компаниудад хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшиж байна. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ”Монгол Улс  Кувейтын хөрөнгө оруулалтын газартай түншлэлийн хэлбэрээр харилцан ашигтай ажиллах нь зүйтэй юм. Монгол Улс, хөгжлийн дунд хугацааны стратегийн хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр  төлөвлөж байгаа энэ цаг үед та бүхэнтэй  хамтран ажиллах  сонирхолтой байна” гэлээ.

Ноён Бадер Мохаммед Аль-Саад Кувейтын зүгээс монголд хөрөнгө оруулах сонирхол улам бүр нэмэгдэж байгааг илэрхийлээд ялангуяа дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар судалж байна гэв.

“Кувейтын хөрөнгө оруулалтын газар нь улсынхаа газрын тосны орлогыг зөв захиран зарцуулж, найдвартай урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, орлого хуримтлуулах үүрэгтэй байгууллага юм. Сүүлийн жилүүдэд манай газар Ази, Африк, Латин Америкт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Хэдийгээр газар нутгийн хувьд хол ч бидэнд адил төстэй зүйл бий. Манай агентлагийн зүгээс Монгол Улстай хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах бүх боломжийг судалж ажил хэрэг болгоход бэлэн байна” гэж тэрээр хэллээ.

“Кувейтын хөрөнгө оруулалтын газар бусад улс оронтой хамтран ажиллахдаа зөвхөн үйл ажиллагаа нь олон улсын стандартын дагуу байхыг үндсэн шаардлага болгодог. бас тухайн улс орны төр засгийн үйл ажиллагаа ил тод байх ёстой. Үүнээс өөр шаардлага, хориг бидэнд байхгүй. Гадны хөрөнгө оруулагчид, манай хөрөнгө оруулагчид адилхан харилцан ашигтай, сэтгэл хангалуун хамтран ажиллах нөхцөлийг бид бүрдүүлэхийг чармайж байна” гэж ноён Бадер Мохаммед Аль-Саад ярив.

Монголын зүгээс хэд хэдэн төсөлд хамтран ажиллах хүсэлтийг хүлээн аваад байгаа аж. Тэдгээрийн дотроос шингэн түлш боловсруулах технологийг нэвтрүүлэх төсөлд анхаарлаа хандуулан ажиллаж буй юм байна.

Мөн энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кувейтын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын  дэд дарга Халид Абдулла Аль-Сагарыг хүлээн авч уулзан, хоёр орны эдийн засгийн харилцааг сайжруулахад хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх талаар санал солилцов.

“Кувейтын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид монголыг  сонирхож байгаа боловч бидэнд судалгаа, мэдээлэл дутмаг байна. Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, шинэ технологийн чиглэлээр хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй” гэж ноён Халид Абдулла Аль-Сагар ярилаа.

Ерөнхийлөгч, хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хувийн хэвшлийнхний түншлэл чухал болохыг дурьдаад, энэхүү түншлэлийг идэвхжүүлэхэд чухал үр нөлөө өгөхүйц хэд хэдэн саналыг тавив.

Уулзалтын үр дүнд ойрын хугацаанд хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийн харилцан айлчлал, ирэх жил Эль Кувейт хотноо   хоёр

Мөн энэ үеэр хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үр нөлөө өгөхүйц баримт бичиг болох Монгол Улсын Хөгжлийн банк, Кувейтын хөрөнгө оруулалтын газар хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичигт Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа, Кувейтын хөрөнгө оруулалтын газрын захирал  Бадер Мохаммед Аль-Саад нар гарын үсэг зурав. 

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж