Ямар үйлдэл хийхийг урьдчилан мэдэж болно

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Ямар үйлдэл хийхийг урьдчилан мэдэж болно

Тархины идэвхжилийг эрдэмтэд судалсны дүнд тухайн хүний юу хийх гэж байгааг урьдчилан мэдэж чаддаг болжээ. Ингэснээр эмч, тагнуулын алба, цагдаа нарын өнө эртний мөрөөдөл биелжээ.

"Одоохондоо хүний юу хийх гэж байгааг хэдэн минутын өмнөөс мэдэж болно. Алсдаа хүний бодлыг уншдаг энэхүү бүтээл улам боловсронгуй болно гэдэгт найдаж байна" хэмээн Английн нэгэн сэтгүүлд бичсэн бол эрдэмтэд "Гэмт хэрэгтнүүд буудалцааны үеэр юу төлөвлөж буйг цагдаа нар мэдэж авах нь тун чухал юм" гэж ярьжээ.

"Энэ бол хүний тархи яаж ажилладгийг, үйлдлүүдээ хэрхэн төлөвлөдгийг ойлгоход маш том алхам болсон" гэж Баруун Онтариогийн Их сургуулийн шилдэг эрдэмтдийн нэг Жейсон Галливан ярьсан байна.

Эрдэмтэд судалгаа хийх явцдаа сайн дураараа туршилтад оролцсон хүмүүсээр ямар нэгэн биетийн дээр болон дороос барих, эсвэл түүнд хүрэх гэсэн энгийн гурван үйлдлийн аль нэгийг нь хийлгэж тархины үйл ажиллагааг нь бичиж авчээ. Тэд тархины янз бүрийн хэсгээс өгч байгаа дохиог судалсны үндсэн дээр туршилтад оролцогсдын хийхээр завдаж буй үйлдлийг өндөр нарийвчлалтайгаар урьдчилан тогтоосон байна. "Нейро-дүрслэл нь хийх гэж байгаа үйлдлүүдийг тархины янз бүрийн хэсэгт хэрхэн төлөвлөж байгааг харах боломж олгож байгаа юм. Гэхдээ электродыг тархинд суулгахгүйгээр" хэмээн төсөл дээр ажилласан эрдэмтэн Жоди Кулхам ярьжээ.

Цэрэг, цагдаагийнхнаас гадна эрдэмтэд шинэ бүтээлээр анагаах ухааны ирээдүйг урьдчилан хэлэх боломжтой болох гэнэ. "Хэрвээ бид тархины дохионы тусламжтайгаар хүний хүслийг урьдчилан мэдэж чаддаг бол хиймэл эрхтний тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, түүний дотор тархи нугасны гэмтэлтэй хүмүүсийн үе мөчний хөдөлгөөнийг залуурдах боломжтой болно" гэж Галливан тэмдэглэн хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж